Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0184

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр Дугаар 128/ШШ2020/0184 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: ...Б.А ыг Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтыг үндэслэн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

2018 оны 02 дугаар сарын 24 ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан болж иргэн Б овогтой А миний бие 4 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшин, хуралдаанд оролцсон гишүүдийн 99,4 хувийн саналаар тус хорооны Засаг даргаар сонгогдсон. Хорооны иргэдийн Нийтийн Хурлаас 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоол гаргаж, улмаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан бичгээр намайг томилуулахаар дүүргийн Засаг даргад санал болгож Хурлын шийдвэрийг хүргүүлсэн юм.

Гэвч дүүргийн Засаг даргаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч хариу

өгөх арга хэмжээ авахгүй байгаа бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл хэрэгжүүлж байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан нөхцлийг бүрдүүлж байна.

Мөн дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шаардлагыг хангаж байгаа иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэж тус тус заасны дагуу төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Үүний зэрэгцээ энэхүү хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно гэж зааснаар бусад аж ахуй эрхлэх эрх маань ч хязгаарлагдаж байгаа болно.

Улмаар ганцхан иргэн миний субеъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоос гадна намайг сонгон нэр дэвшүүлсэн Иргэдийн Нийтийн Хуралд оролцож надад санал өгсөн нийт 163 иргэний сонголт, хүсэл зоригийг ч хөсөрдүүлж, сонгогдох эрхийг маань ч зөрчиж байна. Миний бие Дүүргийн Засаг даргаас хариу өгөхгүй 35 хоног өнгөрсний дараа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А гийн хууль бус эс үйлдэхүй нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул захиргааны зохих акт /4-р хорооны Засаг даргаар томилох/ гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018.05.14-ний өдөр "... Хорооны Засаг даргыг томилох тухай асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-ийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар тухайн дүүргийн Засаг даргын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал тул Нийслэлийн Засаг даргын зүгээс та бүхний тавьсан асуудлаар шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй болохыг мэдэгдэж байна гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч байна. гэжээ.

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.А ас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга тайлбар гаргахгүй гэсэн тул өөр хэлэх тайлбар байхгүй... гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ...Б.А ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А тус шүүхэд хандаж Б.А ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар Б.А нь сонгогдсон тул томилуулах санал гаргах тухай тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 06 дугаар тогтоолын дагуу хандахад Хан-Уул дүүргийн Засаг даргаас хариу хүргүүлээгүй үйлдэл хэмээн хариуцагчийн эс үйлдэхүйг тодорхойлжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08/315, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09/153 тоот албан бичгүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх эрх үүргийг олгож итгэмжлэл олгосон байх ба 2018 оны 06

дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, баримтад гарын үсэг зурсан ба хариу тайлбар өгөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тогтоосон байна.

Иймд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбарыг хариуцагчаас бичгээр гаргаагүй хэмээн тайлбарлаж оролцох нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт, бусад оролцогчдын тайлбарын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хэрэгт цугласан баримтаас үзвэл иргэн Б.А ын тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0044439 дугаар тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0006562 дугаар тодорхойлолт, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2318000095 дугаар тодорхойлолтуудаар аливаа ял шийтгэлгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөр, зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны санал хураалтаар Б.А нь 99.4 хувийн саналаар тус хорооны Засаг даргаар сонгогдож, тухайн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хорооны Засаг даргыг томилуулахаар санал болгох тухай 06 дугаар тогтоол цорын ганц хүчин төгөлдөр тогтоол болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул харшлах зүйлгүй байна.

Тодруулбал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлуудаас Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 9, 12 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0086 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1 дэх заалтаар 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Хурлын анхдугаар хуралдааны 4 дүгээр Засаг даргыг сонгох тухай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 177 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4 дүгээр хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 5 дугаар Засаг даргыг сонгох тухай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилуулахаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасныг үндэслэн Хорооны Засаг даргыг томилуулахаар санал болгох тухай 06 дугаар тогтоолыг гаргажээ.

Үүний дараагаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А д Б.А ыг тус хорооны Засаг даргаар сонгогдсон тул томилуулахаар уламжилсан боловч Хан-Уул дүүргийн Засаг даргаас Б.А ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилсон, томилохоос татгалзсан аливаа шийдвэр гаргаагүй байна.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж зааснаар хариуцагч тус дүүргийн Засаг дарга нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргыг томилох хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар түүнийг томилохгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хорооны Засаг даргаар Б.А ыг хуулиар тогтоосон шаардлага, журмын дагуу томилохыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар түүнийг томилохгүй байгаа тус дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хорооны Засаг даргаар Б.А ыг хуулиар тогтоосон шаардлага, журмын дагуу томилохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.А /-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА