Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 11888

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б овогт Д.Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т овогт Н.Б-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон 5.000.000 /таван сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2020/01535/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх   хуралдааны   нарийн  бичгийн  дарга  Л.Сувд, нэхэмжлэгч  Д.Б, хариуцагч Н.Б нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь нөхөр Н.Б-тай 1999 онд танилцан үерхэж байгаад 1999 оны 9 дүгээр сарын 27 -ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулж, нэг гэртээ орсон. Бид дундаасаа 2 хүүтэй ба 2003 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Б, 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Ш төрсөн. Нөхөр бид 2 эхний жилүүдэд хоорондоо эвтэй найртай сайхан амьдарч байсан боловч 2001 оноос нөхөр намайг удаа дараа зодож түүний хойд эцэг Б бидний амьдралд үргэлж оролцож, хэрүүл маргаан гаргуулдаг байсан. Нөхөр Н.Б 2011 онд Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд яваад хэл сураггүй болсон. Би түүнийг надаас салаад явж гэж бодоод 2012-2017 он хүртэл нутгийн залуу болох Б-тэй хамтран амьдарч, Б 2017 онд зуурдаар нас барсан. Би энэ хооронд нөхөр Б-тай ямар нэгэн байдлаар холбоотой байгаагүй ба Б Улаанбаатар хотод Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат эмэгтэйтэй гэр бүл болсныг мэдсэн. Нэгэнт нөхөр Б бид хоёр тусдаа амьдраад 9 жил болж байгаа бөгөөд энэ тусдаа амьдрах хугацаанд би л хүүхдүүдээ харж хандаж, асарч хүмүүжүүлсээр өдийг хүрсэн. Би нөхрөөс салаад явахдаа түүний эцэг эхийн бэлдэж өгсөн гэр болон малыг нь бүгдийг нь орхиод хоёр хүүхдээ аваад явсан юм. Энэ орхиж явсан малд бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон мал ч байсан.

Иймээс иргэн Д.Б би нөхөр Н.Б-аас гэрлэлтээ цуцлуулах, хүү Б.Б, Б.Ш нарыг эх миний асрамжинд үлдээх, хүүхдүүдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр эцэг Н.Б-аас гаргуулах, хүүхдүүдийг орон байраар хангуулахын тулд 5.000.000 төгрөгийн гэр орны асуудлыг Н.Б-аас гаргуулах зэрэг нэхэмжлэлийг тус  шүүхэд гаргаж байна гэжээ.

  Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1999  оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болоод 11 жил амьдарсан. 2003 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүү Б, 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Ш нар төрсөн. Би хоолны газар сарын 60.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Б 2011 онд Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Надад мөнгө хэрэгтэй болоод залгахад миний замаас алга болоод өг гэхээр нь энэ талаар хадам ээжид хэлсэн чинь өөрийнхөө амьдралыг бод гэсэн. Нөхөртэйгөө ярихаар өөр эмэгтэйтэй байна гэж хэлдэг мөн шоолж инээсэн. Бид одоо 9 жил тусдаа амьдарч байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авч, хүүхдүүддээ асрамж тогтоолгох, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд маань миний асрамжид байсан. Том хүү маань одоо Улаанбаатар хотод аав дээрээ байдаг. Одоо гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эвлэрэх боломжтой, өөрөө эцгийн үүргээ биелүүлж байна гэвэл эвлэрэх боломжтой байна. Хоёр хүүхэд маань нэг нэгээрээ байгаа юм чинь тэтгэлэг нэхэмжлэхгүй харин хоёр хүүхдийнхээ төлөө амьдарч бас ярилцаж байх нь зүйтэй юм байна. Тиймээ тэгж ойлгож болно. Энэ талаар ярих гэтэл ярьдаггүй байсан юм. Хэн хэн нь цаашдаа хүүхдүүдийнхээ төлөө байна. ... гэв.

Хариуцагч  Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие Д.Б-тай 1999 оны 9 дүгээр сарын 27-нд гэр бүл болж хамтран амьдрах болсон. 2003 оны 5 сард хүү Б.Б, 2006 оны 12 сард Б.Ш мэндэлж ам бүл болж амьдарсан. Д.Б нь өөрийн өргөдөлдөө удаа дараа зодож, хойт эцэг Б нь бидний амьдралд үргэлж оролцож хэрүүл шуугиан гардаг гэж худлаа гүтгэж бичсэн нь үнэнд дүйцсэнгүй. Батсайхан миний бие цөөхөн тооны малтай, эхнэр Б ажилгүй, ажил олж хийж амьдралаа авч явах шаардлагатай болсон тул Улаанбаатар хот орж цалинтай ажил хийж, эхнэр хоёр хүүхдээ тэжээж тэтгэж байсан. Энэ хугацаанд Б нь орон гэр эзгүйчилж 4 дүгээр багийн иргэн Б гэдэг залуутай эр эмийн харьцаанд орж эхнэр, нөхөр болсон байсан. Иймд хойт эцэг Б “юу болж байна” гэж удаа дараа очиж хэлж, ярьж явсныг  хэрүүл, тэмцэл хийсэн гэж бичсэнд гомдолтой байна. Б цаашид харьцаагаа улам гүнзгийрүүлж гэр орноос нь хүн очиж хэлэхэд Батсайханаас сална гэж хэлээд сууж байсан. Энэ явдлын дараа хамт амьдрах болсон Б гэдэг залуутайгаа  гэрийн доторхи эд хогшил, давхар эсгий бүрээс, хөлдөөгч зэрэг бүх зүйлээ     аваад дээр нь хамт амьдарч байхдаа хуримтлуулсан  хонь 45 толгой - үнэлгээ 3.600.000 төгрөг, эм ямаа 30 толгой, нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг, хурга 15 толгой, нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 750.000 төгрөг, ишиг 15 толгой, нэг бүрийн үнэ 30.000 төгрөг, нийт 450.000 төгрөг,  бүгд 6.600.000 төгрөгийн мал авсан. Би хоёр хүүхэддээ өгч байгаа гэж бодоод өөрөө шалдан гэрийн мод, нөхөөс болсон туурга дээвэртэй өмсөх хувцасгүй үлдсэн. Одоо хүү Б овогтой Б миний хүү над дээр байж барилгын компанид ажиллаж байна. Одоо 17 настай барилгын коллежид сурдаг харж хандаж олсон мөнгөнөөс илүүчилж байсан. Д.Б-ийн нөхөр болж байсан Б энэ хоёр Цэцэрлэг сумын Согоот бригадад хамтран мал маллаж амьдарч байсан. Энэ хугацаанд гэр бүлийн зөрчлөөс болж гэрээ шатааж өөрийгөө буудан хороосон нь үнэн билээ. Энэ хугацаанд 9 жил ямар ч чимээ гаргахгүй амьдарчихаад одоо өргөдөл бичиж, гомдол гаргаж байгаад гомдолтой байна. Би энэ хугацаанд авгай аваагүй харсаар явсан бүр сүүлдээ энэ хүнтэйгээ хамтран амьдарсан. Одоо тэтгэмж гаргаж өгөх чадвар байхгүй ажилчидын подвалд амьдарч байгаа. Ээж, аав хоёрын бэлдэж өгсөн гэр орон хамт амдарч байхдаа авсан. Хөргөгч угаалгын машин бусад зүйлийг тухайн үед бүгдийг нь өгсөн нь үнэн болно. Энэ өгсөн эд хөрөнгө, малын үнэлгээ бүгд нийлээд 18.000.000 төгрөг болно гэжээ.

 Хариуцагч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Би гэр бүлээ зохиосон. Би ажил хийхээр Улаанбаатар явсан. Тэгээд алтны компанид 2 сар ажилласан. Тэгээд намайг ирэхэд Б би өөр хүнтэй болсон гэж утсаар ярьсан. Тэгээд нөхрөөрөө дарамтлуулаад байсан. Дараа нь бүх малаа туугаад М сум руу нүүгээд явсан байсан. Тухайн үед утсаар ярихад сонссон хүмүүс инээхийг буруугаар ойлгосон байсан. Боломж гараагүй юм. Намайг хүүхдүүдтэй минь утсаар яриулаагүй. Бага хүүгээ Улаанбаатар хотод өдрийн сургуульд сургахаар болж байхад ээж нь аваад хөдөө явчихсан. Улаанбаатар хотоос ирээд шууд хөдөө явчихсан. Дараа нь хүүтэйгээ ярихад ээж намайг хөдөө гаргасан гэж хэлж байсан. Өнгөрсөн жил бие нь өвдөөгүй. Хотод намар очсон байсан хүү маань ирээд хэлсэн. Өөрт нь мал байхгүй. Насанд хүрээгүй хүүхдээр айлын мал маллуулж байна. Эвлэрч болно. Тэртээ тэргүй одоо нэг нэгээрээ асрамжинд байгаа. Тэгээд ч би эцэг хүний хувьд миний асрамжинд байхгүй ч бага хүүхдээ боломжийн хэмжээнд харж хандана гэж бодож байна. Тэгье хэн хэнээсээ тэтгэлэг нэхэмжлэхгүй хүүхдүүдээ асарч харж байя л гэж бодож байна. Эвлэрсэн гэж үзэж болно.... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон 5.000.000 / таван сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч  шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Б-аас 5.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Н.Б-д нар нь 1999 онд гэр бүл болсон, тэдний дундаас хүү Б.Б, хүү Б.Ш нар төрсөн болох нь:

 Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн “ Монгол улсын иргэн, Т овогт Н.Б,  Монгол улсын иргэн,   Б овогт Д.Б нарын 1999 оны 9 дүгээр сарын 27-нд гэр бүл болсныг Х аймгийн Ц сумын 21-рт 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн  бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/006144 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Х аймгийн Ц суманд 2003 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Т овогт Б.Б -ийн Иргэний үнэмлэхний хуулбар баримт  1 хуудас,

Х аймгийн Ц суманд 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т овогт Б.Ш-ийн Төрсний гэрчилгээний хуулбар баримт  1 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.”,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.”,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно.” гэж тус тус хуульчилсан байх тул  нэхэмжлэгч Д.Б нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хэрэгт Д.Б, Н.Б нарын гэр бүлийг цуцлах ноцтой шалтгаантай талаархи баримт авагдаагүй хэдий ч Д.Б, Н.Б нар нь 9 жилийн хугацаанд тусдаа амьдарсан, түүнчлэн нэхэмжлэгч Д.Б, хариуцагч  Н.Б нар нь өөр хүнтэй гэр бүл зохион хамт амьдарч байсан зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Х аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “ ...  уригдсан тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй  болсон тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг хэрэгт авагдсан байна. 

 

         Иймд  Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “ Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид хүүхдийн асрамжийн талаар эвлэрч хүү Б.Б-ийг эцэг Н.Б-ы, хүү Б.Ш-г эх Д.Б-ийн  асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн тул хүү Б.Б-ийг эцэг Н.Б-ы, хүү Б.Ш-г эх Д.Б-ийн  асрамжинд үлдээв.

 

         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Эцэг эх дараахь үүрэг хүлээнэ: ... 26.2.2-т “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж,

 

        Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.3-т “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.” гэж заасан ба зохигчид хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгч, хариуцагч нар гаргуулахгүй  байхаар харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.  

 

          Хэрэгт хүү Б.Б, хүү Н.Ш нар нь эрүүл бойжиж байгаа болон талаар:

Х аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Солонгын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай   “ Б овогтой Ш нь 4 дүгээр багийн харъяат, 14 настай, эрэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх,

Х аймгийн Ц сумын Уранхайрхан 2 дугаар багийн засаг дарга Б.Мөнхбаатарын 2020 оны 6  дугаар сарын 03-ны өдрийн “ Д овогтой Б нь ам бүл 3, 4 дүгээр багт, Тайлбар: Д.Б нь 2 хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов. Хүү Б.Б, хүү Б.Ш ” гэх,

Улаанбаатар хотын Барилгын Политехник коллежийн сургалтын арга зүйч Б.Ууганбилэгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “ Б овогтой Б  нь 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн “Барилгын сантехник мэргэжлийн 2б ангид суралцаж байгаа нь үнэн болно. “гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуягийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 379 дугаартай  “... баталсан амьжиргааны түвшиний 409.679 босго онооноос доогуур багтсан байна...” гэх албан бичгийн хавсарган “ ... улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү. ...”  гэх хүсэлтийг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн ба  нэхэмжлэгч Д.Б-г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдаж, хариуцагч Н.Б-аас  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар үйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ  нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт Н.Б, Б овогт Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Т овогт Б.Б-г эцэг Н.Б, Т овогт Б.Ш-г эх Д.Б-ийн  асрамжид тус тус үлдээсүгэй.

 3.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Б-аас 5.000. 000/ таван сая / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, гэрлэгчид нь  хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Н.Б-аас улсын тэмдэгтийн хураамж  70.200  /далан мянга хоёр зуу / төгрөгийг  гаргуулж улсын орлогод оруулсугай.

             5.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА