| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01828/И |
| Дугаар | 01828 |
| Огноо | 2020-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 01828
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1985 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, РК85100929 дугаар регистртэй, Бүйлээс овогт Тэрбишийн Шүрэнцэцэгийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, РК81080319 дугаар регистртэй, Соль овогт Баатарын Мягмардоржид холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2020/01421/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Т.Шүрэнцэцэг, хариуцагч Б.Мягмардорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Б.Мягмардоржтой 2005 онд танилцаад, 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор гэр бүл болж, 6 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүү М.Гансайхан төрсөн. Хамт амьдрах хугацаанд нөхөр Б.Мягмардоржийн ааш зан эвдэрч, намайг зодож цохих зэргээр элдвийн асуудал гаргах болж, 2016 онд бага хүүг гэдсэнд байхад тус тусдаа амьдрах болсон. Бага хүү Ганбат 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрж, өөрийнхөө нэрээр овоглосон. Гэтэл хүү Ганбатыг өөрийнхөө хүүхэд биш гэдэг байсан тул шинжээчийн дүгнэлт гаргуулахад Мягмардоржийн хүүхэд биш гэсэн. Тус дүгнэлтийг би ойлгоогүй. Нөхөр Б.Мягмардоржийг хүрээд ирнэ гэж зөндөө хүлээсэн боловч тусдаа амьдраад нэг жил ч бололгүй гэр бүлтэй болсон.
Иймд цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү М.Гансайхан, Ш.Ганбат нарыг өөрийн асрамжид авч, хүү М.Гансайханд хүүхдийн тэтгэлгийг эцэг Б.Мягмардоржоос гаргуулна. Хүү Ш.Ганбатад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Шүрэнцэцэгтэй 2006 онд гэр бүл болж, 6 жил хамт амьдарсан. Бидний дундаас хүү М.Гансайхан 2009 онд төрсөн. Бид таарч тохирохгүй болж, 2016 оноос хойш тусдаа амьдарсан. Би өөр гэр бүлтэй болсон. Т.Шүрэнцэцэг бид хоёрыг тусдаа амьдарч байхад хүү Ш.Ганбат 2016 онд төрсөн тул миний хүүхэд биш, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү М.Гансайхан, Ш.Ганбат нарыг эх Т.Шүрэнцэцэгийн асрамжид үлдээж, хүү М.Гансайханд хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Шүрэнцэцэг нь хариуцагч Б.Мягмардоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүү Ш.Ганбатад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Т.Шүрэнцэцэг, Б.Мягмардорж нар 2016 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, хариуцагч нь хамтран амьдрагчтай болсон зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын бүртгэсэн №0004593-63 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүү М.Гансайхан, гэрлэгчид тусдаа амьдарч байх хугацаанд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Ш.Ганбат нар тус тус төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн №0237039-15, 6734000085 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эх баригч бага эмчийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ДНХ-ийн шинжилгээ: ...Дүгнэлт: 1. Хүний геномын микросателлитын D3S1358, D18S51, Penta E, D5S818, D7S820, Penta D, vWA локуссын аллелиар Б.Мягмардорж нь Ш.Ганбатын биологийн эцэг байх боломжгүй байна гэх бичилттэй шинжээчийн дүгнэлтээр Ш.Ганбатын төрсөн эцэг нь Б.Мягмардорж биш болохыг тогтоосон байна.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Гансайхан, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Ш.Ганбат нарыг эх Т.Шүрэнцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Мягмардоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү М.Гансайханыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй болно.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хүү М.Гансайхан төрсөн эх Т.Шүрэнцэцэгийн асрамжид үлдсэн нь эцэг Б.Мягмардоржийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү М.Гансайхантай эцэг Б.Мягмардорж хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.
Иймд Т.Шүрэнцэцэг, Б.Мягмардорж нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Гансайхан, хүү Ш.Ганбат нарыг эх Т.Шүрэнцэцэгийн асрамжид үлдээн, хариуцагч Б.Мягмардоржоос хүү М.Гансайханд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Гансайхан 11 нас 09 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийг хүү М.Гансайханд сар бүр эцэг Б.Мягмардорж төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар М.Гансайханд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөг, бүгд 124.702 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бүйлээс овогт Т.Ш, Соль овогт Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Г, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Ш.Г нарыг эх Т.Ш-йн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Г-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.М-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Ш нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Ш улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Б.Мс улсын тэмдэгтийн хураамж бүгд 124.702 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА