Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 01931

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х овогт Г.У -ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Х овогт Б.Д-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2020/01809/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх   хуралдааны   нарийн  бичгийн  дарга  Л.Сувд, нэхэмжлэгч Г.У,  хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.У нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.У нь нөхөр болох Б.Д-тай 2011 онд танилцан, үерхэн дотносож байгаад 2015 онд гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын явцад 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр том охин Д.А, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дунд охин Д.А, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бага хүү Д.Т нар тус тус мэндэлсэн. Нөхөр болох Б.Д-тай хамт амьдарсан эхний хэдэн жил аз жаргалтай сайн сайхан амьдарч ирсэн боловч тэрээр сүүлийн 2-3 жил архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, гэр орондоо ирж хонохгүй 3-4 хоногоор дэмий тэнэж алга болох болсон. Миний хувьд түүний ханилсан хань ижлийн хувьд түүний энэ бүх зүйлийг тэсэж тэвчиж ирсэн бөгөөд төрсөн 3 үр хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй, өвтгөхгүй юмсан гэсэндээ ажил хөдөлмөр эрхлэн, амьдралын ачааг өдийг хүртэл нуруундаа үүрсээр ирлээ. Гэтэл нөхөр Б.Д нь эхнэр болох миний ингэж их хичээж, тэсэж тэвчин, итгэж хүлээж байгааг үл хайхран, гадуур дотуур хий дэмий сэлгүүцэн, зугаа цэнгэл эргүүлэх болж, улмаар мөрөөрөө ажил хөдөлмөр эрхэлж байгаа намайг бусадтай хий хоосон хардаж, улмаар бие махбодид минь халдаж, зоддог болсон. Түүний ийнхүү үр хүүхдүүд, хань ижилдээ хайр халамжгүй, хөндий хүйтэн сэтгэлтэй, гэр бүлийн хүчирхийлэгч нэгэн болж хувирсан шалтгааныг миний хувьд ойлгож мэдэхгүй байгаа. Эцэстээ түүний намайг доромжлох үйлдэл ил цагаандаа гарч, шөнө гэртээ ирэхгүй байхаар нь утас руу нь залгахад танихгүй эмэгтэй хүн гар утсыг нь аваад “танай нөхөр унтаж байна, би мэдэхгүй ...” гэх зэргээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн намайг маш ихээр гомдоох үйлдэл гаргасан. Болж бүтэхгүй энэ бүхнийг нь хэлж, “гэр бүлээ бодоод энэ болж бүтэхгүй бүхнээ зогсоогооч, болиоч... ” гэхээр өөрийнхөө алдаа дутагдалыг ерөөсөө ойлгож, хүлээн зөвшөөрөхгүй, “би тийм болж бүтэхгүй хүн биш” гээд над руу уурлаж, хараан дайрдаг. Тэрээр өнгөрсөн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэх талаар ямар ч санаачилгагүй, идэвхгүй, залхуу хойрго хандаж ирсэн. Магадгүй, үр хүүхдүүдээ асарч харж хандаж байсан гэх боловч хүйтэн, хоосон гэрт үр хүүхдүүдээ орхиод хөдөө гадаа найз нөхөдтэйгээ нийлэн архи дарс уугаад яваад өгч байсан тохиолдол цөөнгүй. Мөн хамгийн сүүлд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн шөнө намайг ямар ч харилцаа холбоогүй хүнтэй хий хоосон хардсаны улмаас, согтуурсан үедээ миний эрүүл мэндэд хохирол учруулж, хоёр гар руу минь хутгаар зоож, гэмтээсэн. Үүний улмаас миний эрүүл мэнд, сэтгэл санаанд маш их хохирол учирсан бөгөөд цаашид энэ хүний дэргэд амьдарсаар байвал амь нас, эрүүл мэндээрээ хохирох юм болов уу гэх айдас маш ихээр төрөх болсон тул тэр цагаас хойш тусдаа амьдарч байна. Тэрээр миний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудлаараа эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж, улмаар шүүхээр ял шийтгэл сонсох болоод байгаа. Цаашид энэ мэт байж боломгүй үйлдэл удаа дараа гарган үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээх эцэг хүний үүргээ умартаж, тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэн, өсөлт, хүмүүжилд нь ноцтой хохирол учруулж буй Б.Д-тай амьдрах хүсэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Д.А, Д.А, хүү Д.Т нараа өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Би Д-аас чин сэтгэл олж харахгүй байна. Хэрвээ хүүхдүүдээ бодож байсан бол өдийг хүртэл ийм байдалтай явахгүй байх байсан. Үүнээс өмнө надтай эвлэрэх оролдлого хийж  байгаагүй. Чин сэтгэлээсээ хандаж байна гэж бодохгүй байна. Тиймээс эвлэрэх саналгүй байна. Би зөндөө тэвчсэн. 2017 оноос хойш архи ууж, агсам тавих хүүхдээ айлгах байдалтай байгаа. Би хэлэхээр уурлаад хэлэхгүй болохоор давраад байдаг байсан юм. 2020 оны 1 сард намайг зодохоор нь салах талаар бодсон. 2 дугаар сарын эхээр хүүхдүүдээ аваад гэртээ ирсэн байсан уучлаарай гээд араас ирсэн. Зодох болгонд нь чимээгүй байсан. Сүүлдээ хөл гар хөхрөх бол энгийн үзэгдэл болсон. 7 сард 2 гараа хутгалуулсан. Тархи руу хутгалсан бол би өнөөдөр байхгүй байх байсан. Тэр өдөр хүүхдүүдээ баярын өдөр байж таараад сум руу явуулсан байж таарсан. Хүүхдүүд маань байсан бол юу болохыг ч төсөөлөхөөргүй байна. Ирсэн цагдаа нь ч гэсэн гайхсан. Намайг хутгалаад өөрийгөө бас хутгаар зүссэн болохоор гэр орон дүүрэн цус болсон байсан. Чамайг алаад өгнө гээд хаалгаар чирээд гарсан. Тэгээд гадаа айлруугаа  ороод цагдаатай эргээд ирэхэд өөрөө байхгүй зугтсан байсан. Би 8 дугаар сарын 20 хүртэл хүүхдийн минь эцэг гэж бодоод хүлээсэн. Хүүхдүүдтэйгээ ч уулзах бодолгүй байгаа юм шиг санагдсан. Танай аав ээжийн нүүрийг харж чадахгүй байна гэсэн.Үүнийг нь би шалтгаан гэж үзэрхгүй байна.Хамт амьдрахгүй байгаа ч гэсэн хүүхдүүдтэйгээ уулзах ёстой байсан. Хүүхдүүд нь аавыгаа санаж байгаа. 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өөрчлөгдөхийг харж байгаа. Архи дарс уухаа болиогүй, энд тэнд архи уусан өөр гэр бүлтэй  болсон гэж сонсогдож байгаа. Үнэхээр ухаарахгүй байна. Хариуцлага гэж зүйл мэдэхгүй байна. эргээд нийллээ гэхэд цаашдын амьдралын баталгааг олж харахгүй байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэдэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

      Хариуцагч  Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Д нь Г.У-ийн нэхэмжлэлтэй, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Д нь Г.У-тай 2011 онд танилцан үерхэж байгаад нэг гэрт орсон бөгөөд том охин А 2012 онд буюу гэрлэлтээ батлуулахаас өмнө төрсөн. Тэгээд бид хоёр 2016 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ба бидний дундаас дунд охин А 2016 онд, бага хүү Т 2017 онд тус тус төрсөн нь үнэн. Бидний хамт амьдарсан 9 жилийн хугацаанд хоорондын үл ойлголцлын улмаас зан байдлын хувьд таарч, тохирохгүй байдал их гардаг байсан бөгөөд би өөрөө тэсвэр, хатуужилгүй, хүлээцгүй занг эхнэр, хүүхэддээ гаргажулмаар архи дарс уун, хэл ам хэрүүл тамцэл гаргаж эхнэр, хүүхдээ гомдоож байсан нь үнэн. Хамгийн сүүлд буюу 2020 оны 7 дугаар сарын 10-аар архи ууж, согтуугаар эхнэртээ муухай зан гаргаснаас болоод эхнэр маань 3 хүүхдээ аваад Бүрэнтогтох суманд амьдардаг өөрийнхээ аавынд очсон юм. Б эхнэр, хүүхдээ явснаас хойш гэртээ ганцаараа их зүйл бодож, ойлгосон бөгөөд эхнэртэйгээ эвлэрэх гэж их хичээж байгаа бөгөөд эхнэрээ их гомдоосон учраас намайг уучлахгүй байгаа юм. Одоо би 9 жил амьдарч босгосон амьдралаа нураахгүй, 3 хөөрхөн хүүхдээ өнчрүүлэхгүй, зовлон жаргалаа хуваалцаж түшиг болж явсан сайхан ханийгаа дахиж бор дарс ууж зовоохгүй гэдгээ амлаж байна. Би 7 сараас хойш хүүхдүүдтэйгээ огт уулзаагүй бөгөөд хүүхдүүдээ маш их санаж байна. Би өөрийнхөө алдаа, дутагдлыг хүлээн зөвшөөрч байгаа ба цаашид архинаас гарахаар хатуу шийдсэн гэж эхнэр, хүүхэддээ хэлмээр байна гэжээ.

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Эхнэр хүүхдүүдээ бодоод гэрлэлтээ цуцлуулах бодолгүй байна. Эхнэрээсээ уучлалт гуймаар байна. Архи ууж зодож байсан нь үнэн. Уучлалт гуймаар байна. Өнгөрсөн жилээс маргалддаг болсон. Ажилд орсноосоо хойш их оройтож ирдэг болсон юм. Гурван хүүхэд маань хадам аавынд байгаа. Миний буруу гэр бүлээсээ салах бодол байхгүй байна. Эвлэрэх хугацаа олгож өгнө үү ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Б.Д нар нь 2015 онд гэр бүл болсон, тэдний дундаас охин  Д.А, Д.А, хүү Д.Т нар төрсөн болох нь:

Хэрэгт:

Х аймгийн А сумын  Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон “Монгол улсын иргэн,   Х овогт Б.Далайбат,  Монгол улсын иргэн Х овогт Г.У нар 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6704000016-рт бүртгэж  гэрчилгээ олгов. ” гэх бичилт бүхий  Бүртгэлийн 6704000016 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

Х овогт Б.Д, Х овогт Г.У нарын гэр бүлд 2012 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн охин Х овогт Д.А-г 2012 оны 12 дугаар сарын 24-нд бүртгэж Х аймгийн Б сумаас олгосон 0000850424/01 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

Х овогт Б.Д, Х овогт Г.У  нарын гэр бүлд 2016 оны 8 дугаар сарын 01-нд төрсөн охин Х овогт Д.А-г 2016 оны 9 дүгээр сарын 08-нд бүртгэж Х аймгийн А сумаас олгосон 6704000056 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

Х овогт Б.Д, Х овогт Г.У нарын гэр бүлд 2017 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн хүү Х овогт Д.Т-г 2017 оны 11 дүгээр сарын 14-нд бүртгэж Х аймгийн А сумаас олгосон 6704000056 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.”,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөлөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчоөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.”,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно.” гэж тус тус хуульчилсан байх тул  нэхэмжлэгч Г.У нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгч Г.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Хариуцагч Б.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлдээ айдас түгшүүр төрүүлдэг, эхнэр Г.У-г зодож түүнд гэмтэл учруулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2038000000332 дугаартай Прокурорын тогтоолын хуулбар баримт  2 хуудас, / Хөвсгөл аймгийн Прокурорын газар Эрүүгийн хэргийн салбар архив Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэргээр нотлогдсон.

        

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “ Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. ” гэж заасан байх ба хэрэгт Хөвсгөл аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “ ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид тусдаа амьдарч эхлэсэн зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийг шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй  тул шүүх нэхэмжлэгч Г.У,  хариуцагч Б.Д нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд  гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин  Д.А Д.А, хүү Д.Т нарын  насны байдал, эхийн хайр халамж, эцгийн ёс суртахууны байдал зэргийг харгалзан эх Г.У-ийн  асрамжинд үлдээж,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэгийг тогтоож хүүхэд  бүрт сар бүр эцэг Б.Д-аас  гаргуулан олгож шийдвэрлэв.

          Хэрэгт охин Д.А, Д.А, хүү Д.Т нар нь эрүүл бойжиж, сургууль, цэцэрлэгт хүмүүжиж байгаа болон эх Г.У-гийн  асрамжинд байгаа талаар:

Х аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Э.Дариймаагийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай “ Тус цэцэрлэгийн ахлах бүлэгт Д.А, Д.Т нар нь тус тус бүртгэгдэн суралцаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх албан бичиг,

Х аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн  дарга Г.Баярхүүгийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “ Д овогтой А нас 8, эмэгтэй, А нас 4, эмэгтэй, Т нас 3, эрэгтэй Б сумын Их-Уул багт эх Г.У-ийн хамт 2020 оны 8 дугаар сард шилжиж ирсэн. Хүүхдүүд болох Д.А,  Д.А, Д.Т нар нь  одоо өвөө, эмээгийн асаргаанд эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. ” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

 

           Гэрлэгчид нь  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.У-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 172.842 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.У-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар үйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ  нь:

         1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Х овогт Б.Д, Х овогт Г.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн охин Х овогт Д.А, 2016 оны 8 дугаар сарын 01-нд төрсөн охин Х овогт Д.А, 2017 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн хүү Х овогт Д.Т нарыг эх Г.Ундармаагийн асрамжид үлдээсүгэй.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн охин Х овогт Д.А, 2016 оны 8 дугаар сарын 01-нд төрсөн охин Х овогт Д.А, 2017 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн хүү Х овогт Д.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлэгийг хүүхэд бүрт сар бүр эцэг Б.Д-аас  гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.У-аас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.842 / нэг зуун далан хоёр мянга найман зуун дөчин хоёр/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 172.842 / нэг зуун далан хоёр мянга найман зуун дөчин хоёр/  төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.У-д  олгосугай.

    6.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

     7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

     8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.У нарт тус тус даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш              14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА