| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00512/и |
| Дугаар | 153/ШШ2020/00558 |
| Огноо | 2020-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 153/ШШ2020/00558
| 2020 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2020/00558 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Г.Г-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00512/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд төрсөн. Ам бүл 1, 1981 оноос Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж байгаад 1983-1986 онуудад цэргийн алба хааж, цэргээс ирээд үргэлжлүүлэн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд үргэлжлүүлэн мал маллаж байгаад 1991 онд тус нэгдэл нь тарж, Ард ХХК-нд /Цэцэг сумын Худалдаа бэлтгэлийн анги/ 1992 оноос 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан.Мал маллаж байх хугацаандаа эмнэг сургалтын аврага, залуу тууварчин, аймаг сумын алдарт уяачаар тус тус шагнагдаж байсан. Г.Г миний тухайн үеийн Хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон.
Иймд Г.Г намайг 1981 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оныг хүртэл Цэцэг сумын худалдаа бэлтгэлийн анги буюу Ард ХХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г-ийг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 10 сараас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.1989 оны мал маллаж байх үеийн гэрэл зураг /хх-ийн 4 дүгээр тал/
2.1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан Диплом /хх-ийн 9 дүгээр тал/
3.Гэрч Д.Чойсүрэнгийн... Би 1979-1987 он хүртэл Ховд аймгийн Цэцэг суманд нэгдлийн хянан байцаах комиссын даргаар ажиллаж байлаа. 1987-1991 он хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн боловсон хүчнээр ажиллаж байсан. Нэгдэл тараад Ард компани болоход компаний нягтлан бодогчоор 1994 оныг дуустал ажилласан. Г.Г нь 1981 онд Ховд аймгийн Цэцэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болж байсан. 1981-1991 онуудад Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, Цэцэглэх нэгдэл тараад Ард компани болоход компаний малчнаар бас ажиллаж байсан компани татан буугдах хүртэл малчнаар ажиллаж байсан. Г-ийн аавынх нь нэрийг Г гэдэг. Ээжийнх нь нэрийг Н гэдэг байсан. Г нь эцэг эхээс 8-уулаа айлын 2 дахь хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/
4.Гэрч Ж.Дамбын... Би 1980-1991 он хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан. Нэгдэл тараад Ард компани болоход компанийн даргаар бас ажиллаж байсан. Г.Г нь 1981 онд Ховд аймгийн Цэцэг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болж байсан. Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Цэцэглэх нэгдэл тараад Ард компани болоход компаний малчнаар бас ажиллаж байсан. Одоо Г аймгийн төвд л амьдардаг. Хавар, зун, намартаа хөдөө гарч малаа малладаг юм шиг байгаа юм. Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэл 1991 онд л тарсан санагдаад байх юм. Нэгдэл тараад Ард компани болж байсан. Ард компани болж сүрхий ажиллаж байгаад тараад алга болсон. Тэгээд ч ардчилал гарч ирээд ажиллаж байсан газрууд үүд хаалгаа хаагаад алга болсон доо. Г-ийн аавых нь нэрийг Г гэдэг. Ээжийнх нь нэрийг Н гэдэг Г 8 хүүхэдтэй байл. Г айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Г-ийн дүүг М гэдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
5. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШЗ2020/01592 дугаартай шүүгчийн захирамжаар Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасагт үзлэг хийсэн тэмдэглэл /47-53 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 8 дугаар хуудас Диплом, 10-19 дүгээр хуудас, нэхэмжлэгчээс ирүүлсэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэл, мөн Цэцэг сумын Ард компанийн лавлагаа зэрэг нь засвартай байх тул нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 01 сараас 1994 он хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын компанид малчнаар ажиллаж байсан байдлаа дахин нотлох баримтаа бүрдүүлэн хандах эрхийг нээлттэй орхилоо. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Г.Г холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Г.Г болон түүний өмгөөлөгч Ч.Т нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирж мэтгэлзэх эрхээ эдлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хэрэгт цугларсан баримт болон шүүхийн санаачлагаар цуглуулсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн Г.Г-ийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Г-ийг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 10 сараас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 01 дүгээр сараас 1994 оныг хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Ард компанид малчнаар ажиллаж байсан байдлаа дахин нотлох баримтаа бүрдүүлэн жич хандах эрхийг нээлттэй орхисугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ