Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

2024       02             02                                            2024/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Пгийн Эд холбогдох эрүүгийн 2435000000019 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 8 дугаар сарын 16-нд Увс аймгийн ................... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 5 хүүхдийн хамт  Увс аймгийн ............. сумын ....... дугаар багийн ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй З овогт Пгийн Э /РД:......................./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20-21 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр” бөөний төвийн зогсоолд асаалттай байсан Ж.Нгийн эзэмшлийн .......... УВС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч буюу хохирогч Ж.Нгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч П.Эг Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20-21 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр” бөөний төвийн зогсоолд асаалттай байсан Ж.Нгийн өмчлөлийн ....... УВС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-06 дахь тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дхь тал),

2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Хохирогч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

Гэрч Ө.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

Шүүгдэгч П.Эгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаа олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд нь халддаг, материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагдана.

Өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих зорилгоор авч, очих газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхтэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ онцлог гэмт хэрэг юм.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э нь хохирогч Ж.Нгийн “Toyota prius XW 20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Ж.Нийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч П.Э бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Энь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч П.Эг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хөрөнгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 265 дугаартай “2023 оны 12 дугаар сарын байдлаар 2005 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол Улсад орж ирсэн “Toyota prius XW 20” загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 8.080.000 /найман сая наян мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх  дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал)-ээр гэмт хэрэгт өртөгдсөн автотээврийн хэрэгсэл нь 8.080.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул гэмт хэргийн улмаас 8.080.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Ж.Н мөрдөн байцаалтын шатанд “Би авто машины бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад тухайн хэргийн улмаас ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч П.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч П.Энь автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Энь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал)-аар тогтоогдсон  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ

Шүүгдэгч П.Эгийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Пгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч П.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                           

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ