| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00547/и |
| Дугаар | 153/ШШ2020/00557 |
| Огноо | 2020-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 153/ШШ2020/00557
| 2020 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2020/00557 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00547/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..... миний бие нь 1970 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Налгар овогтой Цагааннохойн 4 дэх охин болон мэндэлсэн. Манай аав Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд бог малын суурь малладаг байсан бөгөөд нэгдлийн олон малтай учраас хүн хүчний дутмагаас шалтгаалан намайг сургуульд оруулаагүй. Миний бие нь сургуульд суралцаагүй тул бичиг үсэг мэддэггүй. Манай аав Н.Ц нь нэгдэл тарах хүртэл мал малласан бөгөөд миний бие нь аавынхаа суурьт малчнаар ажиллаж байсан. Би бичиг үсэг мэддэггүй учир миний цалин хөлсийг аавын нэр дээр гаргадаг байсан. Ц.Э миний бие нь 1998 онд Э овогтой Г-тэй гэр бүл болж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн.
Миний бие нь 2002 онд Менингит өвчин тусч өвчин хүндэрсний улмаас 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тоггоогдож одоог хүртэл группт байна. Би бага наснаасаа одоог хүртэл нутагтаа мал маллаж амьдарч байна.
Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн.
Иймд Ц.Э намайг 1985 сны 07 сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү ...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э 1985 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 520 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио бригадын 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 4-10 дугаар тал/
2.Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 49 тоот албан бичиг /хх-ийн 27 дугаар тал/
3.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 815 тоот албан бичгээр ирүүлсэн Ц.Э-ийн ХААТР-1 маягтын хуулбар,/хх-ийн 28-29 дугаар тал/
4.Гэрч Ч.Арслангийн... Би 1967 онд жолооч болоод 1973 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн мал эмнэлэгийн жолоочоор, 1973-1984 онуудад Эрдэнбүрэн сумын нэгдлийн ЗИЛ-130 машины жолоочоор, 1984 оноос хойш нэгдэл тартал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио багт малчнаар ажиллаж байсан. Ц.Э нь 1970 онд төрсөн. Айлын 4 дэх охин байгаа юм. Албан ёсоор сургуульд бол сураагүй. Албан бусаар төгссөн эсэхийг би мэдэхгүй. Тэр үед аав нь нэгдлийн суурь мал маллаж байсан бөгөөд малаа хариулж дийлэхгүй болохоор охин Э гаргаж авсан юм. Э нь мэдээ орсон цагаасаа л малчин болсон хүүхэд байгаа юм. Хурга хариулан, аргал түүх зэрэг ажлыг хийж байсан. Яг хэдэн оноос ажилласан эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
5.Гэрч Л.Дариймаагийн... 1982 оны 6 сараас нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн үйлчлэгчээр ажилласан. 1990 онд нөхөртэйгээ суугаад малчин болсон одоог хүртэл малчнаар ажиллаж байсан. Ц.Э нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализмын зам нэгдлийн Хонгио бригадад малчнаар ажилласан. Би хамт нэг нутаг усны хүмүүс болохоор мэдэж байнаа. Отгон нь Эрдэнэхишигийн ээж нь байгаа юм. Ц ах нь байгаа юм. Ц.Э нь айлын 4 дэх охин.. Нөхрийг нь Г гэдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/
6.2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын архивт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-39дүгээр тал / зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Э-ийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ