| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00719/и |
| Дугаар | 153/ШШ2020/00566 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2020/00566
| 2020 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2020/00566 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .............оршин суух Л.Цэвээн Г.Б нарын нэхэмжлэлтэй Л.Гомбожавын ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00719/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Л.Ц, Г.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрөн дүү Л.Г нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зуурдаар нас барсан. Л.Гомбожав нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд оршуулгын тэтгэмж 1,000,000 төгрөг авах гэтэл түүний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгож ир гээд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс уг мөнгийг олгохгүй байна. Л.Гомбожав нь 1989-1991 оны 01 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван-Эрдэнэ ХХК-д түрээсийн малчнаар ажиллаж байсан юм. Компани тараад хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа саяхан зуурдаар нас барсан юм. Иймд Л.Гомбожавыг 1989 оны 07 дугаар 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, 1992 оны 6 сараас 1993 оны 6 сарын 20 хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна гэв.
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав Л.Гомбожав нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зуурдаар нас барсан. Л.Гомбожав нь 2 хүүхэдтэй хоёулаа насанд хүрсэн хүмүүс байгаа. Нас барсан иргэнд оршуулгын тэтгэмж гэж 1,000,000 төгрөг өгдөг юм байна. Түүнийг нь авах гэтэл ажилласан жил болон цэргийн алба хаасан баримтууд нь бүрдэхгүй нилээн хугацаа алдсан. Бүх баримтуудыг нь хөөцөлдөөд бүрдүүлээд Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход шүүхээр ажилласан жилийг нь тогтоолгож ир гэдэг шаардлага тавьсан. Миний аав Л.Гомбожавыг 1989 оны 07 дугаар 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, 1992 оны 6 сараас 1993 оны 6 сарын 20 хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Л.Гомбожав нь 1989 оны 07 дугаар 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан, 1992 оны 6 сараас 1993 оны 6 сарын 20 хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1586 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр тушаал, /хх-ийн 6 дугаар тал/
2. Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай Хөрөнгө хувьчилсан дүнгийн тухай тогтоол /хх-ийн 7 дугаар тал/
3.Ховд аймгийн Дөргөн сумын 1 дүгээр бригадын 1990 оны 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/
4. Ховд аймгийн Дөргөн сумын Агваш хэсгийн 1989 онд бэлтгэсэн хадлангийн хөлс /хх-ийн 11 дүгээр тал/
5.Ховд аймгийн Дөргөн сумын Агваш хэсгийн 1990-1991 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр /хх-ийн 12-14 дүгээр тал/
6.Цэргийн батлах /хх-ийн 19-32 дугаар тал/
7.Гэрч Д.Баатаржав:... Би 1980-1983 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан.Л.Гомбожав нь Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийг 1989 онд төгссөн. Сургуулиа төгсөөд хөдөө гарч малчин болсон. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл тарааад Таван-Эрдэнэ компани болоход эцэг эхийн хамт мал маллаж байсан. Л.Гомбожав нь цэргийн албанд 1 жил явсан санагдаж байна. Гомбожавын аавынх нь нэрийг Лхагва, Лхагвынх 9 хүүхэдтэй айл байсан. Гомбожав нь айлын отгон хүү байсан. Гомбожав нь 1996 онд гэр бүл болоод аймгийн төв рүү шилжсэн юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/зэрэг баримтуудаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, цэргийн алба хаасан болохыг нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гахайнхан овогт Лхагвын Гомжобав /ПП73061814/-ыг 1989 оны 07 дугаар 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, 1992 оны 6 сараас 1993 оны 6 сарын 20 хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ