Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00563

 

 

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00563

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд а............... тоотод оршин суух, ..... овогт С.М-ийн нэхэмжлэлтэй, Ховд ............. оршин суух, ..... овогт Ш.Б-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 153/2020/00553/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч С.М, Ш. Бк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Б-тэй 2006 онд танилцаад 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 0226535 тоот гэрлэлтийн баталгаагаар гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Б, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.М нар төрсөн. 2009 он хүртэл Ховд аймгийн Ховд суманд амьдарч байгаад Ховд аймгийн төвд шилжин ирж амьдарсан. Ш.Б нь хувиараа ажил хийдэг байсан боловч ар гэртээ халамж багатай аминдаа арчаагүй, үр хүүхдээ анхаардаггүй, мөн зоддог, харддаг мөртлөө өөрөө өөр хүнтэй явалдаж байсан. Би тэр болгоныг нь тэсээд амьдарч байсан боловч 2012 онд тэсэхээ байгаад Казакстан улс руу хоёр хүүхдээ дагуулан авч явж 2018 оны 7 сард Монголдоо ирсэн. 2 хүүхэд Баян-Өлгий аймагт суралцдаг бөгөөд хүүхдүүдийнхээ эрхээр тэнд амьдарч байна. 2020 оны 02 дугаар сар буюу цагаан сарын үеэр Ш.Бк хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэхээр нь Баян-Өлгий аймагт гэртээ үлдээчихээд бараандаа явсан. Гэтэл том хүүгээ дээр нь гарчихсан зодож байсныг миний төрсөн дүү салгасан байсан. Ер нь би 2012 он хүртэл хүчирхийлэлд өртдөг байсан ч цагдаад хандаж байгаагүй. Одоо бид цаашид нийлж амьдрах боломжгүй болсон учраас бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй.. гэв.

Хариуцагч Ш.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би сард 500,000-600,000 төгрөг хүүхдүүддээ өгдөг байсан. Миний ажил энд байдаг. Би Баян-Өлгий аймагт очоод ямар ч хүн танихгүй. Би 2 дугаар сард очиход С.М намайг хөөж, хүйтэн хөндий хандсан. Нэг өдөр танихгүй айлын эхнэр над руу залгаад танай эхнэр манай нөхөртэй яваад гэр бүл үймүүлээд байна. Чи эхнэрээ татаж аваач гэж хэлсэн. Би тэр эмэгтэйтэй уулзахад манай эхнэр болон нөгөө хүний хоёрын хоорондоо бичсэн бүх мессэжийг надад уншуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр би Хөвсгөл яваад 5 дугаар сарын 5, 6-ны үеэр Ховдод ирсэн чинь манай найзууд танай авгайг Баян-Өлгийн аймгийн зарын групп дээр Ховдоос ирсэн С.М гэдэг хүүхэн хүний нөхөртэй явалддаг гэж бичсэн байна гэж хэлсэн. Би С.М рүү залгаад асуутал тийм зүйл байхгүй. Айлын эхнэр хардсандаа тэгж байгаа юм гэж хэлсэн. С.М нэхэмжлэлдээ намайг өөр хүнтэй явдаг гэж бичсэн байсан. Надад тийм асуудал байхгүй. С.М өөрөө хүнтэй явдаг. Намайг мөнгө муутай болохоор хаяж байгаа. 2006 оноос 2012 он хүртэл хамт амьдарсан. С.М эсгий гэрээ зараад Казакстан явсан. Би гэр барьж өгье. Битгий хөлсний байранд бай гэж хэлсэн. Одоо цаашид хамт амьдаръя гэвэл би хамт амьдрахад бэлэн байгаа. Би зүгээр байхад нь зодож, харддаггүй. Би өчигдөр С.М-ийн явалддаг хүнтэй нь утсаар яриад та манай эхнэртэй сууна гэсэн байна. Та бид хоёрын амьдралыг үймүүлж байна гэхэд би тийм асуудал мэдэхгүй гэж хэлсэн. Би тэр хүнтэй нь чаталсан мессэжийг нь харсан. Би ийш тийшээ их явдаг болохоор гэрлэлтээ заавал цуцлуулна гэвэл хоёр хүүхдээ ээж дээр нь үлдээж болно гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0226536 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Б, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.М нар төрсөн болох нь №0187829, №0000984202 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 5-7 дугаар тал/

Нэхэмжлэгч С.М, хариуцагч Ш.Б нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдархгүй гэх тайлбар, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Б, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Ми нарын санал болон  хүүхдүүдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх С.М-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч С.М нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдүүд болох Б.Б, Б.М нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Ш.Б-ийн  хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд  Монгол улсын Үндсэн хуульд заасан журамт үүргээ биелүүлж, үр хүүхдээ тэжээн тэтгэж өсгөн хүмүүжүүлэхэд оролцож, мөн  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхийг эцэг Ш.Б-д үүрэг болгож, энэ үүргээ биелүүлэхэд эх С.М нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70,200 төгрөгийг хариуцагч Ш.Б-ээс  гаргуулан  нэхэмжлэгч  С.М-д олгохоор тогтов.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар  .... овогт ....М, ....... овогт ..... Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Б, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.М нарыг эх С.М асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ш.Б-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч С.М-д  тус тус даалгасугай.

5.Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ш.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М-д  олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад  даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ