| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
2024 01 30 2024/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0025/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б ,
Улсын яллагч Д.Ч ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2339000000435 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч ********** нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг "Талын булаг" гэх газраас *********** улаан зүсний соёолон насны 1 тооны эр үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000435 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би Хэнтий аймгийн Өмөндэлгэр сумын 4 дүгээр баг Талын булаг гэх газарт хаваржиж байхад 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр хөдөө гэртээ очиж тэр орой нь үхэр малаа хураагаад хотолоход аав, ээж хоёр сумын төв явахаар болж би гэртээ ганцаараа үлдсэн. Ээж аавыг явахаар нь манай үхрийн имнээс өөр доголон ухаа улаан сартай үхэр байхаар нь ********* ахын үхэр юм байна гэж бодоод ********* ахтай яриад "Надад мөнгөний хэрэг байна, манай үхэрт таны доголон ухаа улаан үхэр байна энийг ажиллаж болох уу? зээл тулаад байгаа юм" гэхэд зөвшөөрсөн....Үхрээ тууж ирж хашаанд хашаад урт модын үзүүрт бугуйл хийж байгаад сартай ухаа улаан шүдлэн эр үхэр ганцаараа барьж авч хашааныхаа хойд талд хөтөлж гаргаад хашааны араас уяж байгаад сүхээр 2-3 удаа толгойн хэсэгт цохиж унагаад ганцаараа ажилласан. Тэгээд 5528 УНВ улсын дугаартай, хөх өнгийн супер портер маркийн машинд мах, гэдэс, арьс, толгой шийртэй нь ачаад аймгийн төвд 10 цаг өнгөрч байх үед орж ирээд гэдсийг нь гахайн байрны зүүн талд аваачиж хаясан. Цааш эмнэлгийн хойд талын байшинд "мал мах авна" гэсэн бичигтэй газар очиж ********** гэх ченжид зарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,
Хохирогч ************** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 2-р хуудас),
Хохирогч ********** (хх-ийн 7-8, 81-82-р хуудас) гэрч ************ (хх-ийн 14-15, 23-25, 85-86-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэрч ********** мах хүлээлгэж өгсөн “мах худалдаж авсан” талаарх бичвэр (хх-ийн 92-р хуудас)
“Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №2023/ШД-277 дугаартай “...1 тооны бод малын үнэлгээ 1,800,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 32-34-р хуудас),
Хохирол 2,068,000 төгрөгийг 1,800,000, 268,000 төгрөгөөр нөхөн төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд,
Шүүгдэгч ********** хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 56-61, 64-72-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000435 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ********** нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг "Талын булаг" гэх газраас ************ улаан зүсний соёолон насны 1 тооны эр үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хохирогч ********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 2-р хуудас),
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын сүүлээр...3-4 хоногийн дараа үзэхэд сартай ухаа улаан соёолон эр үхэр хулгайд алдагдсан байсан...2023 оны 05 дугаар сарын эхээр аймаг болон хотын ченж нарт манай ойр орчмын айлуудаас ганц нэгээр үхэр зарсан хүн байна уу гэж сураг тавиулахад Өмнөдэлгэр сумын харьяат ********* гэх хүн 1 тооны үхэр зарсан байна гээд данс утасны дугаар *******ийг нь явуулахаар нь би маргааш нөгөөдрөөс нь ********** гэх залуутай очоод уулзахад аав ээж хоёр нь байсан "Чиний үхэр ажлаад зарсан ченж болон чамайг мэдэх бүх хүмүүсийн мэдээлэл надад байна, чи ямар учиртай залуу вэ" гэхэд *********** хариуд нь "Би танай сартай ухаа улаан эр үхрийг авч зарсан намайг уучлаарай гэсэн... тухайн үед өөрөө шууд буруугаа хүлээгээд төлье гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8, 81-82-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр над руу нэг хүн залгаж "Өмнөдэлгэр сумын ********** хүү ********** байна...мах өгөх гэсэн юмаа" гэж залгахаар нь ********** бойн дээр очоод байж бай гэж хэлээд би 1 цаг гарны дараа очиход хөх өнгийн ачааны машинтай үхрийн мах ачаад ирсэн байсан. Тэгээд махыг үзтэл муухай улаан ажилласан үхэр байхаар нь "чи ямар муухай ажилласан юм бэ?" гэхэд манай гэмтсэн үхэр гэж хэлж байсан...нийт 2.068.000 төгрөгөөр худалдан авч ********** 5951168750 тоот дансанд шилжүүлсэн байна...*********** нь махаа өгөх үедээ малын эмчтэй холбогдоод малын гарал үүслийн бичгээ авчихаад өнөөдөртөө өгнө гэж хэлээд өгөөгүй итгээд авсан... Би тухайн үедээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж авж байсан. Бичиж авснаа харахад би Баатарсүхээс 223 килограмм үхрийн махыг 9300 төгрөгөөр бодож авсан байна. 223 килограмм махыг 9300 төгрөгөөр бодоход 2,073,000 төгрөг болж байсан. Энэ мөнгөнөөс грүшигний мөнгө буюу хүнээр мах зөөлгөж ачуулдаг 5000 төгрөгийн хасаж 2,068,000 төгрөг ********** гэх хүний Хаан банкны данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15, 23-25, 85-86-р хуудас),
“Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************ 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №2023/ШД-277 дугаартай “...1 тооны бод малын үнэлгээ 1,800,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 32-34-р хуудас),
Шүүгдэгч *********** Хаан банкны 5951168750 дугаартай дансны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орлого, зарлагын хуулга (хх-ийн 66-р хуудас),
Хохирол 2,068,000 төгрөгийг 1,800,000, 268,000 төгрөгөөр нөхөн төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь ********** 1 тооны үхрийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч ************ хулгайлсан ************* улаан зүсний соёолон насны 1 тооны эр үхрийг хулгайлсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.
Шүүгдэгч *********** хохирогч ************* 1 тооны үхрийг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *********** ганцааараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *********** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ************* нь хохирогч *********** 1 тооны үхрийг хулгайлж түүнд шинжээчийн дүгнэлтээр 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
“Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********** 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №2023/ШД-277 дугаартай “...1 тооны бод малын үнэлгээ 1,800,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 32-34-р хуудас) байх хэдий ч гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би ********** 223 килограмм үхрийн махыг 9300 төгрөгөөр бодож авсан байна. 223 килограмм махыг 9300 төгрөгөөр бодоход 2,073,000 төгрөг болж байсан. Энэ мөнгөнөөс грүшигний мөнгө буюу хүнээр мах зөөлгөж ачуулдаг 5000 төгрөгийн хасаж 2,068,000 төгрөг Баатарсүх гэх хүний Хаан банкны данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 85-86-р хуудас), шүүгдэгч ********** Хаан банкны 5951168750 дугаартай дансны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орлого, зарлагын хуулга (хх-ийн 66-р хуудас) зэргээр хохирогч ********* 1 тооны үхэр нь 2,068,000 төгрөг болсон тогтоогдож байна.
Тодруулбал хохирогч ************* хулгайд алдсан 1 тооны үхэр нь шинжээчийн үнэлгээ 1,800,000 төгрөгнөөс илүү буюу нийт 2,068,000 төгрөгөөр худалдагдсан байх ба шүүгдэгч нь бусдад худалдагсан үнэ болох 2,068,000 төгрөгөөр хохирлыг төлсөн байна.
Шүүгдэгч нь хохирогч ************ учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь 1,800,000, 268,000 төгрөг нийт 2,068,000 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *********** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Харин улсын яллагчийн шүүгдэгч ************* 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч ************* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардалгагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхууруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000435 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********* ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Гайтавын Баатарсүхийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ************ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ********* хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн 2339000000435 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР