Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы хууль ёсны төлөөлөгч Б.С,

Өмгөөлөгч Б.Энхбат,

Шүүгдэгч Ч.Ү,     

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                 

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Ч-ы Ү-д холбогдох 2328002830220 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ү нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед ... ӨМА улсын дугаартай “Тоёота Кролла” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ “а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын ... тоот хашаа болон монгол гэрийг мөргөж иргэн Ж.О-ы биед гэдэс тасрал, хэвлийн хөндийн шингэн хуримтлал, баруун зүүн дунд чөмөг яс, баруун шилбэ ясны хугарал, духанд шарх бүхий хүнд хохирол, иргэн Б.Ш-д 6,686,810 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Ү-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед “Амаз” дэлгүүрээс 2 хайрцаг тамхи аваад урагшаа хөдлөх гэхэд урд машин зогсож байсан. Хойш хөдлөхөд машин унтармаар болохоор нь хаазаа гишгэсэн. Тэгээд довжоон дээгүүр харайгаад гэр рүү нь машины бөгсөөрөө орсон. Сандраад зогсоож чадаагүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Энэ гэмт хэргийн улмаас миний биед хохирол учраагүй боловч ээжийн минь биед учирсан. Цаашдаа хот руу явж үзүүлэх шаардлагатай байгаа ба үүний зардал, мөн эд хөрөнгөд учирсан 6,686,810  төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы хууль ёсны төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эхний эмчилгээний зардалд 6,007,114 төгрөгийн баримт цуглуулж өгсөн. Дараа нь 5,028,320 төгрөгийн баримт өгсөн. Шүүх рүү шилжүүлсний дараа 1,620,746 төгрөгийн баримт өгсөн. Үүнээс 2,500,000 төгрөгийг Ч.Ү миний данс руу шилжүүлсэн. Эмчилгээний зардалд 10,156,180 төгрөг үлдсэн байгаа. Цаашид хотод очиж хэвлийн хэсгийн хагалгаанд орох, томографт харуулах шаардлагатай байгаа. Гэдсэн дотор залгаж оёсон оёдол гүйцэд сайн эдгэсэн байна уу гэдгийг шалгаад эдгэсэн байвал стомын уутыг нь авах хагалгаанд орно. Биеийн байдлыг харгалзаж тэнхрэхээр нь нэг мөр явах гээд харж байгаа. Мөн энэ хүнийг мөнгө өгөхийг нь харж байгаа. Сэтгэл санааны хохиролд 66,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 76,156,180 төгрөг нэхэмжилж байна. Биеийн байдал нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой 08 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын ... тоотод осол гарлаа, тус ослын улмаас Ж-гийн охин нь ухаангүй нэгдсэн эмнэлэгт шокийн байдалтай хүргэгдэж очсон. Шокийн байдалтай 5 хоносон. 2 хөл хугаралтай, тархи доргисон, шилбэний яс хугаралтай, цус их алдсан, толгойнд 15 оёдол тавьсан. Их бие болон хөл, тохой, хэнхдэг цээж, хөлийн шагай, тохой хэсгээр түлэгдэлт ихтэй байгаа. Хөлийн дээд тал, өлмий хэсэг эдгэрэхгүй байгаа. Эрчимт эмчилгээний тасагт 30 хоног эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд 4 удаа хагалгаанд орсон. Хөлний хагалгаанд орсны дараа хэвлий хэсэг хавагнаад хэвтэж чадахгүй амьсгаадаад хэцүү байдалтай байсан. Хэвлий хэсгийн хагалгаанд орсны дараа гэдэсний нэг хэсэг газар язралт, цооролттой байсан. Тэрийг нь оёсон. Хагалгаанаас гарсны дараа сайжрахгүй дахин томроод хэвлий хэсэгт нь шингэн хурж тогтсон байсан. Дахиад хагалгаанд орж стомын уут тавиулсан. Идээт үрэвсэл байсан учраас тэрийг нь цэвэрлэх хагалгаанд орсон. Нийт 4 удаа хагалгаанд орсон. Одоо хотод дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа. Гэдэс дотор бүрэн эдгэсэн тохиолдолд дахин хагалгаанд орж уутаа авхуулна. Одоо энэ хүний биеийн байдал тэнхрээгүй байгаа учраас 24 цагийн турш хүн асарч байгаа. Босох, бие засах, хоол идэхэд байнгын асаргаатай байгаа гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би гомдолтой байна. Энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулж авмаар байна... Тухайн орой гэртээ Ш бид хоёр байж байтал гэнэт хашаа шажигнаад хашаанд машин ороод ирэх шиг болсон. Би гэрийн зүүн талаас босоод гарах гэтэл гэрийг баруун талаас өндөр хаазтай машин ирээд мөргөсөн. Би юу болсныг мэдэхгүй ухаан алдсан, нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Би босож чадахгүй хэвтэрт байна. Би уг хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээтэй холбогдон гарсан зардал болон тухайн үед эвдэрсэн эд зүйлсийг үнэлгээний дагуу нэхэмжилнэ. Би өөрт учирсан хохирлын талаар баримт гаргаж өгсөн.” /хавтаст хэргийн 37-38, 40-41 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед би Их-Уул ... тоотод байх ээж Ж.О-ы гэрт байсан. Ээж бид хоёр зурагтаар мэдээ үзэж байгаад цай уухаар гэрийн зүүн хойд хэсэгт сууж байсан тэгтэл гэнэт баруун талын хашаа түр тар хийгээд хугарч хэмхэрч байгаа чимээ гараад машин өндөр хаазлах чимээ гарсан. Тэгээд бид хоёр босож гарч харахаар ээж дөнгөж босоод би өндийгөөд таягаа авах гэж байтал гэрийн хамаг юм нураад тас нис хийгээд явчихсан. Маш хурдан хугацаанд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь толгой дээр машины хааз янгинаад дуугарч байсан. Би ээжийг дуудаад хашхираад нурсан хэмхэрсэн эд зүйлс дээгүүр мөлхөөд гэрээс гарах гэж байтал ээж бүдэг ёолох дуу гарсан. Би эргээд мөлхөөд нэг нурж хэмхэрсэн зүйл дээгүүр өнгийгөөд хартал ээж О-ы цээж хэсэг нь эд зүйлсээр дарагдсан бусад хэсэг нь гэрийн нурсан эд зүйлсэд дараатай байсан. Би хоёр хөл угийн муутай хоёр суг таягтай явдаг юм. Тэгээд тухайн үед би ээжийг өргөж гаргаж чадахгүй учраас мөлхөж явсаар байгаад гэрээс гарахад гадаа хүмүүс цугларсан байсан. Тэр хүмүүсээс тусламж гуйгаад уг хүмүүс тусалсан. Тухайн үед би шоконд ороод юу болсныг сайн мэдэхгүй байна. Гэрт байж байтал гэнэт гэрийн эд зүйлс нураад түс тас хийгээд чимээ гараад би шоконд орсон. Гэрээс гараад харж байхад манай гэрийг буйрнаас нь хумьж түрээд зүүн талын хашаанд наагаад тулаад зогссон байсан. Уг машин ар бөгс хэсгээрээ орж ирсэн байсан. Машин гэрийн буйрны тал хүртэл явсан байдалтай байсан. Уг осол болсны дараа надад ямар нэгэн өвчин зовиур мэдэгдэхгүй байж байгаад ослын шокноос гарсны дараа хөлийн булчин гуя хэсэгт жижиг хөхөрсөн байсан. Мөн толгойн ар хөндүүртэй баруун хавирга мөн хөндүүртэй болсон байсан. Шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулна. Би гомдолтой байна. Зүгээр гэртээ байж байхад гаднаас гэнэт ирээд мөргөж манай ээжийг бэртээж гэмтээсэн явдалд би их гомдож байна.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/  

Насанд хүрээгүй гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдрийн орой би Дүгэрсүрэн найзтайгаа хамт өөрийн гэртээ өрөөндөө байж байсан. Бид хоёр цонхоор харахад манай баруун талын хашааны айлын гэр тооно нь  дээшээ цөмөрсөн юм шиг харагдаж байсан. Мөн тоос шороо босож байгаа харагдсан. Бид хоёр гэрээс гараад уг айлын хашаанд орсон чинь нэг машин гэрийн баруун талаас нь ар талаараа мөргөөд цөмөрч орсон байдалтай байсан. Бас нэг ах нэлээд сандарсан байдалтай байсан. Уг хашаанд 3-4 хүн байсан. Бас нэг таягтай ах миний дүү ийшээ ороод настай хөгшин байна уу амь мэнд байна уу үзээд өгөөч гэхээр нь би уг дайрагдсан гэрийн хаалганы доогуур шургаж уг гэр дотор ороход нэг настай эмэгтэй хүн хэвтэж байсан. Уг хүний зүүн хөл дээр өлзий зуух унаад хөлийг нь дарсан байдалтай байсан. Мөн уг гэрийг дайрч цөмөрч орсон машины зүүн хойд талын дугуй нь мөн хөлийг нь дайрсан байдалтай байсан. Уг эмэгтэйн толгой дээр нь олон зүйл унаад дух хэсэгт зүсэгдсэн байдалтай байсан. Гадаа байсан хүмүүс машиныг холдуулаад би хүмүүстэй нийлээд уг эмэгтэйг гэрээс гаргахад эмнэлэг цагдаа нар ирсэн. Би уг машины жолоочийг танихгүй. Тухайн үед уг ослын газарт жолооч нь гэх нэг ногоон өнгийн комбинзон өмссөн хүн байсан. Уг машины жолооч архи дарс уусан зүйл байгаагүй. Эрүүл байсан. Тухайн газарт цагдаа нар ирээд багаж үлээлгэж үзээд архи уугаагүй эрүүл байна гэж хэлж байсан. Тухайн үед жолооч ах болон тэнд байсан хүмүүсийн ярьснаар машины хааз нь гацаад жолоодлогогүй болоод уг айлын хашаа гэрийг мөргөсөн гэж ярьж байсан.” /хавтаст хэргийн 49-51 дэх тал/

Гэрч М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Би уг ... ӨМА улсын дугаартай “Тоёота кролла” загварын тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сард хамт ажилладаг Ү гэх хүнд 4 сая төгрөгөөр зарсан. Би тухайн тээврийн хэрэгслийн мөнгийг нь Ү ахаас бүрэн авчихсан. Уг тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд оруулаад Ү ахын нэр дээр шилжүүлж өгөх байсан боловч миний ажил төрөл болж өгөхгүй дээр нь мөнгө төгрөг муутай байсан учраас уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгч чадаагүй байгаа.” /хавтаст хэргийн 53 дахь тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Хариулт А/. Ч.Ү нь “Тоёота кролла” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Даланзадгад сумын 6 дугаар баг Их Уул ... тоот хашаа болон уг хашаанд байх эсгий монгол гэрийг мөргөсөн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; хэлнэ мөн “Тоёота кролла” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна. Хариулт №2 Б/. “Тоёота кролла” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; “Toyota Prius” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах багажаар шүүж үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны хугацаа дууссан байна. Хариулт №3 В/. Тухайн зам тээврийн осол нь ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн МУ-ын 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна.” /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ж.О-ы биед гэдэс тасрал, хэвлийн хөндийн шингэн хуримтлал, баруун зүүн дунд чөмөг яс, баруун шилбэ ясны хугарал, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ж.О-ы биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ж.Оы биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 71-74 дэх тал/

“Damno” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № ӨЦ-23-105 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд: “Монгол гэр 1 ширхэг, 3,200,000 төгрөг, модон авдар 1 ширхэг, 150,000 төгрөг, шкаф 1 ширхэг, 210,000 төгрөг, угаалгын машин 1 ширхэг, 179,940 төгрөг, төмөр ор 1 ширхэг, 50,000 төгрөг, гутлын тавиур 1 ширхэг, 51,000 төгрөг, угаалтуур 1 ширхэг, 72,000 төгрөг, хөргөгч 1 ширхэг, 809,940 төгрөг, зурагт 1 ширхэг, 299,940 төгрөг, антень 1 ширхэг, 126,000 төгрөг, шкаф 1 ширхэг, 210,000 төгрөг, авдар 1 ширхэг, 150,000 төгрөг, халуун сав 2 ширхэг, 38,400 төгрөг, тогоо 1 ширхэг, 39,000 төгрөг, будаа агшаагч 1 ширхэг 27,000 төгрөг, зуух 1 ширхэг, 400,000 төгрөг, хашаа 4 метр, 166,590 төгрөг, хулдаас 10 метр, 270,000 төгрөг, сервант 1 ширхэг 210,000 төгрөг, плитка 1 ширхэг 27,000 төгрөг, нийт 6,686,810 төгрөг.” /хавтаст хэргийн 57-64 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 165 дахь тал/

Ч.Ү-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 167 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 168 дахь тал/

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэг /хавтаст хэргийн 163 дахь тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 161 дэх тал/

Ж.О-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 180 дахь тал/

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг  хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 182-190 дэх тал/

Эм тарианы баримт /хавтаст хэргийн 213-216 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Ү-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.  

 Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний төлбөрийг бүхэлд нь гаргуулах, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг 40 хувиар тооцон гаргуулах тухай,  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Ж.О-д учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нийт 76,156,180 төгрөг нэхэмжилж байна. Задаргааны хувьд эхний ээлжид өнөөдрийг хүртэлх эмчилгээнд орсон зардал 10,156,180 төгрөг, энэ нь хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн хохирлын баримтуудын 5,028,320 төгрөгөөр, 6,007,114 төгрөгөөр, нийтдээ 11,035,434 төгрөгийн хохирлын баримтыг прокурорын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн. Үүнээс 2,500,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн, 8,535,434 төгрөг үлдсэн. Үүн дээр шүүхийн шатанд нэмэлтээр өгсөн 1,620,746 төгрөгийн зардал гарсан хохирлын баримтыг нотолгоо болгож өгсөн. Өнөөдрийг хүртэл гарсан эмчилгээний зардлын төлбөрт нийт 10,156,180 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай үйлчлүүлэгчийн ээж хүнд гэмтэлтэй одоог хүртэл эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгаа. Цаашид эмчилгээний зардал гарах нь зайлшгүй байгаа. Гэхдээ маргааш нөгөөдөр ямар нөхцөл байдал үүсэх, ирэх сард ямар эмчилгээ хийлгэх түүний дүн нь тодорхойгүй, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас ирээдүйд хийлгэх эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Сэтгэл санааны хохирлын хувьд 66,000,000 төгрөг буюу 80 хувиар гэсэн дүнгээр би шаардаад байгаагаа дахин тайлбарлая. Гэмтлийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргах журам гээд Хууль зүйн дотоод хэргийн сайд эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаал байгаа. Энд заасан хүснэгтийн дагуу тодорхой төрлийн гэмт хэргийн хохирлуудыг заавал шинжилгээний байгууллагад очиж шинжилгээ хийлгэлгүйгээр асуумж хэлбэрээр хохирлын гэмтлийн зэрэглэлийг тогтоож болох ба үүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэж байгаа. Уг журмын 2.1 дэх хэсэгт 27.10 дугаар зүйл авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэж заасан. 2023 оны 09 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр тогтоогдсон байсан. Улсын Дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай тогтоолд зааснаар хохирогчийн сэтгэл санаанд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дугаар зэрэглэл гэж үзвэл 31-99 хувь байгаа. Бидний зүгээс 80 хувь гэж үзэж байгаа нь өнөөдрийг хүртэлх хохирогчид хийгдсэн олон удаагийн хагалгаа, эмчилгээ, сэтгэл санаанд учирсан цочрол зэрэг энэ бүх зүйлүүд нь энэ зэрэгт байж болно гэж иргэний нэхэмжлэл гаргах эрхийнхээ хүрээнд тодорхойлсон. Яагаад гэвэл хэрэг болоод өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл хором, цаг, мөч бүхэн энэ хүний хувьд өвдөлт, зовуурь шаналалтай, байнгын ухаан санаа нь орж гарсан, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ийм нөхцөл байдалд орчихсон. Хэрэгт 10,000,000 гаруй төгрөгийн баримт өгөөд шаардаж байгаа боловч эмчилгээ, эм тарианаас бусад маш олон зардал энэ хүмүүсээс гарч байгаа. Бензин шатахуун, ээжийгээ асрах гээд гарах хоол хүнсний зардал зэрэг энэ бүх зүйлийг энэ хүмүүс нэхээд байж чадахгүй. Эмчилгээний зардлын хувьд эм эмийн сангаас авсан баримт, гэртээ галаа түлээд хэвийн байж чадахгүй болсон учраас халаагч авах шаардлагатай. Энэ асаргааны нэг хэлбэр болчихож байгаа. Энийг авч өгөх шаардлагатай байдаг. Мөн дээрээс нь монгол хүмүүс учраас өндөр настай ээж нь гэмтчихээр сэтгэлийн засал болгох үүднээс лам санваартан аваачиж засал хийлгэнэ. Хөндлөнгийн хүнд зүгээр нэг ёс заншил мэт харагдаж байгаа боловч 75 настай өндөр настай хүнд энэ нь сэтгэл санааны заслын нэг хэлбэр болж байгаа. Тийм учраас архи авсан, будаа авсан гэж зан үйлийн шинж чанартай эд зүйлээ оруулж бичсэнийг нь буруутгах аргагүй гэж үзэж байгаа. ...Өнөөдөр шүүх хуралдаанаар 66,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргаж ирж тавьж байгаа нь урьд өмнө нь энэ мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтын шатанд хийгдээгүй ажиллагаа, танилцуулаагүй талуудын эрх ашгийг хангаагүйгээс болж хуралдаан дээр ийм санал гаргаж байгааг ойлгоосой гэж хүсэж байна... Энэ нөхцөл байдлуудыг ойлгож иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээч гэж хүсэж байна гэх агуулга бүхий дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш-гийн хувьд эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна гэх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сийн хувьд өмгөөлөгчийн саналаа дэмжиж байна гэх,

Шүүгдэгчийн зүгээс би хийсэн хэрэгтэй гэмшиж байна, мөнгө төгрөг байхгүй байгаа, зүгээр хоол идчихээд унтаад өглөө босоход харвасан байсан, тэгээд эмнэлгээр яваад өдийг хүрсэн, 2 хүүхэдтэйгээ ярилцаад хохирол төлбөр төлөхөөр ярилцаж байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ч.Ү нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед ... ӨМА улсын дугаартай “Тоёота Кролла” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ “а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын ... тоот хашаа болон монгол гэрийг мөргөж иргэн Ж.О-ы биед гэдэс тасрал, хэвлийн хөндийн шингэн хуримтлал, баруун зүүн дунд чөмөг яс, баруун шилбэ ясны хугарал, духанд шарх бүхий хүнд хохирол, иргэн Б.Ш-д 6,686,810 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 40-41 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, насанд хүрээгүй гэрч М.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хавтаст хэргийн 71-74 дэх тал/, “Damno” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № ӨЦ-23-105 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хариулт А/. Ч.Ү нь “Тоёота кролла” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Даланзадгад сумын 6 дугаар баг Их Уул ... тоот хашаа болон уг хашаанд байх эсгий монгол гэрийг мөргөсөн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; хэлнэ мөн “Тоёота кролла” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна. Хариулт №2 Б/. “Тоёота кролла” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; “Toyota Prius” загварын ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах багажаар шүүж үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны хугацаа дууссан байна. Хариулт №3 В/. Тухайн зам тээврийн осол нь ... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ү нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн МУ-ын 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байна.” /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Ч.Ү-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ү-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы биед гэдэс тасрал, хэвлийн хөндийн шингэн хуримтлал, баруун зүүн дунд чөмөг яс, баруун шилбэ ясны хугарал, духанд шарх бүхий хүнд гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 71-74 дэх тал/-ээр тогтоогдож байна.         

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.     

Шүүгдэгч Ч.Ү нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Ү нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.     

Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Ч.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Ү-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Ж.Оы эмчилгээтэй холбоотой баримт /хавтаст хэргийн 184-190, 214-216/-аар нийт 12,666,180 төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Ш нь эд хөрөнгөд учирсан хохиролд 6,686,810 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Үгийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-д 2,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул 12,666,180 төгрөгөөс төлөгдсөн 2,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 10,166,180 төгрөгийг төлөхөөр байна.   

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэжээ.

Мөрдөгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн Тавдугаар зэрэглэл /хавтаст хэргийн 160-161 дэх тал/-ээр тогтоосон байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 80 хувиар, улсын яллагчийн зүгээс 40 хувиар тооцуулах дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүхийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 60 хувиар тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.О-ы биед гэдэс тасрал, хэвлийн хөндийн шингэн хуримтлал, баруун дунд чөмөг яс, баруун шилбэ ясны хугарал, духанд шарх бүхий хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хүний асаргаанд байгаа нөхцөл байдал, гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, учирсан гэмтлээс болж 4 удаа хагалгаанд орсон зэрэг нь хохирогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан өвчний түүх зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүх сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 60 хувиар тооцож шийдвэрлэлээ.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан 80 хувиар тооцох тухай санал, дүгнэлтийн хувьд хохирогч Ж.О-д гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс шалтгаалан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон эмнэлгийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс зэрэг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 80 хувиар тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг гарсан байх тул  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 49,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ч.Ү-гээс эмчилгээний төлбөрт 10,166,180 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт 49,500,000 төгрөг, нийт 59,666,180 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарт,  

Түүнчлэн шүүгдэгч Ч.Ү-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш-гийн эд хөрөнгөд нийт 6,686,810 төгрөгийн хохирол учирсан болох нь “Damno” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ӨЦ-23-105 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-64 дэх тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 6,686,810 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш-д тус тус олгохоор шийдвэрлэв.       

Шүүхээс шүүгдэгч Ч.Ү-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарт олгохоор тогтоосон 59,666,180 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул уг төлсөн төлбөрийг хасаж, үлдэх 58,666,180 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарт олгох нь зүйтэй байна.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.      

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Үгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай,    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүх хуралдааны явцад би болон миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдалд нь сайнаар нөлөөлөх, бид нар хохирол төлбөрөө заавал 50,000,000, 60,000,000 төгрөг нэг дор нэхээд байлгүй эхний ээлжид 10,000,000 орчим төгрөг өгчих, сүүлдээ 3,000,000, 4,000,000 төгрөг өгчихвөл үлдэгдлийг нь урт хугацаанд  эвлэрлийн гэрээ байгуулъя гэдэг саналыг тавьсан. Шүүгдэгчийн зүгээс саналуудад ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Энэ хуралдаанд орж ирэхээс өмнө миний үйлчлүүлэгч Б.С-ийн данс руу нь 1,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Өөр байдлаар ямар нэгэн хохирол төлбөрөө төлсөн зүйл байхгүй. Нөхөн төлөх талаар ямар нэгэн ажил хэрэгч санал байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөртэй нь ярилцаад үзэхээр надад мөнгө байхгүй юм чинь намайг яах вэ гэсэн байдал цухалзаад байдаг. Миний бие муу байгаа юм чинь, нас өндөр болчихсон юм чинь ингээд л байж байхад ямар нэгэн байдлаар шийдэгдэж л таараа гэсэн хандлага харагдаад байгаа. Энгийн үед хэвийн зүгээр яриад байдаг, хохирол төлбөрийн асуудал ярихаар юу ч байхгүй, мэдэхгүй болоод явчихдаг хариуцлагагүй байдал бас байна. Хэдийгээр ойлгож байгаа ч насанд хүрсэн л бол өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгний ар хариуцлагыг даадаг байх ёстой. Насны хувьд ийм байлаа гээд хөнгөрүүлж үзэх ойлголт байхгүй. Өмгөөлөгчийн хувьд энэ хүнийг надад мөнгө байхгүй юм чинь юу авах вэ? гэсэн байдлаар харьцаж байна гэж ойлгож байгаа. Давж заалдах шатны шүүх хурал дээр хохирол төлбөрөө нөхөн төлөх юм уу? хохирол төлбөр төлснөө илэрхийлээд хохирогчтойгоо эвлэрээд ороод ирвэл ял шийтгэлийг бууруулах давж заалдах шатны шүүхийн эрх байдаг. Энэ боломжоо хэрэглэх эсэх нь дараагийн боломж болж байх шиг байна. Гэтэл тэр болтол энэ хүн ойлгох уу?, үгүй юу?, мэдэхгүй. Энэ сарын хугацаанд энэ хүний өвчин эмгэгтэй хэцүү байгаа тухай хохирогчийн талаас яриад, шүүх хурал дээр тал талаас нь олон хүн тайлбарлаж хэлээд байгааг ойлгохгүй бол хуульд заасан цээрлэлийг нь хүлээж байж л ойлгож, давж заалдах шатны шүүх дээр тэр боломжийг ашиглаж чадвал хөнгөрүүлж чадахгүй бол яая гэх вэ? гэсэн байдалтай л харж байна. Нэг талаасаа би энэ хүнийг өдий насандаа хүнд хэцүү цээрлэлийн ая даахгүй эрүүл мэнд нь муудах вий гэж өрөвдөж хохирогчийн зүгээс хандсан. Гэтэл тэр болгонд өөдөөс ямар нэгэн хариу өгдөггүй. Бид нар гэм хийчихсэн юм шиг ядахдаа эмчилгээ асаргааны зардал өгчих гээд  явахаар ерөөсөө тайлбар хийхгүй алга болчихдог, хариуцлагагүй байдалтай байгааг анхаарч үзэх ёстой байх гэж бодож байна. Тийм учраас улсын  яллагчийн саналыг дэмжиж байна гэх  дүгнэлтүүдийг,   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш-гийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх,

Шүүгдэгчийн зүгээс төлбөрийн хуваарь гаргаад ямар нэгэн байдлаар төлөх саналтай байна гэх тайлбарыг тус тус гаргав.         

Шүүгдэгч Ч.Ү нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ, хорих, зорчих эрхийг хязгаарлах зэрэг үндсэн ялын доод хэмжээ тус тус нэмэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”  гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсны дагуу шүүгдэгч Ч.Ү-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ү-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, артерийн даралт ихсэх өвчний улмаас цус харвасан хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.      

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ы цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх эрхээр хангуулах зэргийг үндэслэн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.                     

Шүүгдэгч Ч.Ү-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.                              

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.                  

Бусад асуудлаар.               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ү-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КЮ66051794 регистрийн дугаартай, №152632 дугаартай “B,C” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч Ө овгийн Ч-ы Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ү-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.      

3. Шүүгдэгч Ч.Ү-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Үгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Үгээс 58,666,180 /тавин найман сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарт, 6,686,810 /зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ш нарт тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ү-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КЮ66051794 регистрийн дугаартай, №152632 дугаартай “B, C” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ч.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нарт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.           

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

  

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ