Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 099

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ, 

Хохирогч М.Гантөмөр,

Шүүгдэгч Г.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сумъяабазарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201605000101 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-3, эцэг, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЗ94111934 регистрийн дугаартай, Жаа овогт Гантөмөрийн Сумъяабазар,

Шүүгдэгч Г.Сумъяабазар нь шатах тослох материалыг буцалгаснаар гал гарч болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад хайхрамжгүйгээр хандаж, болгоомжгүйгээр 2016 оны 04 дүгээр 17-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар багийн 2-13 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ тээврийн хэрэгслийн мотороос гарган авсан маслотой холилдсон тосолыг ууршуулах зорилгоор гал дээр тавьж буцалган, шатах тослох материалтай буруу харьцсаны улмаас гал гарч гэр шатсаны улмаас гэрт байсан иргэн Р.Чулуунцэцэг, Г.Оюунцэцэг, Г.Нандин-Эрдэнэ нарын амь нас хохирсон, яллагдагч Г.Сумъяабазар нь бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогдожээ.                                 

                /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :      

Хохирогч М.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэрэг явдал боллоо гэдгийг Бат-Өлзий очиж хэлээд түүнтэй хамт сумын төвд ирсэн. Гэртээ иртэл гэр шатаад дотор нь байсан эхнэр, хүүхдүүд маань гэртэйгээ шатаж амь насаа алдсан байна. Надад үнэхээр хүнд туслаа. Миний хувьд талийгаач эхнэр, хүүхдүүтэйгээ харьцаа сайн байсан. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. Би шинжээчийн дүгнэлтүүд болон гал түймэр гарсан тухай акттай танилцлаа. Эдгээртэй холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. Надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. Энэ хэргийг хурдан түргэн шийдэж, хааж өгнө үү гэж хүсэх байна. Манай хүү Сумъяабазар болон тухайн үед байсан Гантулга нар ярихдаа Сумъяабазарыг үүдрүү буцалгаж байсан маслоо аваад гарах гэтэл нь урдаас нь гал гарсан гэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

Түүний шүүх хуралдаан өгсөн: гэх мэдүүлэг

Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: Сумъяабазар халааж байсан түмпэнтэй маслоо аваад гэрээс гарахаар хаалга онгойлоод цааш тонгойх шиг болсон, тэгтэл түүний урдаас гал авалцсан. Сумъяабазар түмпэнтэй маслоо авч шидчихээд буцаж гэрт орж ирээд бетоноос шанагаар ус аваад цацсан. Гал нь унтрахгүй урдаас нь гал тургиж байгаа юм шиг пүр гээд их гал асаж төөнөсөн. Талийгаач гурав галнаас дөлөөд хоймороодоо явцгаасан. Би тэдэнд гарцгаая гэж хэлээд гадна талаараа өмсөж байсан хүрмээрээ толгойгоо нөмрөөд гэрээс гарсан. Гэрээс гараад хүрмээ тайлж шидсэн. Удалгүй араас Сумъяабазар гарч ирсэн. Би Гантөмөр ахын зүүн талын хамар хашааны айл Баярхүү ахыг дуудсан. Баярхүү ах төд удалгүй орж ирээд гэрийн амбаарын завсраар гарч байгаа галыг дээлээрээ цохиод байсан. Гэр хоромхон хугацаанд шатаж дууссан, гэрээс талийгаач 3 гарч ирж чадаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-20/,

Гэрч С.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би өглөө босчихоод гэрийнхэнтэйгээ байж байтал гадаа Баярхүү ахаа гэж хүн орилж дуудах шиг болсон. Гэрээс гараад хартал улаан гал дээшээ дүрэлзэж, Гантөмөр ахын гэр шатаж байгаа харагдсан. Тэгэхээр нь юу болов гээд гал гарч байгаа газарлуу гүйгээд очсон. Гэртэй залгаа амбаарын хаалгыг хаасан, тэгтэл амбаар дотор юм тэсрэх мэт болоод намайг түлхэх шиг болоод би газар унасан. Газраасаа босоод амбаарыг нь түлхэх гэсэн хөдөлгөж чадаагүй. Тэгээд амбаарын хаалгаар гараа оруулаад тэмтрээд үзтэл гарт хүний гар баригдсан. Тэгээд таттал Гантөмөр ахын хүүхэд Сумъяабазар байсан. Сумъяабазарын толгойн хэсэг шатчихсан, цагаан нүүртэй гарч ирсэн. Би түүнийг жаахан холдуулж тавьчихаад гэрийн араар тойроод гэрийн хошлонг тасдаад цагаан бүрээсийг ураад туургыг нь сугалсан. Тэр үед урдаас халуун гал тургисан. Тэрхэн зуурт утаанд ухаан балартаад унасан байсан. Нэг сэргэтэл гэр бүрэн шатаад доош унасан байсан. ...Намайг гүйгэд очиход гэр дотор хүмүүс орилох чимээ сонсогдоогүй. Би гэрийн гаднаас гэрт хүмүүс байвал юм нөмрөөд хурдан гүйж гараарай гэж орилсон, хэн ч чимээ өгөөгүй. Гантулга гэрээс гарч ирсэн бололтой дээлийнхээ ар шатсан, шороон дээр өнхөрч байгаа харагдсан. Гал хоромхон хугацаанд дүрэлзэж асаад гэр шатаж дууссан гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,

Гэрч Ч.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд хашаан дотроо тосгууртай хогоо хаяхаар алхаж байхад хажуу айлын хүн Наран цаана чинь гал гарч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь гал дээш оргиж байсан. Тэгээд гүйгээд очтол гэр шатаад дуусч байсан. Хүмүүс орилолдоод 3 хүн дотроо шатчихлаа гээд орилоод байсан. Гантөмөрийн нэг хүүхдийг Баярхүү гараас нь татаж гаргасан гэсэн. Тэр хүүхэд аймгийн төврүү явсан. Сумъяабазарын түлэгдэлтийг эмнэлэг дээр аваачиж цэгцлэлт хийгээд Баянхонгор аймгийн төврүү их эмч Урангоо авч явсан. Сумъяабазарын нүүр, чих толгойны арын хэсэг, 2 гар бугалганаасаа урагш түлэгдсэн, Гантулга гэх залуу дух болон нэг талынхаа чихний орчимд хөнгөн зэргийн түлэгдэлтэй байсан. Хүмүүсийн яриагаар түмпэнд масло хийчихсэн түүн дотор холилдсон тосолыг ширгээж байгаад түүнийгээ гадагш авч гарахдаа л нэг юм болсон гэж яриад байгаа, яг ямар шалтгааны улмаас гал түймэр яагаад гарсаныг мэдэхгүй л байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Шүүгдэгч Г.Сумъяабазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. 43-12 БНХ улсын дугаартай ээжийн машины ус, масло нь холилдсон, тэгэхээр нь ээжийнхээ машины моторын дээд ангийг нь задалж маслыг нь түмпэнд тосож авсан. Масло нь тосолтойгоо холилдсон байсан. Би ээжид шинэ масло авч хийх үү гэтэл яах юм хүнээс асуулаа маслоо гал дээр тавихаар ус, тосол нь ширгэчихдэг гэнэ гэж надад ярьсан. Маслоо урд өдөр нь шинээр хийсэн байсан. 5 литр маслыг 22.500 төгрөгөөр худалдаж аваад хийсэн байсан, тэгээд машин асаах гэтэл ус, масло нь холилдсон байсан. Талийгаач ээжид маслыг нь халаагаад тосолыг нь ширгээчихдэг гэж хэн хэлсэнийг мэдэхгүй байна. Ээж хэн нэгнээс сонссон юм билээ. Машинаас гойжуулж түмпэнд авсан маслоо гэрийнхээ зуухан дээр тавьж халаасан. Түмпэнтэй масло халаад ирсэн хар утаа бага шиг гараад буцалж эхэлсэн, масло саарал өнгөтэй байснаа халаад буцлаад ирсэн хар өнгөтэй болж хувирсан. Тэгтэл талийгаач болсон байх гаргачих, гадаа хөргөж байгаад үзье гэхээр нь би зуухан дээрээс аваад өмнөө бариад хаалгаар түмпэнтэй маслоо гаргатал урдаас пир гээд гал авалцаад миний нүүрийг түлсэн. Тэгэхээр нь урагш шидсэн үүдний амбаарт унасан, тэгээд гал тархаж эхэлсэн. Би шанагатай ус цацсан, би ээжээ гэж орилсоноо санаад байгаа юм тэгээд юу болсоныг мэдэхээ больсон гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 24 тоот акт “1. Д.Чулуунцэцэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх бие шатаж нүүрсжсэн тул гэмтэл тогтоогдох боломжгүй, 2. Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас нас байна” гэх дүгнэлт /хх-ийн 37-39/,

Мөн хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 25 тоот акт “1. Г.Оюунцэцэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх бие шатаж нүүрсжсэн булчин махнууд ил гарсан, зүүн шилбэний яс  шатаж хугарсан, зүүн тавхайн хэсэг шатаж тасарч унаж алга болсон, зүүн хавирганууд шатаж хугарсан, зүүн уушги, өрц, дэлүүний булан шатаж харласан бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтлүүд нь өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна. 4. Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас нас барсан байна” гэх дүгнэлт. /хх-ийн 43-45/,

Мөн хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 26 тоот акт “1.Г.Нандин-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх бие шатаж нүүрсжсэн булчин махнууд ил гарсан, баруун бугалганы яс шатаж хугарсан бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтлүүд нь өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна. 4. Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас нас барсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 10/

-цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 51-60/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3607 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-65/

-Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 04 дугаар акт /хх-ийн 66-67/

-Жинст сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81/

-Г.Сумъяабазарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/

-Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 87-88/

-Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт,

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 332 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Г.Сумъяабазар нь 2016 оны 04 дүгээр 17-ны өдрийн 10 цагын үед Баянхонгор аймгийн Жинст сумын 5-2-13 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ тээврийн хэрэгслийн мотороос гарган авсан маслотой холилдсон тосолыг ууршуулах зорилгоор гал дээр тавьж буцалган, шатах тослох материалтай буруу харьцаж гал гарч гэр шатсаны улмаас гэрт байсан иргэн Р.Чулуунцэцэг, Г.Оюунцэцэг, Г.Нандин-Эрдэнэ нарын амь насыг хохироож, бусдыг болгоомжгүй алсан болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Сумъяабазарыг бусдыг болгоомжгүй алсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.      

Шүүгдэгч Г.Сумъяабазарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн санал гомдолгүй, миний хүүхдийн хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Сумъяабазар нь төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн масло хийж буцалгасан гэх 1 ширхэг түмпэнг устгаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Жаа овогт Гантөмөрийн Сумъяабазарыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сумъяабазарыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сумъяабазарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сумъяабазарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Г.Сумъяабазарт хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн масло хийж буцалгасан гэх 1 ширхэг түмпэнг устгасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.Сумъяабазар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Г.Сумъяабазарт хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Сумъяабазарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ