| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01808/И |
| Дугаар | 01927 |
| Огноо | 2020-11-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 01927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгчид С.Оюунжаргал, Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд
Нэхэмжлэгч: М овогтой Г.Х -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И овогт Д.Б -т холбогдох,
Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 319.900 / гурван зуун арван есөн мянга есөн зуу / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Д.Б, иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эд хөрөнгө “DAELIM” загварын солонгос мотоциклийг Д.Б нууцаар хулгайлан авч 319.900 төгрөгийн хохирол учруулсан юм. Миний мотоциклийн их гэрлийн шил эвдсэн, катушикний утас тасдаж, ажиллагаагүй болгосон, бензиний шланк тасалсан, суудлыг нь авч боолтыг нь алга болгосон ба түүнээс хойш гурван сарын хугацаанд унаагүй болгож, хохиролыг минь барагдуулахгүй байгаа учир хуулийн дагуу намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн мотоциклоо 2020 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооноос хулгайд алдсан. Хариуцагч мотоциклийг маань гражнаасаа гаргахгүй, эхнэр нь цагдаа нарыг очиход загнаад байсан гэсэн. Прокурор очиж байж нэгжлэг хийж гражийг нь онгойлгосон. Одоо мотоцикль маань эвдрэл ихтэй, унаж явах боломжгүй болсон. Кольц, кадушка, шланга нь олдохгүй байгаа. Миний мотоцикль бензин сольж хийж болдоггүй байсан. Би хариуцагчаас 319,900 төгрөгийг нэхэмжилж байна. Ажлаа алдаж дэлгүүрийн камер шүүлгэсэн. Камер шүүлгэхэд хүртэл мөнгө төлж байсан. Хүний эд хөрөнгийг хулгайлж авсан мөртлөө 50,000 төгрөг өгье гэж байгаад гайхаж байна. Миний мотоциклийг түрээд өөр тийшээ зүгээ буруулж явсан байсан. Би цагдаатай мөрийг нь хөөж байгаад мотоциклоо олж авсан. Цагдаа нарыг хэл амаар доромжилж, намайг шүүхээр яваад мөнгөө аваарай гэж хэлж байсан. Намайг мотоциклоо асааж байхад нэг хүн наадах чинь яачихсан юм бэ? гэж хэлж байсан юм. Түүнээс хойш би мотоциклоо нэг ч удаа унаагүй. Би Улаанбаатар хотод цагдаа унаж байсан мотоциклийг 1,600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зүгээр унаж байсан мотоциклийг 319,900 төгрөгөөр үнэлсэн. Хятад мотоциклийн мотор гэхэд л 500,000 төгрөг байдаг. Яагаад ч ингэж үнэлэгдэх боломжгүй. Хүний эд хөрөнгийг хулгайлж авч эвдчихээд одоо болохоор хохирлыг нь төлж чадахгүй гэж байгаа энэ хүнд үнэхээр ичих нүүр алга. Зүгээр байсан мотоциклийг маань хулгайлж аваад эвдэлсэн. Одоо буцаагаад явдаг болгож өгнө үү гэж хэлмээр байна. Явдаг байсан мотоциклийг явдаггүй болгосон. Цагдаагийн байгууллагад үнэлүүлсэн баримтын дагуу нэхэмжилж байгаа. Өөрөө энэ эвдэрхий мотоциклоо аваад надад явдаг мотоцикль олж өг гэж хэлж байна.
... 250,000 төгрөг өгвөл эвлэрэх боломжтой гэж хэлмээр байна. Сэлбэг нь олдохгүй байгаа. Би энэ мотоциклоос болж ажлаа алдаж шүүх хуралдаан дээр хүртэл ирж байна. Би өдөрт 150,000 төгрөгийн орлого олох боломжтой байдаг. Миний мотоциклийг хулгайлаагүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Надаас өдийг хүртэл маш их зардал гарсан. Энэ хүний хулгай хийсэн үйлдэл зөв юм уу гэж хэлмээр байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х-ы гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Гэмт хэргийн ямар хохирол учирсан тухай баримтыг хуулийн дагуу гаргаж өгөөгүй.
2. 319.900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Х-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүүлд мотоциклийг нь үнэлүүлэхэд 319,900 төгрөг болсон. Үнэлгээ хийлгэхээс өмнө цагдаа дээр 150,000 төгрөг, нэг утастай өгье, дансаа өгчих гэхэд “чи миний дансаар яах гээд байгаа юм” гээд байсан. Нэхэмжлэгч Г.Х сар гаран мотоциклоо унаж манайд болон цагдаагийн байгууллагад ирж байсан. Тэр дор нь надад эвдэрсэн гэж хэлээгүй. Энэ мотоцикль нь 20-30 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн Монголд унаж явах боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй. Би мотоциклийн үнэлгээ хийлгээгүй байхад хүн хохироосон юм байна гээд 150,000 төгрөг, нэг утас өгье гэж байсан. Гэтэл нэхэмжлэгч “би гар утсаар яадаг юм, дансаа өгөхгүй” гээд байсан. Одоогийн байдлаар би 50,000 төгрөгийн хохирол учирсан байх гэж бодож байгаа. Нэхэмжлэгч мотоциклоо манайхаас авч явснаас хойш сар гаран унаж байсан. Нотлох баримтаа авчраад хохирлоо нэхэмжилбэл би төлнө. Гэтэл ямар ч үндэслэлгүй зүйл надаас нэхээд байгаа.
... Би нэхэмжлэгчид 150,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Д.Б холбогдуулан Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 319.900 / гурван зуун арван есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төлөхийг зөвшөөрч үлдэх 169.900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргаж байна.
Хэрэгт нэхэмжлэгч Г.Х-аас “DAELIM” загварын солонгос мотоциклийг хариуцагч Д.Б хулгайлан аваад цахилгааны утас болон бензин насосны утсыг тасласан, бензин насосны шланкийг тасдаж оролтыг нь эвдсэн, кадушик ажиллагаагүй болсон талаарх 5 ширхэг гэрэл зураг,
Дөлгөөн мотоцикль, хөрөөний сэлбэгийн дэлгүүрээс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “ Байгууллагын нэр-Дөлгөөн сэлбэг, худалдан авагчийн нэр- 88335695, Материалын үнэт зүйлийн нэр, зэрэг, дугаар: дохио - нэгжийн үнэ 2500 төгрөг, тоо, ширхэг- 4 ширхэг, нийт дүн 10.000 төгрөг, толь- нэгжийн үнэ 3500 төгрөг, тоо, ширхэг- 2 ширхэг, нийт дүн 7.000 төгрөг, сигнал- нэгжийн үнэ 5000 төгрөг, тоо, ширхэг- 1 ширхэг, нийт дүн 5.000 төгрөг, ” гэх бичилт бүхий “П.Даваахүү РЭ85052038, Дөлгөөн мотоцикль хөрөөний сэлбэг, 1703080612059” гэх бичвэртэй тэмдэг дарагдсан Зарлагын баримт 1 ширхэг,
Хариуцагч Д.Б-ээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт 4 хуудас / Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар, Шүүхийн архив, Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Билгүүний 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг үндэслэн иргэн Г.Х-ы ХӨ3687 улсын дугаартай “DAELIM” маркийн мотоцикльд үнэлгээ тогтоосон тухай Итгэлт Эстимейнт ХХК-ий үнэлгээчин Б.Мядагмаа, үнэлгээний мэргэжилтэн Б.Баасандэмбэрэл нарын гарын үсэг бүхий Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар баримт 3 хуудас /Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар тэмдэг дарагдсан/ зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлжээ.
Хариуцагч Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө нэхэмжлэгч Г.Х-ы эзэмшлийн ХӨ3687 улсын дугаартай “DAELIM” маркийн мотоциклийг Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 29 дүгээр гудамжны 02 тоот хашааны үүднээс нууцаар, хууль бусаар авч Г.Х-ы өмчлөх эрхэд халдан 319.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Х аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/199 дугаар “Шийтгэх тогтоол”-оор нотлогдлоо.
Хариуцагч Д.Б нь “ ... Г.Х-ы эзэмшлийн ХӨ3687 улсын дугаартай “DAELIM” маркийн мотоцикль 319.900 төгрөгөөр үнэлэгдсэн, одоо уг мотоцикль Г.Х-д өөрт нь байгаа хэрэг болсноос хойш мотоциклоо унаад яваад байсан би зөвхөн өөрийнхөө эвдсэн сэлбэг хэрэгслийн үнийг төлнө ... 150.000 төгрөгийг хариуцагчид өгөхийг зөвшөөрч байна” гэж маргасан ба бусад үйл баримтанд маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Х нь буруутай этгээд болох Д.Б-ээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч Г.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь сэлбэг худалдан авсан талаархи зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримт нь худалдан авагч, хүлээн авагч, хүлээлгэн өгсөн эд хариуцагч нарын нэр, гарын үсэггүй байгаа учир нэхэмжлэгчийн гэм хор учирсан гэх мотоцикльд тавигдсан эд анги гэж үзэн үнэлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд ямар хохирол учирсан, түүнийгээ хэзээ яаж засварласан, хэдэн төгрөгний сэлбэг авсан, одоо хэдэн төгрөгний үнэтэй, ямар эд анги шаардлагатай талаархи холбогдох баримтыг ирүүлээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагчид татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.
Иймд хариуцагч Б нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн учир хариуцагчаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 150.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 169.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 150.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 5.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, зааснаар хариуцагч И овогт Д.Б-ээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 150.000 / нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М овогтой Г.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 169.900 /нэг зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД С.ОЮУНЖАРГАЛ
Р.САРАНТУЯА