Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч Э.Э /цахимаар/,

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ны П-д холбогдох эрүүгийн 2417000000002 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19 оны 02 дугаар сарын 17-нд Д аймгийн Д суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, О.. ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын .. дүгээр баг, Т гэх газар оршин суух хаягтай, одоо Г аймгийн С сумын .. дугаар баг, М- тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх Х овогт Б-ны П /РД:ЗЕ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 5 давхар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах цагаан саарал өнгийн контейнерийн хажууд Э.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг заамдах, нүүр хэсэгт гараараа цохих, газар унагах зэргээр зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000002 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай ажлын хөгжлийн бэрхшээлтэй залуу болох О-г хүргэж өгөх гэж явсан. Гадаа нь очоод гэртээ ор гэсэн чинь орохгүй байсан. Тэрнээс болж Э.Э-тай маргалдсан. Э.Э-ын биед учирсан хөнгөн хохиролыг би учруулсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 600 000 төгрөг өгсөн. Манай ажлын 4 залуу байсан. Бүгдээрээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд маргалдсан байх. Зарим зүйлийг нь сайн санахгүй байгаа. Тэрнээс бид хоёр нэг дор ажилладаг ямар нэгэн өс хонзон байхгүй гэв.

2. Хохирогч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлынхантай буюу дөрвүүлээ нийлж 2 шил архи уусан. Ууж дуусаад эхнээс нь гэрт нь хүргэж өгсөн. Манай ажлын залуу гэртээ орно орохгүй гэж маргалдаж байгаад ажлын ах оруулж өгөх гээд явсан хойгуур Б.П бид хоёр жоохон маргалдсан. Би арын суудалд сууж байгаад урд талын суудалд суух гээд өндийтөл араас цохисон. Тэгээд шууд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр байхад цагдаа ирээд аваад явсан гэв.

3. Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр 17 цаг 30 минутад ажлаасаа тараад хамт ажилладаг П, П, О нарын хамт Төмөр замын 5 давхрын гадна 59-46 УАС улсын дугаартай Бонго маркийн автомашин дотор 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Бид нар архи ууж дуусаад П ах О-ыг гэрт нь оруулж өгөх гээд Төмөр замын 5 давхар байр руу орсон. Тэгээд би З гэдэг дүүгээ дуудаад машин бариулая гээд дуудсан. П бид хоёр машины гадна юм яриад зогсож байгаад ялихгүй зүйлээс болж маргалдсан. Би П-ыг машины арын суудал руу суу гээд гараас нь татаад суулгаад өөрөө урд зорчигчийн суудалд суух гээд тонгойтол П миний хамар руу нэг удаа савж цохисон. Тэгтэл цаанаас П О-ыг гэрт нь оруулж өгөөд гарч ирээд хурдан эмнэлэг явъя хурдал гээд орилсон. Би хамраа гараараа дартал миний хамраас цус гараад яс мэт зүйл товойж байсан. Тэгээд П-ын дүү ирээд машин бариад бид нар эмнэлэг явсан. Эмнэлэгт ирээд байж байтал цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20, 22-23 дугаар хуудас/,

4. Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед Э, П бид Сүмбэр сумын 3 дугаар баг Хонхорт ажлынхаа гадаа Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай 2 шил архи уусан. Тэгээд бид хэд төмөр замын 5 давхарт хүн хүргэж өгсөн. Тухайн үед хүнээ хүргэж өгөөд Э, П бид гурав дахиж Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи уусан. Тэгээд байж байтал Э, П хоёр хэрүүл маргаан үүсгээд машинаас заамдалцаж буугаад дээр доороо орсон. Би тэр хоёрыг салгасан. Би тэр 2-г машинд суу гэж хэлэхэд Э машины урд хаалгаар суусан. Харин П-д машинд суугаагүй гадаа зогсож байсан. Тэгтэл Э хамар луу цохичихлоо, хамарнаас цус гараад байна гэхээр нь хэн цохисон юм бэ гэж асуухад араас цохичихлоо гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25, 31-32 дугаар хуудас/,

5. Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Б.П нь хүнтэй нийтэч харилцаатай, төлөв даруу, их тусархаг, нийгмийн идэвхи сайтай, даруу төлөв зан ааштай хүн байдаг. Б.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэээд байдаггүй. Хааяа хэрэглэдэг, уусан үедээ ямар нэгэн ширүүн зан авир гаргаад байдаггүй. Говьсүмбэр аймагт УУЖСПТК-д нөхөн сэргээлтийн анги төгссөн. Оюутан байхдаа даруу төлөв нийгмийн идэвхи сайн хүн байсан юм. Ер нь ажилд маш сайн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэнд:

- Э.Э-ын биед хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2023.12.05-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч Б.П-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-62 дугаар хуудас/,

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

9. Хохирогч Э.Э-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.П-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 5 давхар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах цагаан саарал өнгийн контейнерийн хажууд Э.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг заамдах, нүүр хэсэгт гараараа цохих, газар унагах зэргээр зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Э.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 5 давхар байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах цагаан саарал өнгийн контенейрийн хажууд хохирогч Э.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг заамдах, нүүр хэсэгт гараараа цохих, газар унагах зэргээр зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.П нь хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Б.П нь хохирогч Э.Э-ын биед хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Э, гэрч Д.П нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.П нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.П нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Б.П нь 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хохирогч Э.Э-т төлсөн байна. Мөн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч Э.Э-т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардал болох 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.П нь нөхөн төлсөн байна.

Хохирогч Э.Э нь хамарын хагалгаанд орох зардал 3 219 000 /гурван сая хоёр зуун арван есөн мянга/ төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.П-аас жич нэхэмжлэх эрхтэй болно.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Э.Э нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.П эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч П.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.П-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Б-ны П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Эт 600 000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хохирогч Э.Э-аас нэхэмжилсэн эмчилгээний зардал болох     3 219 000 /гурван сая хоёр зуун арван есөн мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

            7. Хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Паас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ