| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01863/И |
| Дугаар | 01863 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 01863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Голомт банкны Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Г.Т,
Хариуцагч: Г.Т нарт холбогдох
Үндсэн зээлийн төлбөр 17.122.792,38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.755.630,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18.670,61 төгрөг, бүгд 18.897.093 /арван найман сая найман зуун ерэн долоон мянга ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2020/01359/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э, нэхэмжлэгч байгууллагын захирал А.Ц, хариуцагч Г.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т, Г.Т нар нар нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, дугаар ЗГ4905108102 тоот зээлийн гэрээ байгуулан, 20.000.000 /хорин сая/ төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Үндсэн зээлийн төлбөр 17.122.792,38 төгрөг,
Үндсэн хүүгийн төлбөр: 1.755.630,42 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 18.670,61 төгрөг,
Зээлийн хугацаа хэтэрсэн хоног: 194.
Нийт төлбөр 18.897.093 төгрөг /арван найман сая найман зуун ерэн долоон мянга ерэн гурав/ гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын захирал А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Т, Г.Т нар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас ЗГ4905108102 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөлт хийхгүй байсаар 194 хоногийн хугацаа хэтэрсэн тул банк санаачлагаараа зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нарыг зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, уулзаж байсан ч зээлийг одоо болтол төлөхгүй, ямар нэг санаачлага гаргахгүй байна. Хамтран зээлдэгчээр Г.Т зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгч Г.Т, хамтран зээлдэгч Г.Тнар төлөх ёстой.
Иймд үндсэн зээлийн төлбөр 17.122.792,38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.755.630,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18.670,61 төгрөг, нийт төлбөр 18.897.093 төгрөгийг Г.Т, Г.Т нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Голомт банкны Хөвсгөл салбараас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн төлбөрийг сард 253.000 төгрөгөөр 2 удаа буюу 506.000 төгрөг төлөх хуваарьтай байсан боловч ажлаасаа гарч, зээлийн төлбөрийг хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр дүү Г.Т гарын үсэг зурсан боловч тухайн зээлээс авч хэрэглээгүй тул эргэн төлөлт түүнд хамааралгүй юм. Би үйл ажиллагааны орлогоосоо хамаарч их, бага хэмжээгээр Голомт банкны нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 17.122.792,38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.755.630,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18.670,61 төгрөг, нийт төлбөр 18.897.093 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Т Г.Т нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 17.122.792,38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.755.630,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18.670,61 төгрөг, бүгд 18.897.093 /арван найман сая найман зуун ерэн долоон мянга ерэн гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Г.Т, Г.Т нар нь Голомт банкны Хөвсгөл салбараас цалингийн зээл 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байна. Тус зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, Голомт банкны Хөвсгөл салбар, үндсэн зээлдэгч Г.Т, хамтран зээлдэгч Г.Т нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ4905108102 дугаар зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдлоо.
Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2019 оны 10 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээлдэгч нарт Голомт банкны Хөвсгөл салбараас хүргүүлсэн мэдэгдэл, тайлбар, Г.Т-ийн зээлийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.
Зээлдүүлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал А.Ц-ын шүүх хуралдаанд гаргасан ...Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөлт хийхгүй байсаар 194 хоногийн хугацаа хэтэрсэн тул банк санаачлагаараа зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэх тайлбарт хариуцагч нар маргаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ4905108102 дугаар зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлагдсан байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Г.Т ...Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр дүү Г.Т гарын үсэг зурсан боловч тухайн зээлээс авч хэрэглээгүй тул эргэн төлөлт түүнд хамааралгүй юм...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.
Харин хариуцагч Г.Т-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Учир нь хариуцагч Г.Т-т 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн, нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.
Хариуцагч Г.Т хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Г.Т Г.Т нараас үндсэн зээлийн төлбөр 17.122.792,38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.755.630,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18.670,61 төгрөг, бүгд 18.897.093 /арван найман сая найман зуун ерэн долоон мянга ерэн гурав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.435,47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 252.435,47 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Т шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай болон зохигчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Г.Т, хариуцагч Г.Т нараас үндсэн зээлийн төлбөр 17.122.792,38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.755.630,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18.670,61 төгрөг, бүгд 18.897.093 /арван найман сая найман зуун ерэн долоон мянга ерэн гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.435,47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 252.435,47 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА