Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 01873

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1982 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, РЙ82071402 дугаар регистртэй, Жонгоор овогт Ганболдын Эрдэнэжаргалын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, РИ85052011 дугаар регистртэй, Цагаан хуулар овогт Долгормаагийн Бямбаад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2020/01519/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Эрдэнэжаргал, хариуцагч Д.Бямбаа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Эрдэнэжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Д.Бямбаатай 2004 онд танилцан үерхэж байгаад, 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамт амьдрах хугацаанд 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Энхжин, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Б.Энэрэл нар төрсөн бөгөөд 13 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл болох хий хардалтаас үүдэлтэй зодуур нүдүүр, сэтгэл санааны шаналал дунд амьдарсан. Мөн Д.Бямбаа нь эхнэр, хүүхдээ хайрлан халамжлах, тэжээн тэтгэх үүргээс цаг ямагт зайлсхийж ирсэн ба нэг өрх айл боловч санхүүгийн хувьд тус тусдаа асуудлаа шийдвэрлэдэг, сүүлийн жилүүдэд архи уух нь ихэссэн. Мөнгөний асуудлаас болж маргаан гардаг. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй. Би Д.Бямбааг архины эмчилгээ хийлгэх байх гэж түүнд боломж олгохоор шүүхээс нэг сар эвлэрүүлэх арга хэмжээ авахыг хүссэн. Гэтэл энэ хугацаанд эвлэрээгүй. Д.Бямбаа архины эмчилгээ хийлгэнэ гэсэн ч хийлгээгүй, одоо архи уусан хэвээр байгаа. 2020 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна, охин Б.Энхжин, Б.Энэрэл нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлгийг хуулинд зааснаар тогтоолгоод намар, хавар буюу жилд 2.000.000 /хоёр сая/ төгрөг авч байхаар тохирсон. Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 22.500.000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч бид хоорондоо ярилцаад би дэлгүүрээ авч, банкны барьцаанд байгаа хашаа байшингийн зээлийн төлбөрийг төлж, барьцаанаас чөлөөлөн Д.Бямбаад өгөхөөр болсон тул эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Д.Бямбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Эрдэнэжаргалтай 2007 онд хурим найраа хийж, 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 13 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа хоёр охинтой болсон. Бид амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр 8 нэрийн дэлгүүр худалдан авч эхнэр Г.Эрдэнэжаргал ажиллуулах болсон. Г.Эрдэнэжаргал, бид хоёулаа архи дарс уудаг ч байнгын хэрэглэдэггүй. Би эхнэрээ маргааны улмаас хааяа зодож байсан нь миний буруу. Дэлгүүр ажиллуулж байхдаа өр зээл тавьж байсныг төлж барагдуулсан. Би эхнэр, хоёр охиндоо хайртай. Гэвч шүүхээс өгсөн нэг сарын эвлэрлийн хугацаанд хөдөө самарт явсан, мөн Г.Эрдэнэжаргалаас эвлэрье гэж гуйсан ч зөвшөөрөөгүй. Би архины эмчилгээ хийлгэж чадаагүй, хааяа ууж байгаа. Иймд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Б.Энхжин, Б.Энэрэл нарыг эх Г.Эрдэнэжаргалын асрамжид үлдээнэ. Хуулинд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгоод, Г.Эрдэнэжаргалтай тохирсон хэмжээ, хугацаагаар төлнө. Эд хөрөнгийн талаар ярилцаж тохирсон тул маргаан байхгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Эрдэнжаргал нь хариуцагч Д.Бямбаад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.Бямбааг эхнэр Г.Эрдэнэжаргалд хүндэтгэлгүй хандаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ЗШ/324 дугаар шийтгэвэрээр 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулах, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан боловч гэрлэгчид шүүхээс 1 /нэг/ сарын эвлэрэх хугацаа өгөхийг хүссэн. Үүний дагуу гэрлэгчдэд 1 /нэг/ сарын эвлэрэх хугацаа тогтоосон ч эвлэрээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн №0044025/80 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

хамтран амьдрах хугацаанд 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Энхжин, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Энэрэл нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн №0104121-57 дугаартай Б.Энхжингийн, 6731000115 бүртгэлийн дугаартай Б.Энэрэлийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эмчлэгч эмчийн Б.Энэрэл, Б.Энхжин нарыг эрүүл бойжиж буй тухай тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн санал, бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Энхжин, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Энэрэл нарыг төрүүлсэн эх Г.Эрдэнэжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Д.Бямбаагаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Д.Бямбаа үр хүүхдээ заавал тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хуулиар зохицуулсан байдаг.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин Б.Энхжин, Б.Энэрэл нар эх Г.Эрдэнэжаргалын асрамжид үлдсэн нь эцэг Д.Бямбаагийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл эцэг Д.Бямбаа нь охин Б.Энхжин, Б.Энэрэл нартай хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй байна.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Г.Эрдэнэжаргал, Д.Бямбаа нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Энхжин, Б.Энэрэл нарыг эх Г.Эрдэнэжаргалын асрамжид үлдээн, хариуцагч Д.Бямбаагаас охин Б.Энхжин, Б.Энэрэл нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Энхжин 12 нас 03 сар, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Энэрэл 06 нас 02 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийг охин Б.Энхжинд сар бүр, Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин Б.Энэрэлд сар бүр эцэг Д.Бямбаа төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Энхжин, Б.Энэрэл нарт сар бүр төлөх нийт 309.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.708.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 88.716 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 270.450 төгрөг, бүгд 429.366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 88.716 төгрөг, бүгд 144.478 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Жонгоор овогт Г.Э, Цагаан хуулар овогт Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Э, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Э нарыг төрсөн эх Г.Э-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Э-*г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Б-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Э нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамж 144.478 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА