| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0017/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.М-д холбогдох 2416000000011 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********-н оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****** сумын ********** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багийн ******** тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д******* регистрийн дугаартай, И овогт Ц-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах М худалдааны төвийн гадна талын зогсоолд хохирогч О.М-тай маргалдаж, зодолдон зүүн дээд зовхинд шарх, зүүн гарын чигчий хурууны хумсны толио хэсгийн ховхорсон шарх буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед машинаас нөгөө машины урд суудалд сууж байсан Ц гэх хүүхэд рүү очоод юм ярих гэсэн чинь О.М ирээд би чамайг дүүтэйгээ уулзуулахгүй гэж хэлээд ороолтоороо цохиод байхаар нь “чи яагаад хүн цохиод байгаа юм бэ?” гэж хэлээд буцаагаад гараараа цохисон чинь О.М-н нүдний шил нь унасан. Тэгээд барилцаад авсан чинь тэнд байсан хүмүүс салгасан ... О.М-н бие махбодод бэртэл гэмтэл учирсан. Зүүн нүдний дээд талаас цус гарсан харагдаж байсан. Тухайн гэмтлийг би гараараа нүүр хэсэг рүү нь цохих үед учирсан юм ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 50 дугаар хуудас/
2. Хохирогч О.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би нөгөө машин дээр очоод дүү Т, М, Б нараас “юу болсон юм яагаад хоорондоо муудалцаад байгаа юм яах гэж анхнаасаа гадны хүмүүс авч ирсэн юм” гэсэн. Тэгсэн чинь М нь “би илүүдээд байгаа юм байна” гээд надтай цуг явж байсан Ц дээр очоод маргалдаад хоорондоо барьцалдаж авахаар нь би очоод М-г “болиоч” гээд хойноос нь татсан чинь эргэж хараад миний зүүн нүдний дээд зовхи хэсэг болон нүүрийг хумсаараа маажаад, миний зүүн гарын чигчий хурууны хумсыг унагаагаад, миний нүдний шилийг унагаасан. Тэгэхээр нь би М-г үснээс нь татаж байгаад газарт унагаасан. Тэгээд би М-г “миний нүдний шилийг олж өг би шилгүй бол юм сайн хардаггүй юм” гэсэн чинь М миний нүдний шилийг олж авч ирээд өгтөл миний шилийн нэг тал эвдэрсэн байсан. Тэгээд манай төрсөн ах П ирээд намайг аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод өвчин намдаах тариа хийлгээд хуруундаа боолт хийлгэсэн... Би тухайн үед Ц.М-с өөр хүнтэй муудалцаж маргалдаагүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
3. Гэрч Э.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тухайн орой О.М болон манай найзууд М худалдааны төвийн урд талд зогсож байхад Ц.М нь нэг машинтай ирээд хажууд зогссон ... Нөгөө машинд байсан Ц.М нь манай машины урд сууж байсан Ц гэх охин руу ирснээ шууд чи яадаг болсон юм гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Тэгээд цаанаас О.М нь ирээд Ц.М-г араас нь татсан. Тэгээд Ц.М нь эргэж хараад нүүр рүү нь цохисон юм уу маажсан эсэхийг мэдэхгүй байсан ямар ч байсан нүдний шил нь хагарч унаад нүүрнээс нь цус гарсан байсан ба зүүн гарын чигчий хурууны хумс унаад цус гарсан байсан. Тэгээд Ц.М нь О.М-н нүдний шилийг хайж олж ирээд өгөхөд нүдний шил нь хагарсан байсан. Тэгээд бид нар О.М-г үзүүлэхээр эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
4. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Ц.М нь машинаас буугаад нөгөө машинд байсан Ц гэх охинтой маргалдаж байхад О.М нь очоод Ц.М-г яагаад байгаа юм бэ гээд татсан чинь Ц.М нь эргэж хараад О.М-г цохисон тэгээд О.М нь нүднээс цус гараад байна шүү дээ гээд орилохоор нь харсан чинь нүднээс нь цус гарч байсан. Тэгээд О.М нь миний шилийг олж өгөөч ээ гэсэн чинь Ц.М шилийг нь хайгаад байсан. О.М миний хумсыг чи хугалсан байна шүү дээ гэсэн чинь Ц.М нь миний хумс бас хугарсан байна шүү дээ гэсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/
5. Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, дадаагийн ахмад цолтой Д.Даваахүүгийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай “... 1. О.М-н биед зүүн дээд зовхинд шарх, зүүн гарын чигчий хурууны хумсны толио хэсгийн ховхорсон шарх, зүүн шанаанд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүдийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой болно. 5.6. Дээрх гэмтлүүдээс зүүн дээд зовхинд шарх, зүүн гарын чигчий хурууны хумсны толио хэсгийн ховхорсон шарх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд болно ...” гэх шинжээчийн дүгнэлт… /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр учирсан хохирлыг нэхэмжлэхгүй ... энэ хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй ...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/-ийг бичгээр гаргасан байна. Мөн шүүгдэгч нь хохирогч О.М-н шилний төлбөрт 140,000 (нэг зуун дөчин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 90,000 (ерэн мянга) төгрөгийг тус тус төлсөн болох нь ХААН банкны 2024 оны 01 дүгээр сарын 09, 29-ний өдрүүдийн шилжүүлгийн мэдээллийн баримт/хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ц-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол, нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА