Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

 

 

                                                           

 

 

 

 

 

 

   2024         01         08                                    2024/ШЦТ/36

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Түвшинбаяраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Ө.Э, Л.У нарыг оролуулан эрүүгийн 2311 00000 1545 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М овогт Ө-ийн Э /РД:хх00000/, 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... бааранд дижей (DJ) хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 162 шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 814 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Д овогт Л-ийн У /РД:хх00000/, 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, Ломбард 25 гэх газарт зээлийн мэрэгжилтэн, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Да хүрээ 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байр, 0 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Э, Л.У нар нь харилцан зодолдож бие биенийхээ  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Ө.Э, Л.У  нарын мэдүүлэг, гэрч Т.Чагнаадоржийн мэдүүлэг, шүүгдэгч Ө.Э, Л.У  нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13164 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13282 дугаартай шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э  мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Э  мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Л.У аас ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.У мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Ө.Э өөс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Э, Л.У  нар нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ө.Э, Л.У  нар нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ..... нэртэй бааранд байхдаа хоорондоо маргалдаж улмаар Ө.Э  нь хохирогч Л.У ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж зодож, чихний дэлбээнээс хазсаны улмаас хохирогч Л.У ын биед хүний биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий язарсан шарх, хүзүү, баруун гуя, духанд  цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.У нь хохирогч Ө.Э ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж зодож, цохисны улмаас хохирогч Ө.Э ийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

Хохирогч Л.У мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүрэгт байрлах ..... нэртэй бааранд үйлчлүүлэхээр ганцаараа орсон бөгөөд тэндээ 10 грамм захиалж уусан. Тэгээд сүүлд манай эмэгтэй найз Азжаргал  ирж хамт байсан. Тэгээд ширээнд сууж байсан тэр бааранд дижи хийдэг залуу болох зүс мэдэх Энхээ гэж дууддаг залуу тухайн үед архи уугаад сууж байсан тэгээд намайг цуг ширээнд суулаа гэж надтай маргаж намайг толгой руу 2, 3 удаа цохисон би тухайн үед биеэ хамгаалж хариу үйлдэл үзүүлж цохисон. Тэгээд салцгаагаад тэр залуу байхгүй болсон байсан. Тэнд байсан хүмүүсээс асуухад зугтаагаад явсан гэж хэлсэн. Тухайн бааранд манай найз Оюундалай барменаар ажилладаг бөгөөд тэгээл Энхээ гэх залууг тэнд ажилладгаар нь зүс мэддэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Хохирогч Ө.Э  мэдүүлсэн “...Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ..... бааранд дижейгээр ажилладаг бөгөөд ажиллаад 8 жил болж байгаа үндсэн дижигээр ажилладаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бааранд дижи хийж байгаад 03 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад байхад удалгүй миний сууж байсан ширээ нь дээр танил /манай бармен Оюундалайгийн найз гэдгээр нь танина ер нь манай бааранд байнга орж ирж байдаг хүн/ Л.У  гэх залуу согтуу нэг эсэгтэй хүнтэй хамт суусан. Тэгээд мэнд ус мэдчихээд нээх юм ч яриагүй байсан тэгээд Л.У  ширээнээс босч суухдаа ширээ их хөдөлгөөд ширээ нь дээр байсан юм зэргийг унагачих гээд 2, 3 удаа үйлдэл гаргахаар нь би яагаад байгаа юм бэ хүүхэн харахаараа онгироод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Л.У  намайг гаръя гээд шилэн хүзүүнээс татсан тэгээд бид 2 хамт үүд хэсэг рүү явсан. Тэр үед саяны ярьсан зүйлээ яриад хоорондоо маргалдсан. Тэгээд хоорондоо зууралдаж түлхэлцэлдэж маргалдсан тэр үед би Л.У ыг цохих гээд оноогүй тэгээд зууралдаад авахад Л.У  миний нүүр рүү 2 удаа мөргөсөн. Тэгээд би мөргүүүлэхгүй гэж чихийг нь хазсан тэгээд муудалцаад байж байхад сүүлд манай ажлын залуу Чагнаа ирж бид хоёрыг ирж салгасан. Тэгээд бид хоёр больцгоосн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Гэрч Т.Чагнаадорж мэдүүлсэн “...Би 2023 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө  бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэр үед манай дижей Ө.Э  ажиллаж байсан бөгөөд тарах үеэр ая аваад шилжүүлээд ер нь ажлаас бууж байсан. Тэгээд 03 цаг орчим байх намайг дотуур явж байхад коридор хэсэгт Ө.Э , зүс мэддэг Л.У тай маргалдаад зууралдчихсан байсан. Салгаад 2 тийш нь болгож Л.У ыг гадагш гаргасан. Тэр үед Л.У ын чихнээс  цус гарчихсан. Ө.Э  нүүр рүү нь цохичихлоо гээд тэгж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13164 дугаартай шинжээчийн “...Л.У ын биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд эдийн дутагдал бүхий язарсан шарх, хүзүү, баруун гуя, духанд  цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины дотор ирмэгт өнгөц түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр, зүүн нүдний дээд, доод зовхины дотор ирмэгийн өнгөц түлэгдсэн шарх гэмтэл нь газрын өндөр хэмийн үйлчлэлээр, 2023.10.14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13282 дугаартай шинжээчийн “...Ө.Э ийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-36, 37-38 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-42 дахь тал),

Шүүгдэгч Ө.Э  яллагдагчаар мэдүүлсэн “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Уг тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. ...Өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэгт болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа, өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үеэс хойш ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт аваагүй. Одоо хамрын баруун талаар янгинаж өвддөг. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.У яллагдагчаар мэдүүлсэн “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Уг тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. ...Өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэгт болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа, өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үеэс хойш ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт аваагүй. Хувийн гоо сайхны эмнэлгээр орж чихний гэмтлээ харуулсан эдгээж байж ирж үзүүлээрэй гэсэн. Хэдэн төгрөгийн ямар эмчилгээ болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Чихний дэлбээний хазсан тасарсан хэсгийн байхгүй болсон хэсэг нь бороолсон байна. Одоогоор эмичилгээ хийлгээгүй баримт төлбөр гарсан зүйл байхгүй гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд 3.500.000 төгрөг болно гээд байсан. Мөнгөгүй болохоор эмчилгээ хийлгэж чадаагүй. ...Намайг цохиж биед халдах үед биеэ хамгаалж хариу үйлдэл үзүүлж толгой хэсэг рүү нь цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай, бүрэн нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Э, Л.У нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Ө.Э, Л.У нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч  Ө.Э, Л.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч Ө.Э, Л.У нар нь эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.  

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.Э, Л.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ө.Э  нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 162 шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 814 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн боловч ялыг биелүүлсэн байна. Иймээс Ө.Э ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой. Шүүгдэгч Ө.Э, Л.У нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас төлөвлөсөн санаа зорилго тогтоогдохгүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байна. Иймээс шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Ө.Э, Л.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Шүүгдэгч Ө.Э, Л.У нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Ө.Э  нь урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, торгох ялаар шийтгүүлж байсан боловч дахин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ө.Э өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.У нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалсугай.

Шүүгдэгч Ө.Э, Л.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав..  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ө-ийн Э /РД:хх00000/, Д овогт Л-ийн У /РД:хх00000/ нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Э өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр  тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар  солихыг тус тус сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч Ө.Э, Л.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э, Л.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР