Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0385

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Н нарын нэр бүхий 19 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0381 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.Н нарын нэр бүхий 19 иргэн 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар

Гуравдагч этгээд: "А" ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.А, Ч.А, Р.Э, Б.Г

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.О

Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/1131/З                                          

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0381 дүгээр шийдвэрээр “... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Н нарын нэр бүхий 19 иргэнээс Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг газрыг анхны зориулалтаар буюу хоккейн талбай зориулалтаар нийтийн эзэмшлийн талбай болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/00-9** тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий газар дээр үзлэг хийж, хэргийн оролцогчдыг байлцуулсан хэр нь үзлэгийн тэмдэглэл үйлдээгүй, танилцуулаагүй, хэрэгт авагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”, 42 дугаар зүйлийн 42.2-д ”Үзлэг зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед тэмдэглэл үйлдэнэ” гэж хуульд заасан ажиллагааг хийгээгүй орхигдуулсан.

2.2. Шүүхийн “газраас салгаж үл болох өмчлөх эрхтэй хөрөнгө байна” гэж дүгнэсэн 1650м.кв үл хөдлөх эд хөрөнгө бодит байдал дээр огт байхгүй, харин Энхтайваны өргөн чөлөө 56/4 гэсэн хаягжилт дугаар бүхий 990 м.кв нэг давхар барилгын нэг гэрчилгээ дээр хамтад нь бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.5 дахь хэсгийг тус тус зөрчиж олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар үнэлж буруу дүгнэлт хийсэн.

2.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 36 дугаар хурлын тэмдэглэл баримтаар авагдсан байдаг. Нэгж талбарын 1330700170 дугаартай, 2638 м.кв талбай бүхий “Газар эзэмших эрх олгох тухай” нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамжаар "А" ХХК-д олгосон газар нь хурлын тэмдэглэлд тусгагдсан асуудлаас өөр шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл эдэлбэр газрын эрх нь “ашиглах” эрхтэй байсныг “эрхийг нь баталгаажуулна” гэж тэмдэглээд “эзэмших” эрхтэй болгож, зориулалтыг нь өөрчлөхгүй гэж хуралд оруулаад зориулалтыг нь өөрчилж “үйлчилгээтэй орон сууц” болгож нийслэлийн Засаг даргыг төөрөгдүүлсэн баримт үйлдсэн байх тул энэ баримтыг үйлдсэн 36 дугаар хурлын тэмдэглэл хөтөлсөн албан хаагчдыг гэрчээр асуух хүсэлтийг гаргахад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гэх боловч ямар үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар дурдаагүй, бичгээр захирамж гараагүй. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан гомдол гаргах эрхээр хангаагүй.

2.4. Маргаан бүхий газрын чанх хойно байршилтай нийт 93 гараажийг нийслэлийн Засагr даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжаар буулгасан байдаг. Энэ захирамжтай маргаан үүсгэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр, нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/80 захирамжаар А/61 тоот захирамжийг хүчингүй болгосон. Хэдийгээр захирамж хүчингүй болсон боловч оршин суугчид тэр газраа гараажны зориулалтаар биш хүүхдийн тоглоомын талбайн зориулалттай болгохыг дэмжсэн бөгөөд гараажаа буулгуулсны төлөө ямар ч хохирол, нөхөн төлбөр нэхэмжлээгүй байдаг. Гэтэл нийтийн эзэмшлийн талбай болгосон газрыг 16 давхар орон сууцны барилгын зураг, ерөнхий төлөвлөгөөнд багтаасан буюу барилгажих талбайн 60 хувьд ногоон байгууламж зам талбай, 150 машины авто зогсоол төлөвлөсөн гэх боловч бодит байдал дээр оршин суугчдын гарааж зориулалтаар 30 жилийн турш ашиглаж байсан 93 иргэний гарааж байршиж байсан газрыг төлөвлөлтдөө тусгасан гэж дүгнэж байгаа тул энэ талаар тусгай мэдлэг шаардагдах асуудалд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо гэх боловч бичгээр захирамж гараагүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт байхгүй. Хот байгуулалт хөгжлийн газрын буюу хариуцагчийн өөрийн нь тайлбарт үндэслэж “архитектор төлөвлөлтийн даалгавар”-ууд хоорондоо давхцалгүй гэж шүүх дүгнэсэн нь тусгай мэргэжил шаардагдах асуудалд хариуцагчийн өөрийнх нь албан бичгээр өгсөн тайлбарыг үндэслэж буруу дүгнэлт хийсэн.

2.5. Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0381 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ч.Н нарын нэр бүхий 19 иргэнээс нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хотын стандартын газарт тус тус холбогдуулан “... нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг газрыг анхны зориулалтаар буюу хоккейн талбайн зориулалтаар нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/00-9** тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

4. Анхан шатны шүүх “...маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1265 дугаар захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024/00-9** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны актууд байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлүүд нотлогдохгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасан.

6. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн * дугаар хороо, О** Их Сургуулийн хойд талд байрлах 0,3 га газрыг "А С"ХХК-д хоккейн талбайн зориулалтаар 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгож, 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3000 м.кв талбайтай, 37,500,000 төгрөгийн үнэ бүхий хоккейн талбай, автозогсоолын зориулалттай барилга байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

7.1. Улмаар "А С"ХХК, М.Э нар нь 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь М.Э-д шилжиж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  2006 оны 126 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 3014/0010 дугаартай 2640 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар орон сууц үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

7.2. Үүний дараа 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр "э" ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ү-2204008253 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

7.3. "э" ХХК-иас 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг "с" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр хүсэлт гаргаж, улмаар 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000083180 дугаар гэрчилгээ олгож, нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар гадаадын хөрөнгө оруулалттай "с" ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалттайгаар 2640 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар тус тус шийдвэрлэжээ.

7.4. Ийнхүү 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "А" ХХК болон "с" ХХК нар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ү-22040082** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 0012907** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Улмаар "А" ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “... "с" ХХК-ийн эзэмшиж буй үл хөдлөх эд хөрөнгийг тус компаниас худалдан авч буй тул газрыг манай компанийн эзэмшилд хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаснаар маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 тоот захирамжаар "А" ХХК-д Баянзүрх дүүргийн ** дүгээр хороонд байрлалтай 2638 м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны   өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2024/00-9** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгожээ.

8. Гэтэл хэрэгт авагдсан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар хурлын тэмдэглэлээс[1] үзвэл маргаан бүхий газрын өмнөх зориулалт нь “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор” байсан байна.

9. Харин нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1265 дугаар захирамжаар гуравдагч этгээд "А" ХХК-д нийслэлийн Засаг даргын 2020 оны А/110 дугаар захирамж[2] болон дээр дурдсан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тэмдэглэл зэргийг үндэслэн Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууц, үйлчилгээний зориулалтаар” 2638 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

9.1. Гэвч маргаан бүхий захирамжийн үндэслэл болж буй нийслэлийн Засаг даргын 2020 оны А/110 дугаар захирамж хэрэгт авагдаагүй, мөн тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар "с" ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, үүнээс хойш газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан эсэх, хэрэв сунгагдсан бол ямар зориулалтаар сунгагдсан болох зэрэг нь тодорхойгүй байна.

9.2. Тодруулбал, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар хурлын тэмдэглэлээр маргаан бүхий газрын зориулалт нь “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор” байсан атал ямар шалтгааны улмаас нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1265 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмшүүлэхдээ “орон сууц, үйлчилгээний” зориулалттай болж өөрчлөгдсөн эсэх талаарх баримтыг зайлшгүй цуглуулах шаардлагатай байх бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг тодруулахад ач холбогдолтой байна.

9.3. Газрын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах болон Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх нөхцөл, үр дагавар нь ялгаатай байдлаар зохицуулагдсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2020 оны А/110 дугаар захирамж хэрэгт авагдаагүй учраас ашиглах эрх бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль ёсны эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

9.4. Түүнчлэн уг газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт[3] үйлдсэн байх бөгөөд Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй, төлсөн хэсэгт 0 төгрөг гэж тэмдэглэсэн нь /2002.01.29 35 А ХХК/ ойлгомжгүй байх бөгөөд 2002 онд "А С"ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж мөн хавтаст хэрэгт авагдаагүй байна.

10. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, маргаан бүхий газрыг эзэмших эрх нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай байх бөгөөд хэрэв газар эзэмших эрхийг хуульд заасан журам, нөхцөлийг ханган олж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд уг эрх хууль ёсоор хамгаалагдах учиртай.

11. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04  дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

 

            ШҮҮГЧ                                                            Ц.ОДМАА

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал

 

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал