Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00556

 

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00556

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Л.А-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 153/2020/00523/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  миний бие нь 1964 оны 04 сарын 14-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Одоо 56 настай. Миний бие нь бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 8 дугаар анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн.

Дунд сургуулиа төгсөөд Залуучуудын Эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Мөнгөн аяга бригадад мал малладаг аав Д.Лувсангийн суурьт туслах малчнаар хувиарлагдан очсон. Мал маллаж байгаад 1982 оны 06 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 144 дүгээр ангид алба хааж, 1985 оны 06 сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаад нутагтаа ирж нэгдлийн мал малласан. Миний бие нь 1988 онд Д.Нямдуламтай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэгдэл тарснаас хойш одоог хүртэл Ховд аймгийн Дарви сумандаа хувийн мал маллан амьдарч байна. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн.

Иймд намайг 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн 1985 оны 06 сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Арцсэд нь бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж өссөн. А нь 9 настайдаа сургуульд орсон байдаг. Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийг төгсөөд тухайн үеийн залуучуудын жишгээр илгээлтээр аав Лувсангийн хамт мал малласан байдаг. Мал маллаж байгаад 1982 оны 06 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 144 дүгээр ангид алба хааж, 1985 оны 06 сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд мөн л нэгдэлдээ мал маллаж эхэлсэн. 1988 онд эхнэр Н-тай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн. Нэгдэл тарж өмч хувьчлал явагдаж малыг малчдад хувиарлаж өгсөн байдаг. Одоо ч гэсэн хувиараа мал маллан амьдарч байгаа. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож авсан байдаг.

Л.А-ийн хувьд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт өгөх болсон үндэслэл нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар малчин тэтгэвэр тогтоолгох журамд заасан эрхийн дагуу хүсэлт гаргасан... гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А-ийг 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1082 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын 1980-1982, 1985-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 4-11 дүгээр тал/

2. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас/хх-ийн 17 дугаар тал/

3.Хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагааны хуулбар /хх-ийн 19 дүгээр тал

4. Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 07 дугаар талын 10-ны өдрийн 861 тоот албан бичгээр ирүүлсэн Л.А-ийн ХААТР-1 маягтын хуулбар, /хх-ийн33-34 дүгээр тал /

5.Гэрч Б.Сонинцэцэгийн... 1977 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг Би 1977 онд Завхан аймгийн худалдаа бэлтгэлийн техник мэргэжлийн сургуулийг худалдагчийн ангийг төгсөж ирээд Ховд аймгийн Дарви сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1992 он хүртэл ажилласан. Л.А-ийн эцэг, эх нь манай аав ээжтэй олон жил айл саахалт нэг бригадын малчин явсан хүмүүс. Л.А нь миний мэдэхийн 8 дугаар анги төгсөөд шууд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан цэргээс ирээд тус нэгдэлдээ малчнаар нэгдэл тартал ажилласан. Одоо ч гэсэн цөөхөн тооны малтай амьдарч байгаа хүн. Л.А-ийн аав нь Л гэж хүн байсан. Аймаг сумын аварга малчин хүн байсан. Ээж Хандсүрэн гэж хүн байсан. А нь айлын том хүүхэд байгаа юм. Л-ийн бүх хүүхдүүд малчин болсон сургууль соёлд явсан хүүхэд байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа дахин нотлох баримтаа бүрдүүлэн хандах эрхийг нээлттэй орхилоо. Учир нь энэ хэсэгт холбогдох нотлох баримт байхгүй байгаа болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.А-г 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл,1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа дахин нотлох баримтаа бүрдүүлэн хандах эрхийг нээлттэй орхисугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ