Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч А.Д,

орчуулагч, хэлмэрч А.А,

хохирогч Ж.Р,

шүүгдэгч Р.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А а ургийн овгийн Рийн Бд холбогдох 2313000000321 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 1, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр багийн 36 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, урьд 1) Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял, 2) мөн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, З) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, А а ургийн овгийн Рн Б, регистрийн дугаар .......,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Б нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Жын гэрт, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16-17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Ргийн түрээсийн байранд хохирогчийг тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Жын гэрт, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд болон 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Ргийн түрээсийн байранд хохирогч Ж.Рг, мөн 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт охин Б.Мийг тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:

- Хохирогч Ж.Р мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч бид хоёр 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж тус тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд бид нарт нөхөр маань байнга ирж дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан. Анхны удаагаа зөвхөн нөхөртөө сануулга өгөх зорилгоор цагдаад мэдүүлж байсан. Одоо надад нөхрөө тэвчих тэвчээр байхгүй байна. Бид нэгэнт гэрлэлтээ цуцлуулсан тул нөхөр маань надтай уулзах шаардлага байхгүй. Нөхрөөсөө хүсэх зүйл маань хүүхдүүдтэйгээ 1 сард 1 удаа л уулзаж байвал болно. Нөхөр маань надад дахин дарамт, хохирол учруулахгүй гэдэгт итгэхгүй байна. Нөхрөөсөө мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо хүртэл нөхрийнхөө зээлийг төлж байна. Одоо түрээсийн байранд амьдарч байгаа. Нөхөр маань надаас хол байхыг хүсэж байна. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш нөхөртөө хэд хэдэн удаа тус болж байсан. Миний ажилладаг газарт очиж дарамт үзүүлдэг байсан. Одоо “Асыл мура” гэх газарт ажиллаж байна” гэв.

-Шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: “...Хүүхдээ зодсон гэдгээс бусад үйлдлээ зөвшөөрч байгаа. Би хүүхдээ зодоогүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, эхнэрээсээ уучлал гуйж байна. Гэр бүл болсон 20 гаруй жил ямар нэгэн хэрэгт орооцолдож байгаагүй. Гай болж эхнэртэйгээ муудалцаж, ийм хэрэгт холбогдлоо. Бид хоёр 6 хүүхэдтэй, хүүхдүүдээ бодохоор харамсаж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

2. Эрүүгийн 2313000000321 дугаартай хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ж.Ргаас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 05 минутад, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутад, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 00 минутад, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 25 минутад, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 30 минутад тус тус Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1, 2 дугаар хавтаст хэргийн 4, 3 дугаар хавтаст хэргийн 1, 4 дүгээр хавтаст хэргийн 2, 5 дугаар хавтаст хэргийн 02 дахь тал),

2.2. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 3-5, 2 дугаар хавтаст хэргийн 6-8, 3 дугаар хавтаст хэргийн 3-5, 5 дугаар хавтаст хэргийн 09-11, 4 дүгээр хавтаст хэргийн 4-6 дахь тал),

2.3. Хэргийн газарт буюу иргэн Ж.Жын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал),

2.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 480 дугаартай шийтгэвэр ( 1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дахь тал),

2.5. Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие нөхөр болох Р.Бтай 2007 онд анх гэр бүл болсон. Бид хоёр зургаан хүүхэдтэй. Р.Б сүүлийн үед архи их уудаг болсон. Архи уух болгондоо намайг зодож дарамталдаг. Хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтуу ирж намайг зодож миний эрх чөлөөнд халдсан. Тэр үед би цагдаагийн газарт гомдол гаргасан. Уг асуудлыг цагдаагийн ахмад К.Депудат гэх цагдаа шалгаж байгаа. Миний бие 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би хүүхдүүдээ авч аав, ээжийн гэр лүү явсан. Тэр өдрөөс хойш өдөр болгон над руу залгаж “чи хурдан хүүхдүүдээ аваад ир, цагдаад гаргасан гомдлоо буцааж авахгүй юм бол би чамайг ална, чиний гэр бүлийн хүмүүсийн бүгдийг алж чадна” гэх мэтээр дарамталдаг байсан. 2023 оны 7 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг аав, ээжийн гэрт байхад нөхөр болох Р.Б 4727БӨА улсын дугаартай “Ексел” маркийн тээврийн хэрэгслээр манайд согтуу ирээд “чи хурдан надтай хамт яв, хоёулаа явах ёстой” гэхээр нь би түүнд хамт явахгүй гэдгээ хэлсэн. Тэр үед Р.Б миний хажууд дөхөж ирээд зүүн гараараа миний үснээс татаж зулгааж байгаад баруун гараараа миний толгой тус газраас нэг удаа цохисон. Энэ үед миний зүүн талын чихээс цус гарах үед би доошоо тонгойж суусан ба гэрт байсан 4 настай хүү Еыг аваад машиндаа суулгаад яваад өгсөн. Р.Б архи уух болгондоо намайг дарамталж зоддог. Ямар шалтгааны улмаас ийм үйлдэл гаргадаг болохыг нь би мэдэхгүй. Би нөхрөөсөө айснаас болж нэг ч хүнтэй, хөрш айлын хүмүүстэй ч уулзахгүй байдаг. Тэр үед манай ээж С.Тилеухан харж байсан, харин аав маань гэртээ байхгүй байсан...

...Би одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, тийм болохоор түүнээс нэг ч төгрөг нэхэмжлэхгүй. Харин би түүнээс гэр бүлээ цуцлуулахыг хүсэж байна. Би нөхрөө заавал шоронд явуулж өг гэж хэлэхгүй. Бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг л хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-17, 19, 21 дэх тал),

2.6. Гэрч С.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний охин Р 2007 онд Бтай гэр бүл болсон. Анх гэр бүл болсон өдрөөс эхлэн Б манай охин Рг байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг байсан. 2013 онд Б, Р нарыг гэр бүлийг цуцлуулах гэсэн боловч Бы аав нь удаа дараа ирж уучлалт гуйсан тул хооронд нь эвлэрүүлсэн. Түүнээс хойш Б нь өдөр бүр архи ууж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байхаар нь манай охин Р 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүүхдүүдээ аваад манай гэрт ирсэн. Тэр өдрөөс хойш манай гэрт байгаа. Р манай гэрт байх хугацаанд Б өдөр бүр согтуу ирээд янз бүрийн байдлаар дарамталдаг болсон. 2023 оны 7 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэрт байхад Б манай гэрт согтуу орж ирээд идэх хоол байна уу гэхээр нь би өөрсдийн идэх гэж байсан хоолноосоо хийж өгсөн. Тэгээд мөргөл үйлдэх цаг болсон тул би мөргөл үйлдээд сууж байсан ба Б хоолоо идэж сууж байгаад манай охин Рд хандаж “цагдаа нарт хандаж гаргасан гомдлоо буцааж ав, хэрэв гомдлоо буцааж авахгүй юм бол чи амьд явж чадахгүй шүү, би чамайг алах болно” гэж хэлж байхаар нь би сандраад хурдан дуусгаад боссон. Тэр хооронд манай охин хөргөгчөөс юм авах гэж очиж хаалгыг нь онгойлгох гэж буруу хараад зогсож байхад Б араас нь очиж үснээс нь татаж байгаад толгойноос нь нэг удаа цохих үед миний охины чихнээс нь цус гарсан. Тэр үед би “хөөе чи хүн аллаа шүү дээ” гэж хэлээд сууж байсан газраасаа босоод араас нь очих хүртэл Б хаалга руу зугтаж гарсан. Р араас нь очиж барьж авах гэсэн үед Б Рг дахин өшиглөсөн үед Р газар унасан. Тэр үед гэрт сууж байсан 4 настай хүү болох Еыг гараас нь хөтлөөд аваад яваад өгсөн. Б миний охин Рг зодож биед нь гэмтэл учруулсныг би өөрийн нүдээр харсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 496 дугаартай “...1. Ж.Ргийн биед зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт оёдол тавьсан шархтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, 1-10 хоногтоо үүссэн, шинэ гэмтэл. 3. Гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт ( 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),

2.8. Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Р.Б 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагт миний түрээсэлж авсан байранд ирсэн. Өмнөх өдөр нь миний бага хүү ийг дагуулж явсан бөгөөд өглөө тэрийг дагуулж гэрт ирсэн байсан. Тэгээд хүүхдүүд хичээлд явсны дараа надыг бэлгийн харилцаанд орохыг шаардсан. Тэгээд би зөвшөөрөөгүй, хэсэг хугацаанд гэртээ байж байгаад явсан. Үдээс хойш 16 цагийн үед гэртээ согтуу ирж ямар нэгэн шалтаг шалтгаан хайж хэрүүл маргаан үүсгэж миний биед халдаж зодсон. Намайг газарт унагааж аваад хоёр өвдгөөрөө цээжнээс дарж зодсон. Тухайн үед гэртээ хүүхдүүд маань байсан ба том охин М ирж арай гэж салгаж авсан. Тэгээд би орой нь цагдаагийн газарт ирж гомдол гаргасан. Р.Б намайг чи өглөө ямар шалтгаанаар надтай бэлгийн харилцаанд ороогүй байсан бэ гээд хэрүүл маргаан үүсгэж зодсон. Манай гэрт М, Еын, Еркебулан, Е, Мна, Фа нар, мөн Р.Бы охин дүү Бибигүл, хамаатан дүү Мейрамбек нар байсан. Эхэлж намайг элсэн чихэр хийсэн тавгаар цохисон...

...Р.Б урьд энэ оны 7 дугаар сард намайг зодсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэр хэргийн төлөө Р.Быг 7 дугаар сарын 27-ны өдөр түүнд шүүхээс 20 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан. Харин тэр шүүх хуралдаан болохоос 1 өдрийн өмнө буюу 7 дугаар сарын 26-ны өдөр бас намайг зодсон тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр баривчлахаас гарч ирсэн ба удалгүй 8 дугаар сарын 30-ны үед дахин зодож биед маань халдаж байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 5, 25 дахь тал),

2.9. Иргэн Р.Бы согтуурлын хэмжээг шалгахад түүний амьсгал дахь спиртийг агууламж /1.52 хувь/ гарсан талаарх тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 10 дахь тал),

2.10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 603 дугаартай “...1. Ж.Ргийн биед тархины доргилттой, доод эрүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн мөрний урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, цээжний зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. 2. Ж.Ргийн дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр, 1-7 хоногт цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд.. 3. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал),

2.11. Насанд хүрээгүй гэрч Б.Еркебуланы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Аав согтуу ирээд ээжийн толгойд элсэн чихэртэй тавгаар цохиод, дараа нь үснээс нь зулгааж, мөн хутга бариад ээж рүү дайрахад эгч М орилоход аав больчихсон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),

2.12. Насанд хүрээгүй гэрч Б.Ерболсыны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэр өдөр орой хөдөөгөөс Бибигүл эгч ирсэн. Тэгээд бид нар Бибигүл эгчтэй хамт цай уух гэж байхад аав гартаа нэг уут хөлдүү бууз барьсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд гаднаас авч ирсэн хөлдүү буузаа ээж рүү шидээд, элсэн чихэр хийсэн тавгаар ээжийн толгойд цохисон. Тэр үед Бибигүл эгч гараад яваад өгөхөд аав маань ээжийг үргэлжлүүлээд зодчихоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),

2.13. Насанд хүрээгүй гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдрийн орой тийшээ 16 юм уу 17 цагийн үед ээж, дүү нарын хамт Өлгий сумын 13 дугаар багт шинээр түрээсэлж авсан гэртээ сууж байхад аавын эмэгтэй дүү Бибигүл гэх хүн манай гэрт ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ цай уух гээд сууж байхад аав гаднаас согтуу орж ирээд би цагдаа дээр зовоод явж байхад та нарын байж байгаа царай чинь энэ юм уу гэж хэлээд гартаа бариад орж ирсэн ууттай буузыг ээж рүү шидээд, ээжийн хажууд нь ирж суугаад элсэн чихэр хийсэн байсан тавгаар ээжийн толгой руу цохиход Бибигүл эгч гараад яваад өгсөн. Тэгэхэд ээжийг маань цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал),

2.14. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал)

2.15. Р.Бы согтуурлын хэмжээг шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж /0.56 хувь/ гарсан гэх тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),

2.16. Хохирогч Ж.Рг хүүхдүүдийн хамт түр хамгаалах байранд байршуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),

2.17. Өлгий сумын 4 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэлүүд (3 дугаар хавтаст хэргийн 12-17 дахь тал),

2.18. Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Энэ удаагийн гомдлын хувьд нөхөр Р.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт түрээсэлж сууж байгаа байранд ирээд надад хандаад Өлгий сумын 4 дүгээр багт байгаа хашаа байшинг зарах тухай бичиг бичиж өг, би зээл төлөх ёстой гэх мэтээр үг хэлээд миний эрүү, цээж тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд том охин Б.М нь Р.Бд хандаад “та одоо болих болоогүй юм уу” гээд орилоход намайг зодохоо больчихсон. Миний нөхөр Р.Б нь намайг удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудлаас болоод миний бие түүнээс салахаар буюу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргасан байсан. Улмаар өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 20 минутаас 18 цаг хүртэл шүүх хурал болсон бөгөөд шүүх хурлаар Р.Б бид хоёрын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 31, 34 дэх тал),

2.19. Гэрч Н.Айжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Ж.Рг 6 хүүхдийн хамт тус хамгаалах байранд авч үйлчилгээ үзүүлж байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал),

2.20. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 620 дугаартай “...1. Ж.Ргийн биед доод эрүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, цээжний урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-10 хоногтоо үүссэн, шинэ гэмтэл. 3. Гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал),

2.21. Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Өлгий сумын 10 дугаар багт аав Жын гэрт амьдарч байгаа. Нөхөр болох Б өнөөдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт 4 удаа ирсэн. Ер нь бид хоёр тустай амьдарснаас эхэлж нөхөр байнгын манай гэрт ирж, хэрүүл маргаан гаргаж, заримдаа надаас уучлалт гуйж явж байдаг. Тэгээд өнөөдөр 19 цагийн үед манай аавын гэрт ирж чи цагдаагийн газарт өгсөн өргөдлийг буцааж авах уу гэхээр би өргөдлөө буцааж авахгүй гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт ойрхон барилга барьж байсан хүмүүс хөдөө явах болоод манай гэрт ор хөнжлөө тавих гэж ирсэн байв. Тэгээд манайд ор хөнжлийг авч ирсэн ах хүн надад миний дүү энийг гэртээ хураагаад тавиарай, буцаж ирээд авна гэж хэлсэн. Тэр үед Р.Б чиний заавардсан ор хөнжлийг авч ирсэн байна, очиж ав гээд над руу дайрсан...,

...Тэр хүмүүс явсны дараа Р.Б гүйж ирээд чи яагаад янханддаг хүмүүсийн ор хөнжлийг гэр орондоо хурааж тавьж байгаа юм вэ гээд намайг нуруун тус газарт хоёр удаа өшиглөж гадаа гараад явсан. Тэр үед би цагдаагийн газарт дуудлага өгч байхад буцаж орж ирж чи цагдаад ажилладаг нөхрүүдээ дуудаж байгаа юу гээд миний үснээс зулгааж толгой, нуруу, гар, хөл рүү гараараа цохисон. Бид хоёр хуримаа хийгээд ер нь удаагүй дээ архи уулаа л бол над руу дайран хардаж сэрдэнэ, чи хүнтэй биз дээ, тэр чинь хэн юм бэ гээд зодож эхэлнэ. 2007 оноос 2023 он хүртэл 16 жил хамт амьдрахад дандаа л архи ууна, уух болгондоо агсам тавина, дарамтална, зодно зэрэг асуудлыг гаргаж ирсэн. Хэд хэдэн удаа ч цагдаагийн байгууллагаар явж шалгуулж байсан, сүүлдээ бүр тэсэхээ байгаад хоёр тусдаа болох гэж байна. Намайг зодсон хугацааг нэг бүрчлэн хэлж мэдэхгүй, гэхдээ түүний архи уудаг, намайг харддаг, зоддог асуудал бол байнгын тарчлаах хэлбэртэй байдаг байсан. Мөн хэрцгий догшин авирыг байнга гаргадаг. Тэр надад хандаад “янхан”, “гичий”, “жингэр”, “чи бол миний гэрийн шүүр”, “миний зүгээр л боол” гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 03, 77-78 дахь тал),

2.22. 0044811 дугаартай Р.Б, Ж.Р нарын  гэрлэлтийн гэрчилгээ, Б.М, Б.Еын, Б.Е, Б.Фа, Б.М, Б.Ен  нарын төрсний гэрчилгээний хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 17-22 дахь тал),

2.23. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 574 дугаартай “...1. Ж.Ргийн биед зүүн тохойгоор, зүүн бүсэлхийгээр тус тус хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. 2. Ж.Ргийн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-7 хоногтоо цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ж.Ргийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),

2.24. Гэрч Ж.Таийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай аавыг Жа гэдэг ба тэдний гэр нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт байдаг юм. Эгч Ж.Ргийн хувьд 2023 оны 7 дугаар сарын үед байх аавынд очсон санаад байна, яг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Аавынд ирж амьдрах болсон шалтгаан гэвэл нөхөр Р.Б түүнийг зодсоны улмаас хүүхдүүдийнхээ хамт ирсэн байсан юм. Миний ажлын газар болохоор яг аавын хашааны хажууд байдаг ба тэр хавиар шинээр сургууль баригдаж байгаа. Би тэнд тогоочоор ажилдаг юм. Эгч ажилгүй гэртээ олон хүүхэдтэй болохоор би түүнийг хажуудаа цуг ажиллуулж байсан юм. Тэгээд эгч бид хоёрыг ажил дээрээ байж байхад оройн 19 цагийн орчимд байх хүргэн ах манай ажил дээр ирээд эгчтэй хэрүүл маргаан үүсгэсэн. Ерөнхийдөө чи надаас салаад хаашаа явах юм бэ гэх байдлаар, ингээд тэр хоёрыг хэрэлдээд байхаар нь би эгчид хандаад “та хүргэн ахтай аавынд орж учраа ол” гэсэн чинь тэр хоёр гараад явчихсан. Ингээд байж байхад орилолдсон чимээ гарахаар нь яасан бол гэж аавынхаа гэрт орсон чинь хүргэн ах Р.Б эгч Ргийн үснээс зулгааж татаж чирээд, хөлөөрөө эгчийг өшиглөж байхаар нь би гүйж очоод тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал),

2.25.  Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай гэр хуучин Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг бөгөөд тухайн гэрт нөхөр Р.Б нь ганцаараа амьдарч байгаа, харин би өөрийн 6 хүүхдээ аваад Өлгий сумын 11 дүгээр багт подвалын өрөөг хөлсөлж амьдарч байгаа юм. Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед надаас ирж мөнгө гуйгаад “би Өлгий сумын 4 дүгээр багт байгаа гэртээ засвар хиймээр байна” гэж хэлхээр нь би 20,000 төгрөг өгч явуулсан. Тэгээд нөхөр орой хичээл тарах үеэр манай том хүүг авч яваад гэртээ засвар хийгээд ирлээ, өнөөдөртөө гэрт хонох боломжгүй байгаа болохоор би энд танай гэрт хоноод явъя, нэгэнт хоёулаа гэрлэлтээ цуцалсан, тусдаа амьдарч байгаа болохоор нэг удаа хоноод явъя гэж хэлэхээр нь би за яах вэ тэгвэл тэг, нэг хоночхоод яваарай гэж хэлээд нөхөр Б нь манай гэрт бид нартай хамт хоносон юм. Тэгтэл өнөөдөр өглөө буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өглөө цэцэрлэгийн жаахан 2 хүүхэд маань хоорондоо хэрэлдээд маргалдах үед нөхөр Б нь хоёр хүүхдийн нэгийг нь уурлаж загнаад байхаар нь би Бд хандаж чи яагаад жаахан хүүхэд рүү дайрч давшлаад байгаа юм бэ, жаахан хүүхдүүд юу мэдэх юм гэхэд Б над руу дайрч чи мэддэг юм уу гэж хэлээд над руу гүйж ирээд миний баруун хөлийн шилбэ хэсэгт нэг удаа өшиглөж ахиад миний хоолой хэсгийг хоёр гараараа багалзуурдаж арагшаа түлхээд угаалгын өрөөний хэсэг рүү оруулж шахаж аваад би угаасаа шоронд орж, баривчлагдах хүн, чамайг алчхаад явсан ч яадаг юм гэж хэлээд намайг хэсэг багалзуурдсан. Тэр үед би түүний гарнаас мултрах гэж нэлээд ноцолдсон ба энэ үеэр Б нь угаалгын өрөөнд байсан хогийн савыг хөлөөрөө өшиглөж хогны савыг унагааж хогнууд шалаар цацагдсан. Тэгээд би Б хандаж би одоо цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд миний гарт байсан гар утсыг шүүрч аваад гэрээс гараад явсан. Удалгүй цонх хэсэгт ирээд цонх хүн тогшсон, тэр үед харахад Б нь миний гар утсыг цонхны гадна тавцан дээр тавьчхаад яваад өгсөн байсан. Түүний дараа би гэрт асгарсан хогны хэсгийг гар утсаараа дараад дараа нь тэр орчин газрыг цэвэрлээд цагдаагийн газарт өөрийн биеэр ирж гомдол гаргаж байгаа юм....” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 6, 8 дахь тал),

2.26. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 698 дугаартай “...1. Ж.Ргийн биед баруун шилбэнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал),

2.27. Яллагдагч Р.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хадам аав Ж.Жын гэрт эхнэр болох Х.Рг дагуулж авч явахаар болж очсон үед Р нь надтай хамт явахгүй гэж намайг хэл амаар доромжилсон. Тэр үед би хаалгаар буцаад гарах гэж байх үед А.Р нь хөргөгчийн хажууд очиж зогсоод юм ярьж зогсож байхад би түүний хажууд нь дөхөж очиж түлхэх үед толгойгоороо хөргөгчийг мөргөснөөс болж түүний чихнээс цус гарсан. Тэр үед би маш их сандарч гүйгээд гараад зугтаж явсан. Тэр өдөр би эхнэр болох Ж. Рг биед нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...

...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй... ...Би эхнэр Ж.Рд нэг ч удаа гар хүрч, цохиж зодож байгаагүй...

....2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Ж.Ртай уулзсан нь үнэн. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 44-45, 2 дугаар хавтаст хэргийн 52, 56,  3 дугаар хавтаст хэргийн 59, 62-63,  4 дүгээр хавтаст хэргийн 98, 5 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.28. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 86 дахь тал),

-Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 59 дэх тал),

-Гэрлэсний бүртгэлийн болон  үл хөдлөх хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал),

-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал)

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 57 дахь тал)

-Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, мөн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 58-59, 71-73, 85 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.29. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

1) -Хохирогч Ж.Ргаас Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 01 дэх тал),

-Аюулын зэргийн үнэлгээ хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 3-5 дахь тал,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал),

-Холбогдогч Ргийн Быг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, мөн хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн тооцож 40 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 480 дугаартай шийтгэвэр (1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дахь тал),

-Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг аав, ээжийн гэрт байхад нөхөр болох Р.Б 4727 БӨА улсын дугаартай “Ексел” маркийн тээврийн хэрэгслээр манайд согтуу ирсэн. ...Тэр үед Р.Б миний хажууд дөхөж ирээд зүүн гараараа миний үснээс татаж зулгааж байгаад баруун гараараа миний толгой тус газраас нэг удаа цохисон. Энэ үед миний зүүн талын чихээс цус гарах үед би доошоо тонгойж суусан ба гэрт байсан 4 настай хүү Еыг аваад машиндаа суулгаад яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19, 21 дэх тал),

-Гэрч С.Тны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэр хооронд манай охин хөргөгчөөс юм авах гэж очиж хаалгыг нь онгойлгох гэж буруу хараад зогсож байхад Б араас нь очиж үснээс нь татаж байгаад толгойноос нь нэг удаа цохих үед миний охины чихнээс нь цус гарсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),

-Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 496 дугаартай “...1. Ж.Ргийн биед зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт оёдол тавьсан шархтай гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт ( 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),

-Яллагдагч Р.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэр өдөр би эхнэр болох Ж. Рг биед нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд

шүүгдэгч Р.Б нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав нь болох иргэн Ж.Жын гэрт “хамт явсангүй” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Ж.Ргийн үснээс зулгаж, толгойн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт оёдол гэмтэл  бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт,

2) -Хохирогч Ж.Ргаас 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 04 дэх тал),

-Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Р.Б 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагт миний түрээсэлж авсан байранд ирсэн. ... Үдээс хойш 16 цагийн үед гэртээ согтуу ирж ямар нэгэн шалтаг шалтгаан хайж хэрүүл маргаан үүсгэж миний биед халдаж зодсон. Намайг газарт унагааж аваад хоёр өвдгөөрөө цээжнээс дарж зодсон.....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал),

-Иргэн Р.Бы согтуурлын хэмжээг шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж /1.52 хувь/ гарсан талаарх тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 10 дахь тал),

-Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 603 дугаартай “...1. Ж.Ргийн биед тархины доргилттой, доод эрүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн мөрний урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, цээжний зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. ...3. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Еркебуланы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Аав согтуу ирээд ээжийн толгойд элсэн чихэртэй тавгаар цохиод, дараа нь үснээс нь зулгааж, мөн хутга бариад ээж рүү дайрахад эгч М орилоход аав больчихсон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд гаднаас авч ирсэн хөлдүү буузаа ээж рүү шидээд, элсэн чихэр хийсэн тавгаар ээжийн толгойд цохисон. Тэр үед Бл эгч гараад яваад өгөхөд аав маань ээжийг үргэлжлүүлээд зодчихоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд бид нар бүгдээрээ цай уух гээд сууж байхад аав гаднаас согтуу орж ирээд би цагдаа дээр зовоод явж байхад та нарын байж байгаа царай чинь энэ юм уу гэж хэлээд гартаа бариад орж ирсэн ууттай буузыг ээж рүү шидээд, ээжийн хажууд нь ирж суугаад элсэн чихэр хийсэн байсан тавгаар ээжийн толгой руу цохиход Бибигүл эгч гараад яваад өгсөн. Тэгэхэд ээжийг маань цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд

шүүгдэгч Р.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16-17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Ргийн түрээсийн байранд хохирогчтой маргалдах явцад түүний толгойн тус газарт тавгаар цохиж, гараараа цохих зэргээр зодож биед нь тархины доргилт, доод эрүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн мөрний урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт, хавдартай, цээжний зүүн талд хөх ягаан туяатай цус хуралт, зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогджээ.

3) Мөн хохирогч Ж.Ргаас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, (4 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал),

-Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Нөхөр болох Б өнөөдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт 4 удаа ирсэн. ...Тэр хүмүүс явсны дараа Р.Б гүйж ирээд “чи яагаад янханддаг хүмүүсийн ор хөнжлийг гэр орондоо хурааж тавьж байгаа юм вэ” гээд намайг нуруун тус газарт хоёр удаа өшиглөж гадаа гараад явсан. Тэр үед би цагдаагийн газарт дуудлага өгч байхад буцаж орж ирэхэд “чи цагдаад ажилладаг нөхрүүдээ дуудаж байгаа юу” гээд миний үснээс зулгааж толгой, нуруу, гар, хөл рүү гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 03, 77-78 дахь тал),

-Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 574 дугаартай “...1. Ж.Ргийн биед зүүн тохойгоор, зүүн бүсэлхийгээр тус тус хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд /хохирлууд/ тогтоогдлоо. ...3. Ж.Ргийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),

-Гэрч Ж.Тайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай аавыг Ж гэдэг ба тэдний гэр нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт байдаг юм. ...Ингээд байж байхад орилолдсон чимээ гарахаар нь яасан бол гэж аавынхаа гэрт орсон чинь хүргэн ах Р.Б эгч Ргийн үснээс зулгааж татаж чирээд, хөлөөрөө эгчийг өшиглөж байхаар нь би гүйж очоод тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан үнэлэхэд

шүүгдэгч Р.Б нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хадам аав нь болох иргэн Ж.Жын гэрт хохирогч Ж.Ртай маргалдах явцад түүний биеийн толгой, нуруу, цээж, гар, хөл рүү нь өшиглөх, цохих, үснээс нь зулгааж, чирэх зэргээр зодож, биед нь зүүн тохой,зүүн бүсэлхий хэсэгт тус тус хөх ягаан туяатай цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

4) хохирогч Ж.Ргаас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал),

-Иргэн Р.Бы согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),

-Хохирогч Ж.Рг хүүхдүүдийн хамт түр хамгаалах байранд байршуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),

-Өлгий сумын 4 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэлүүд (3 дугаар хавтаст хэргийн 12-17 дахь тал),

-Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Р.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт түрээсэлж сууж байгаа байранд ирээд надад хандаад “Өлгий сумын 4 дүгээр багт байгаа хашаа байшинг зарах тухай бичиг бичиж өг, би зээл төлөх ёстой” гэх мэтээр үг хэлээд миний эрүү, цээж тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 31, 34 дэх тал),

-Гэрч Н.Айжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Ж.Рг 6 хүүхдийн хамт тус хамгаалах байранд авч үйлчилгээ үзүүлж байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал),

-Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 620 дугаартай “...1. Ж.Ргийн биед доод эрүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, цээжний урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал),

-Яллагдагч Р.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Ж.Ртай уулзсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 59, 62-63 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд

шүүгдэгч Р.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Ргийн түрээсийн байранд хохирогчтой “хашаа, байшингаа зарах бичиг хийж өг” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийн биеийн толгой, цээж хэсэгт гараараа цохиж зодон,  биед нь доод эрүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралт, хаван, цээжний урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт,

5) Иргэн Ж.Ргаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 02 дахь тал),

-Хохирогч Ж.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өнөөдөр өглөө буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өглөө цэцэрлэгийн жаахан 2 хүүхэд маань хоорондоо хэрэлдээд маргалдах үед нөхөр Б нь хоёр хүүхдийн нэгийг нь уурлаж загнаад байхаар нь би Бд хандаж “чи яагаад жаахан хүүхэд рүү дайрч давшлаад байгаа юм бэ, жаахан хүүхдүүд юу мэдэх юм” гэхэд Б над руу дайрч “чи мэддэг юм уу” гэж хэлээд над руу гүйж ирээд миний баруун хөлний шилбэ хэсэгт нэг удаа өшиглөж, миний хоолой хэсгийг хоёр гараараа багалзуурдаж арагшаа түлхээд угаалгын өрөөний хэсэг рүү оруулж шахаж аваад “би угаасаа шоронд орж, баривчлагдах хүн, чамайг алчхаад явсан ч яадаг юм” гэж хэлээд намайг хэсэг багалзуурдсан.....” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 6, 8 дахь тал),

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 698 дугаартай “...1. Ж.Ргийн биед баруун шилбэнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхэд

шүүгдэгч Р.Б нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Ргийн түрээсийн байранд хохирогчийн багалзуурдаж, хөлийн шилбэ хэсэгт хөлөөрөө өшиглөж зодож биед нь баруун шилбэнд цус хуралт гэмтэл учруулсан,

-6) Эрх бүхий албан тушаалтны бичиг баримт хуулбарлан авсан тэмдэглэл  (4 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 480 дугаартай шийтгэвэр (4 дугаар хавтаст хэргийн 23-27 дахь тал),

-Хохирогч Ж.Ргийн өгсөн “...Миний бие нөхөр болох Р.Бтай 2007 онд анх гэр бүл болсон. Бид хоёр зургаан хүүхэдтэй. Р.Б сүүлийн үед архи их уудаг болсон. Архи уух болгондоо намайг зодож дарамталдаг. Хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтуу ирж намайг зодож миний эрх чөлөөнд халдсан. Тэр үед би цагдаагийн газарт гомдол гаргасан. Уг асуудлыг цагдаагийн ахмад К.Депудат гэх цагдаа шалгаж байгаа. ...Р.Б урьд энэ оны 7 дугаар сард намайг зодсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэр хэргийн төлөө Р.Быг 7 дугаар сарын 27-ны өдөр түүнд шүүхээс 20 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан...” мэдүүлэг зэрэг (1 дэх хавтаст хэргийн 16-17, 19, 21 дэх тал) нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 480 дугаартай шийтгэврээр холбогдогч Р.Быг  2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах  гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Ргийн толгойн хэсэгт гараараа цохих, үснээс зулгаах, гарыг нь мушгих зэргээр зодож, түүний биед нь баруун, зүүн бугалга, зүүн шилбэнд, нурууны хэсэг, цээжний хэсэгт тус тус хөх ягаан туяатай цус хуралт бүхий гэмтэл учруулсан, мөн 2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө охин Б.Мийн зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч, насанд хүрээгүй хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, тэдний хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зөрчил үйлдсэнд тус тус тооцож,  Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 40 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

3.2. Хохирогч М.Р, яллагдагч Р.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, №23 дугаартай гэрлэсний гэрчилгээний хуулбар, Б.М, Б.Еын, Б.Е, Б.Фарида, Б.М, Б.Е нарын төрсний гэрчилгээний хуулбар (4 дэх хавтаст хэргийн 16-22 дахь тал)  хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Р.Б, М.Р  нар нь 2007 оны 06 дугаар сард гэр бүл болсон, 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын  18-ны өдрийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалсан байжээ.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов

3.4. Шүүгдэгч Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Ж.Ргийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж шүүх үзлээ.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Р.Бы согтуурсан үед хохирогч Ж.Рг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, гэр бүлийн ашиг сонирхолд халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ж.Ргийн биед нь учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гаргасан 2 удаагийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.4.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д  энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор заасан байна.

4.5. Шүүгдэгч Р.Б, хохирогч М.Р  нар нь 2007 онд гэрлэсэн бөгөөд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын  18-ны өдрийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалсан нөхцөл байдал тогтоогдсон учраас шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

4.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан  үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Р.Б нь согтуугаар  хохирогч  Ж.Рг 2 удаагийн үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэлээ.

          4.7. Шүүгдэгч Р.Б нь  дээрх байдлаар хохирогч Ж.Рг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхээс гадна 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өөрийнхөө гэрт, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хадам аавынхаа гэрт, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогчийн түрээсийн байранд хохирогч Ж.Рг тус тус зодож биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба  түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хохирогч Ж.Рг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх шинжид хамаарч байна.

4.8. Харин шүүгдэгч Р.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу охин Б.Мийг 2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчилд нь тус шүүхээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг тус тус үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэл оногдуулсан байх бөгөөд тэрээр охиноо байнга зодсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргээс энэхүү үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.9. Шүүгдэгч Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон гэж дүгнэлээ.

4.10. Шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас хохирогчтой маргалдах явцад эрх чөлөөнд нь халдаж, зодож, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.11. Иймд шүүгдэгч Р.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.12. Шүүгдэгч Р.Б, хохирогч Ж.Р нарын таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байдал, зан араншин зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч Ж.Р нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Р.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б нь хувийн байдлын хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй, гэрлэлтээ цуцлуулсан ганцаараа Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг,  урьд нь урьд 1) Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял, 2) мөн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, З) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.   

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд урьд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Р.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ял,   мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 11 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдгээр ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай” гэсэн  агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “шүүгдэгч Р.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Шүүх шүүгдэгч Р.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож гэмт хэрэг үйлдсэн,  урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,  эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлүүдээс хорих ялыг  сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.7. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзах бөгөөд шүүгдэгч Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн  талаар маргаагүй боловч түүний байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн учраас шүүгдэгчийг өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

2.8. Иймд шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд буюу зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэв.

         2.9. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоов.

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Р.Бд оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3. Бусад асуудлын талаар

3.1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ЦХШЗ/81 дугаартай захирамжаар шүүгдэгч Р.Бд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ЦХШЗ/89 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  2024/ЦХШЗ/03 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус сунгаж шийдвэрлэжээ.

3.2. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны  9 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дугаартай “Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай” тогтоолоор 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цаг 30 минутаас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цаг 30 минут хүртэл  24 цагийн хугацаагаар Р.Быг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж саатуулсан байжээ. (2 дахь хавтаст хэргийн 9 дэх тал), 

3.3. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед холбогдогчийг саатуулах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагддаг хэдий ч хүний эрх, эрх чөлөөнд халдаж 24 цаг хүртэл хугацаагаар саатуулж байгаа учир тухайн хугацааг баривчлагдсан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Т.Бы 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсоныг 85 хоног, зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед саатуулагдсан 1 хоног, нийт 86 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлэх хорих ялаас нь хасаж тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

3.4. 2313000000321 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй,  энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рйн Бд холбогдох эрүүгийн хэргээс “2023 оны 07 дугаар сарын сарын 13-ны өдөр өөрийнхөө гэрт охин Б.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.  Шүүгдэгч А а ургийн овгийн Рийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 1 (нэг) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Р.Бд өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багаас явахыг хориглох үүргийн хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 (долоо) сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бы баривчлагдаж, цагдан хоригдсон 86 (наян зургаа) хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.

8. Шүүгдэгч Р.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжилсүгэй.

9. 2313000000321 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.  Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.Б