Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 159

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Нацагдорж, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Нацагдоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000240 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ВМ67060619 тоот регистрийн дугаартай, Боржигин овогт Бавуугийн Нацагдорж,

Үйлдсэн хэргийн талаар:

Б.Нацагдорж нь 2016 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Өвөржаргалант” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа иргэн Р.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Нацагдорж нь Р.Пүрэвдоржийг шилбүүр модоор эрүүн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                           /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХнь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Б.Нацагдорж нь 2016 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Өвөржаргалант” гэх газарт Р.Пүрэвдоржтой маргалдан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

хохирогч Р.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би алга байсан үхрээ хайгаад сумынхаа Өвөржаргалант гэх газарт явж байгаад 00:00 цаг өнгөрч байхад Нацагдоржийн гадаа морьтойгоо очсон чинь Нацагдорж гэрээсээ орилж гарч ирээд намайг модоор эрүү рүү цохьчихсон юм тэгээд би түүнд цохиулаад мориноосоо унаад морио алдчихсан. Тэгээд би тэр үедээ ухаан алдсан байсан. Нацагдорж намайг зодоход түүний эхнэр нь гэрээсээ гарч ирсэн өөр хүн байгаагүй. Би тухайн үед нэлээд их согтуу байсан, харин Нацагдорж архи уусан байсан, би маргааш өглөө нь очоод уулзсан чинь би нэлээд муудчихсан байна лээ гэж байсан. Тэр үед намайг Нацагдоржоос өөр хүн цохиж зодоогүй. Би Нацагдоржийг цохиж зодоогүй... Би Галхүүд мориноос ойчсон гэж хэлсэн. Намайг тухайн үед Нацагдорж зодсон нь үнэн. Яагаад хүмүүст мориноос унасан гэж ярьж явсан гэхээр би Нацагдоржийг хөгшин хүн болохоор нь хүмүүст өрөвдөөд тэгж ярьсан юм. Надад ч бас амарч байхад нь очиж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан буруу байгааг би бас бодож байна. Би эхнэртээ ч гэсэн эхлээд мориноос унасан гэж хэлсэн нь энэ хүнийг хөгшин хүн юм гэж өрөвдөөд тэгж хэлсэн. Би өөрийгөө ингэж гэмтсэн гэж мэдээгүй, гайгүй гэмтсэн байх тэгж байгаад зүгээр болох байх л гэж бодоод мориноос унасан гэж хэлсэн. Би Нацагдоржид зодуулсан нь үнэн юм. Нацагдорж надаас уучлалт гуйсан байгаа, миний бие одоо гайгүй болсон, хоол унд идэж байгаа... Надад Нацагдорж нь эмчилгээний төлбөр 3000000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо нэмж ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-55, 151-152/,

Гэрч Д.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Пүрэвдорж 2016 оны 08 сарын 14-ний өдөр 13 цагийн үед ганцаараа морьтой ирсэн. Ирэхдээ нүүрнийх нь баруун шанаа хэсэг нь хавдсан байхаар нь яасан бэ гэхэд эхлээд мориндоо өшиглүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг явж үзүүлье гэхэд явахгүй гээд уурлаад байсан. Тэгээд 2016 оны 08 сарын 10-ны өдөр цуг яваад сумын эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот юм уу, аймаг яв гэсэн. 2016 оны 08 сарын 11-ний өдөр хот явах гэж байсан чинь би морьноос ойчоогүй, Нацагдорж гэдэг хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд яагаад өмнө нь моринд өшиглүүлсэн гэж хэлсэн юм бэ гэхэд тодорхой юм яриагүй. Учир нь тэр үедээ сайн юм ярьж чадахгүй муухан юм ярьж байсан. Би Нацагдорж гэх хүнд зодуулсан нь үнэн байх гэж бодож байна. Пүрэвдорж нь анх гэрээсээ гарч явахдаа болон гэртээ ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Ирэхдээ эмээл болон хувцас нь зүв зүгээр байсан. Пүрэвдорж нь Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн өөр эмнэлэгт хэвтээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59/,

Гэрч Р.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 08 сарын 03-ны өдөр 17 цагийн үед Пүрэвдорж нь манайд Лувсанданзан гэдэг хүүхэдтэй мотоциклиор ирээд явсан. Тэр шөнөө 02 цагийн үед явган ташуураа барьж орж ирээд юм ярилгүй унтаад өгсөн. Орж ирэхдээ нүүр ам нь цус болсон байхаар нь яасан юм гэхэд дуугарахгүй байсан. Шүд нь цөмөрсөн юм шиг харагдсан. Надад хэлэхдээ Нацагдоржид зодуулсан гэснээс өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69, 95-98/,

Гэрч О.Ринчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Нацагдорж нь 2016 оны 08 сарын эхээр ах Дашдоржийн хамт ирээд та нартай уулзах гэж ирлээ зодсон нь миний буруу болсон, би шилбүүрээр цохьчихсон юм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/

Гэрч Б.Лхасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 08 сарын эхээр Нацагдорж нь ах Дашдоржийн хамт ирээд ах Дашдорж нь та нартай уулзах гэж явна гэхээр нь даанч яавдаа гэхэд Нацагдорж нь миний буруу, би шилбүүрээр Пүрэвдоржийг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  /хх-ийн 89-90/

Гэрч Н.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр шөнө 23 цагийн үед байх Пүрэвдорж нь манай гадаа 3-4 удаа ирсэн. Ирэх бүрд нь аав гэрээс гарч яв хонь мал үргээлээ гээд хөөсөн. Пүрэвдорж нь гэрийн гадаа талийгаач өвөөгийн нэрээр дуудаад Бавуугийнхаан гараад ир ална хядна гэж дуудаад байсан. Би хамгийн сүүлд ирэхэд нь жижиг гэрт унтаж байгаад том гэрт гар чийдэн бариад орсон чинь аав гар чийдэнг аваад бид 2 хамт гарсан чинь Пүрэвдорж нь гэрийн хойд талд морьтойгоо байхад нь аав гэрийн хаяанд байсан шилбүүр мод аваад яв чи яах гээд дахин дахин эргэлдээд байгаа юм гээд унаж явсан морьных нь хондлой руу нь 3-4 удаа цохиод Пүрэвдоржийн нуруунд нь нэг удаа цохиод хөөж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85/

Гэрч Б.Дашдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэг дээр 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би Пүрэвдорж дээр очиж уулзсан ба тэгж уулзахдаа та нар нутгийн улсууд ярьж тохиролцохгүй юу гэсэн чинь Пүрэвдорж тохиръё гэсэн. Тэгээд би нэг ийм юм бичлээ гээд би өөрийн бичсэн зүйлээ өөрт нь уншиж өгсөн чинь “болно” гэсэн тэгээд Пүрэвдорж хохирлынхоо хэмжээг хагалгаанд орсны дараа хэдэн төгрөг өгөхийгөө тохиролцъё гэсэн. Тэгээд энэ бичсэн цаасан дээр бичсэн зүйлийг уншиж өгөөд Пүрэвдоржоор өөрөөр нь гарын үсэг зуруулсан юм. Энэ бичгэн дээр Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж авчихаад Нацагдоржруу утсаар яриад “чи энэ хүнийхээ хохирлыг нь төлөхгүй бол би энэ бичгийг нь өгөхгүй гэсэн. Би хохирлын мөнгийг нь төлвөл гомдолгүй гээд бичиг бичүүлээд авчихлаа, хагалгааны дараа хэдэн төгрөг төлөх нь мэдэгдэнэ гэсэн чинь Нацагдорж өөрөө зөвшөөрөөд хохирлыг нь төлж өгнө гэсэн. Тэгээд би энэ бичгийг өгөхөөр аймагт ирэхдээ аваад ирсэн юм...”  гэх мэдүүлэг  /хх-ийн 63-64-р хуудас/,

Шүүгдэгч Б.Нацагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 08 сарын 03-ны шөнө 00 цагийн үед Пүрэвдорж манай гэрийн гадаа ирээд хонь мал үргээгээд байхаар нь би яв гээд хөөж явуулсан юм. Тэгээд дахин дахин ирээд хамгийн сүүлд ирэхээр нь би яв гэсэн чинь эцгийн нэрээр дуудаад ална гээд байхаар нь би модоор Пүрэвдоржийн нуруу руу нь цохиод мөн мориных нь хондлойруу цохиод хөөгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 437 дугаартай шинжээчийн: 1.Р.Пүрэвдоржийн биед эрүүний яманд зөрөөтэй хугарал гэмтэл үүссэн байна. 2.Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Р.Пүрэвдоржийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэндийн, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 104/

-хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14/,

-шилбүүр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-17/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32/,

-хураан авах тогтоол, тэмдэглэл, хураан авсан зүрхний хэт авиан шинжилгээний протокол 2 хуудас, компьютерт томографийн шинжилгээний хариу 2 хуудас, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34-42/   

-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн Р.Пүрэвдоржийг хүлээн авч үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 105-120/

-Жаргалант сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 136/,

-Б.Нацагдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-138/,

-Баянхонгор аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 1/981 тоот тодорхойлолт /хх-ийн 139-139/,

-хохирогч Р.Пүрэвдорж болон шүүгдэгч Б.Нацагдорж нарын бэлэн мөнгө хүлээлцсэн талаарх баримт /хх-ийн 157/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.Нацагдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Нацагдорж нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Р.Пүрэвдорж нь мөрдөн байцаалтын шатанд хохиролоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэдгээ илтгэн сайн дураараа эвлэрсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нацагдорж нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэл эдлэж байгаагүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэргэлэн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэснийг ял хүндэрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 115 см урт модыг устгаж, хохирогч Р.Пүрэвдоржийн рентген зураг 1 ширхэг, томографийн зураг 2 ширхэг, амбултиороор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, СиДи 1 ширхэг зэргийг буцаан олгож, зүрхний хэт авианы шинжилгээний тэмдэглэл 2 хуудас, компютер томографын шинжилгээний хариу 2 хуудасыг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Р.Пүрэвдорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул түүний эзэмшлийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298,  299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Бавуугийн Нацагдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржийг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржид оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржид оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Б.Нацагдоржид хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Нацагдорж нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Пүрэвдорж нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 115 см урт модыг устгаж, хохирогч Р.Пүрэвдоржийн рентген зураг 1 ширхэг, томографийн зураг 2 ширхэг, амбултиороор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, СиДи 1 ширхэг зэргийг буцаан олгож, зүрхний хэт авианы шинжилгээний тэмдэглэл 2 хуудас, компютерт томографийн шинжилгээний хариу 2 хуудасыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагдоржийн эзэмшлийн 50-26 БНХ улсын дугаартай 31519 маркын УАЗ3469 автомашиныг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нацагдоржид батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэхь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ