Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00564

 

 

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2020/00564

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Х............оршин суух, ........овогт ....... Х-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00663/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Ц.Х нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х миний бие нь 1969 онд Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж байгаад нэгдүгээр ангид элсэн орж суралцаад, сургуулиа төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсан учраас цалингийн цэс олдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч цалин хөлс олгосон бичилттэй хэсгүүдийн зарим нь тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын ши^тгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан ба хүсэлтийнхээ шаардлагыг 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо.

Иймд Ц.Х намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6-8 дугаар тал /

2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 11 дүгээр тал/

3.1986 оны, 1989 онуудын гэрэл зургууд /хх-ийн 12 дугаар тал/

3. Гэрч Г.Удвалын... Би 1982 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад саальчинаар нэгдэл тартал ажилласан. Ц.Х нь 1985-1990 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан, хадлан тэжээл бэлдэх, хашаа саравч засах зэрэг бүх төрлийн ажил хийдэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

4.Гэрч Н.Загдсүрэнгийн...1987 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг төгсөөд ТМС-д яваад 1990 онд төгсөж ирсэн. Төгсөж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажилласан. Ц.Хнь манай Мянгад сумын нэг багийн хүн байгаа юм. 1985-1989 онуудад Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан юм. Би нэг нутаг усных болохоор мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ........ овогт .......... Х-г Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ