Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00095

 

Д.Оын нэхэмжлэлтэй,

хариуцагч 5 дугаар сургуульд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Т.Ганбат, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2018/00383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.Оын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 5 дугаар сургуульд холбогдох,

Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хэрэгжүүлж ажилд эгүүлэн тогтоож ажиллуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.О миний бие 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж анх нэхэмжилсэн цалин хөлс 1.258.560 төгрөг, нэмэгдүүлсэн хөлс 623.778 төгрөгийг нэхэмжилсэн шаардлага гаргасан байсан. Энэ хэргийг шийдвэрлэх явцад 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас дуудаж 2017 оны 11 дүгээр сарын 24 нд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан тухай, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б/32 тоот тушаалаар ажлаас халсан тухай тушаалуудыг надад танилцуулсан.

Мөн шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хурлын дараа хариуцагч дээрх тушаалыг гарган өгсөн байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хэрэгжүүлж ажилд эгүүлэн тогтоож ажиллуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна

...2017 оны 11 сарын 24-ний өдөр ажилд авсан тухай Б/27 тоот тушаал гаргасан атлаа ажиллуулаагүй байж байгаад 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаал буюу ажлаас халсан тушаал гаргасан учир уг тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар сургуулийн аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захирал надад чамайг ажилд аваагүй, зөвхөн ажилгүй байсан хугацааны чинь олговорыг олгохын тулд тушаал гаргасан гэж хэлсэн... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус сургуулийн аж ахуйн нярав Д.Оын ажлыг Ц.Сувдмаад хүлээлцэх үед тооллогын баримтаар хөрөнгө дутагдсан. Тухайн үед Д.О зарим нэг хөрөнгийг хүмүүст түр ашиглуулж байгаа тиймээс авчруулж гүйцээнэ, мөн тусгай зориулалтын зарим хөрөнгүүд эвдэрч байхгүй болсон тул актлах шаардлагатай байгаа гэсэн учраас хэсэг хугацаанд хүлээж байсан. 16 дугаар сургуулийн хөрөнгө салгахад тооллогоор дутсан хөрөнгүүд дутсан хэвээрээ байсан учраас 16 дугаар сургуулиас жилийн эцсийн тайлан тооцоо гаргахаас өмнө дутагдалтай байгаа хөрөнгөө шийдвэрлэж өгнө үү гэж албан бичиг ирүүлсэн.

Үүний дагуу Д.Оыг дуудаж уулзаад очиж асуудлаа шийдэж ир гээд хэд хэдэн удаа хэлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирал Оыг дуудуулж уулзаад 16 дугаар сургуулийн дутагдсан хөрөнгөө шийдээд ир, тэгэхгүй бол хөрөнгө дутааж ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халах хэмжээнд хүрээд байна, ийм үндэслэлээр ажлаас халагдвал цаашид дахин төрийн албанд орох, санхүүгийн ажил эрхлэхэд чамд саад болдог учиртай гэсэн боловч, тийм юм байхгүй, би хөрөнгө идээгүй, шийддэг журмаараа шийд гэсэн. Тэгээд буцаж ирэхгүй болохоор нь утсаар ярьтал надад хамаагүй шийддэг газраар нь шийдүүл гэж хэлсэн тул 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Оыг ажлаас халах тушаал гаргасан. Дутагдсан хөрөнгүүдийн талаар Д.От нэг бүрчлэн танилцуулж байж гарын үсэг зуруулсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2018/00383 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Оыг Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- давж заалдсан гомдолдоо:

Д.О нь Орхон цогцолборын 16-р сургуульд 2012 оны 10 сарын 01-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар аж ахуйн няраваар томилогдон ажилласан. 2017 оны 03 сарын 24-нөөс 5 дугаар сургуулийн аж ахуйн няравын өрөөг түр хүлээн авч 04 дүгээр сард Солонгосын виз гарах хүртэл ажиллахаар тохиролцон ажилласан нь үнэн боловч 16 дугаар сургуулийн аж ахуйн няраваас чөлөөлсөн, 5 дугаар сургуулийн аж ахуйн няраваар томилсон ямар ч тушаал шийдвэр гараагүй.

Д.Оын мэдүүлсэн Солонгосын виз нь гараагүй, цогцолбор сургууль салж бие даасан 5, 16 дугаар сургууль болох нь тодорхой болсон энэ үед 2017 оны 07 сарын 03-ны өдрөөс Орхон цогцолбор сургуулийн туслах нягтлан бодогчоор томилогдоод, 07 сарын 07-ноос 08 сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд ээлжийн амралтаа эдлээд 08 сарын 09-ний өдрөөс ажилдаа орох байсан. 2017 оны 07 сарын 31-ний өдрөөс Орхон цогцолбор сургууль бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, 5 ба 16-р сургууль болж салахад Орхон цогцолбор сургуулийн Ерөнхий захирлын 2017 оны Б/50 дугаар тушаалаар 16-р сургуулийн нягтлан бодогчоор бусад 50 хүний хамт шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарсан. Ээлжийн амралтаа дуусгаад уг шийдвэрийг даган 16-р сургууль дээр очиход 16-р сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон Би Дэлгэрмаатай ажиллаж байсан хүнийг нягтлангаар авахгүй, өмнө нь нярав байсан хүнийг нягтлан болгохгүй гэж илт ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг ноцтой зөрчиж, Д.Оыг ажилгүй болгосон.

2017 оны 08 дугаар сард 16-р сургуулийн төсөв салаагүй хамт байсан тул 1079 тоот шийдвэрээр олгох 419.520 төгрөгийг олгохын тулд байхгүй орон тоон дээр тушаал гаргасан. Бодит байдал ийм байхад ойлгомжтой асуудлыг будлиантуулж Д.От буруу зөвлөгөө өгч Д.Оыг 5-р сургуулиас халагдсан мэтээр нэхэмжлэл гаргуулж, нягтлангийн биш няравын ажилдаа орно гэсэн нэхэмжлэл гаргуулж цаг хугацаа алдуулж, иргэн болон төрийн байгууллагыг хохироож байгаа нь бүүр ч харамсалтай байна. Д.О өмнө нь 16-р сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Цолмонгийн шууд удирдлага дор аж ахуйн няраваар ажиллаж байсан бөгөөд хэрэв 5 дугаар сургуульд аж ахуйн няраваар ажиллуулбал Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт зөрчигдөж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.О няравын ажилдаа эгүүлэн орох, ажил олгогчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...байгууллагад 3.260.752 төгрөгийн хохирол учруулсан тул хуульд заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн гэсэн үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Оыг анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1079 дүгээр шийдвэрээр Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний үндсэн дээр ажил олгогч 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар түүнийг няравын ажилд эгүүлэн тогтоосон, 2017 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр няравын ажлаас халсан болох нь тогтоогдсон ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Оыг няравын ажилд тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч бодитойгоор биелүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчид ямар эд хөрөнгө хариуцуулж хүлээлгэж өгсөн, тэрээр ямар үүрэг хүлээсэн болохыг хариуцагч нотолж чадаагүй тул тус сургуулийн эд хөрөнгө хүлээлцэх комиссын актаар нэхэмжлэгчийг байгууллагын эд зүйл дутааж хохирол учруулсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Шүүх харуицагч Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-гийн гаргасан ...Д.О өмнө нь 16-р сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Цолмонгийн шууд удирдлага дор аж ахуйн няраваар ажиллаж байсан бөгөөд хэрэв 5 дугаар сургуульд аж ахуйн няраваар ажиллуулбал Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт зөрчигдөж байна... гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2018/00383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНБАТ

Б.ОЮУНЦЭЦЭГ