Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Доржханд,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-ын О-т холбогдох эрүүгийн 2417000010013 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын 22-нд Д аймгийн С суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн С сумын  дугаар баг, А-.. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 19.... оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Х овогт Д-ын О /РД:ЕС/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.О нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 30 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрийн кассан дээр иргэн Б.А-гийн мартаж явсан буюу эзэмшигч, өмчлөгчийн хараа хяналтаас түр гарсан 360 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завшсан үйл баримт болсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 30 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүрийн кассан дээр хохирогч Б.А-гийн мартаж явсан буюу эзэмшигч, өмчлөгчийн хараа хяналтаас түр гарсан 360 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хохирогч Б.А-гийн “...өөрийнхөө сумсунг А-52 загварын гар утсаа кассны текэн дээр тавьсан байсан чинь цаанаас манай менежер дуудаад цаашаа явахдаа утсаа авахгүй мартаад явчихсан байсан. Тэгээд дэлгүүр дотор утсаа хайгаад олоогүй. Би утасныхаа дууг өмнө өдөр нь нээсэн байсан. Хүний утаснаас 2-3 удаа залгасан боловч дотор дуугарч байгаа чимээ гарахгүй байхаар нь дэлгүүрийн камер шүүж үзсэн чинь намайг ээлжнээс бууж байх үед гаднаас орж ирээд үйлчлүүлж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь миний кассны текэн дээр тавиад орхисон утсыг шууд аваад кармандаа хийж байгаа харагдсан. Тэгээд цагдаад хандаад цагдаа нар ирсэн... тухайн өдрийн 19 цагийн үед цагдаагаас утсаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Б.Б-гийн “...намайг ариун цэврийн өрөө орохоос өмнө авсан юмны тооцоо хийж байх үед касс байрлаж байсан лангууны хүн үйлчлүүлэх хэсэгт хар өнгийн утас дээшээ харсан байдалтай харагдсан. Тухайн үед би нөхөр утсаа гаргаад тавьчихсан юм байх гэж бодоод ариун цэврийн өрөө орсон. Тэгээд гарч ирээд үлдсэн хүнсээ аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би гарч ирэхдээ нөгөө утас лангуун дээр байгаа эсэхийг хараагүй. Төв аймгийн Баян сум дөхөж байхад Говьсүмбэр аймгийн цагдаагаас ярьж байна О-ын эхнэр мөн үү гэхээр нь би утсаа нөхөртөө өгсөн чинь манай нөхөр цагдаатай ярьж байгаад юун утас гээд өмднийхөө халаасыг ухаад нэг утас гаргаж ирээд өө яаанаа хүний утас андуураад аваад гараад ирсэн байна ш дээ гээд бид хоёр Улаанбаатар хот орж ажил амжуулчихаад буцаж ирээд утсыг нь өгнөө гээд ярьсан. Манай нөхөр өөрийнхөө утсыг куртикныхаа халаасанд хийгээд машины хойд суудал дээр тавьсан байсан... тэгээд бид хоёр Улаанбаатар хот ороод ажлаа дуусгаад орой 19 цагийн үед Говьсүмбэр аймагт цагдаа дээр ирээд уулзаад нөгөө хүний утсыг цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-30 дугаар хуудас/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-н шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-41, 45-48 дугаар хуудас/, шүүгдэгч Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 19.. оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-71 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Б.А, гэрч Б.Б нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-н шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.А-д 360 000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс уг хохиролыг биет байдлаар буюу Самсунг А52 маркийн гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгч Д.О-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.О нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Д-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.       

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Т.ЭНХМАНДАХ