| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
2024 01 24 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,
улсын яллагч О.Багшбаяр /томилолтоор/,
шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Од холбогдох эрүүгийн 2311 01086 1650 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” салоны үүдэнд өлгөсөн байсан хохирогч Б.Мийн куртикний халааснаас “Mercedes Benz GLE350” загварын тээврийн хэрэгслийн ухаалаг түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Нийт 2,800,000 төгрөгийн хохирлоос 1,800,000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо 1,000,000 төгрөг үлдсэн” гэв.
Эрүүгийн 2311010861650 дугаартай хэргээс:
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Ганбаатарын 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"…би 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Алтай центр төвийн ард байрлах “................” салонд 18 цагийн үед үйлчлүүлж байхад тэр газрын ажилчин та цэнхэр куртиктай юу гэж асуусан би урт хар куртик байгаа гэтэл энэ таны куртик мөн үү гадаа үүдэнд байна гэж хэлсэн. Тэгээд би куртикныхаа халаасыг шалгахад халаасанд байсан машины түлхүүр байхгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч А.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед ажил дээрээ байхад манайхаар байнга үйлчлүүлдэг Б.М гэж эмэгтэй үйлчлүүлэхээр орж ирсэн бөгөөд ойролцоогоор 20 минутын дараа манай ажлын З гадаа үүдэнд нэг куртик байна гэж хэлсэн тэгээд очиж хараад үйлчлүүлэгч эгчид үзүүлэхэд миний куртик байна гэж хэлээд халаасаа үзээд машины түлхүүр байхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний” Дамно ХХК”-ний 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Mercedes benz GLE350 загварын 2017 онд үйлдвэрлэгдсэн түлхүүр 2,800,000 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 32-33-р хуудас/,
Шүүгдэгч С.Оын хувийн мэдээлэл /57-62-р хуудас/,
Шүүгдэгч С.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/,
Шүүгдэгч С.Оын “Хөдөлмөрийн чадварын алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” /хх-ийн 55-р хуудас/,
Шүүгдэгч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Б.М гэсэн ..................... дугаарын дансанд 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “С.О нь F07.8 өвчний учир СЭМҮТ-д хяналтад байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтсон...” гэсэн комиссын шийдвэр зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч С.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч С.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч С.О нь 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” салоны үүдэнд өлгөсөн байсан хохирогч Б.Мийн куртикний халааснаас “Mercedes Benz GLE350” загварын тээврийн хэрэгслийн ухаалаг түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Ганбаатарын 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"…би 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Алтай центр төвийн ард байрлах “................” салонд 18 цагийн үед үйлчлүүлж байхад тэр газрын ажилчин та цэнхэр куртиктай юу гэж асуусан би урт хар куртик байгаа гэтэл энэ таны куртик мөн үү гадаа үүдэнд байна гэж хэлсэн. Тэгээд би куртикныхаа халаасыг шалгахад халаасанд байсан машины түлхүүр байхгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
гэрч А.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед ажил дээрээ байхад манайхаар байнга үйлчлүүлдэг Б.М гэж эмэгтэй үйлчлүүлэхээр орж ирсэн бөгөөд ойролцоогоор 20 минутын дараа манай ажлын З гадаа үүдэнд нэг куртик байна гэж хэлсэн тэгээд очиж хараад үйлчлүүлэгч эгчид үзүүлэхэд миний куртик байна гэж хэлээд халаасаа үзээд машины түлхүүр байхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/,
хөрөнгийн үнэлгээний” Дамно ХХК”-ний 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Mercedes benz GLE350 загварын 2017 онд үйлдвэрлэгдсэн түлхүүр 2,800,000 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 32-33-р хуудас/,
шүүгдэгч С.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугийн талаар маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааснаар өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” мөн бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан буюу захиран зарцуулснаар төгсдөг.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Оын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бусдын эзэмшил, өмчлөлийн буюу хохирогч Б.Мийн 2,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийн ухаалаг түлхүүрийг түүний куртикнээс нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар сэм авч буцаан олдох боломжгүй болгон санаатайгаар хаяж хохирогчийн өмчлөх эрхэнд халдсан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мт 2.800.000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 32-33 дугаар хуудас/-аас шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,800,000 төгрөг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч С.Оыг 1,000,000 төгрөгийг хохирогч Б.Мт төлөх төлбөртэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн оршин суух хаяг буюу Төв аймгийн Эрдэнэ сумын Харцтайн өгөөмөр багын нутаг дэвсгэрээс нэг жил зургаан сарын хугацаанд гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 2,800,000 төгрөгийн хохирол учирсан хохирлын байдал шинж чанар, түүний удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосноор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч С.Од зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялын бүсчлэл хэмжээ хязгаарыг түүний оршин суух хаяг болох Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээр, хугацааг 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 6 /зургаа/ сарын хугацаагаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ооос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ..............тоотод оршин суух Б.М /РД:/-т олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР