| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
2024 01 24 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0023/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 2439000000016 дугаартай хэргийг 2024 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 08 дугаар гудамжинд байрлах "Кузов засвар, авто угаалга" *******тэй байгууламжийн гадна талд "гражийн хаалга хөлөөрөө чанга хаалаа" гэх шалтгааны улмаас хохирогч Г.У маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь удаа дараа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, гурван шүдний хугарал, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг булгийн 7 дугаар эгнээний зүүн талын үзүүрт цагаан цахилгаан худагтай тэрний хойд талд зүүн тийшээ харсан кузов завсар, авто угаалга гэсэн хаягтай граж байдаг. Тэр гражны үүдэнд намайг ********* гэх залуу зодсон...************ хамаатны дүү нар гражтай гээд машин тавих зорилготой очсон. Муудалцах зодоон болох шалтгаан нь "гражийн хаалга хөлөөрөө чанга хаалаа” гэсний улмаас гарч ирж зодоон болсон. Урьд өмнө нь маргалдаж муудаж байсан болон өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед ах дүү хоёр хоёулаа байсан болохоор намайг зодсон гэж бодсон. Дараа нь учраа олж ярилцаж найз *********** нараас асуухад дүү ********** нь намайг өшиглөж ********** нь салгасан байна лээ. Тэр орой ах дүү хоёр хоёулаа хамт байсан болохоор уурандаа хоёулыг нь зодсон гэж бодоод буруу мэдүүлсэн. Миний биед гэмтэл шарх үүсгэсэн хүн нь дүү нь буюу ********** байсан. ********** нь хажуугаас дүүгээ салгаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-18-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********** хандаж "чи яачихсан юм бэ" гэж асуухад "********** ах нь бид хоёрыг нохой шиг зодчихсон юм" гэж хэлээд гартаа 2 унасан шүд барьчихсан нүүр, ам, хувцас, хунар нь бөөн цус болчихсон" байсан. Тэр ирэхдээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад цагдаа нар ирэхээр нь тэр зодуулсан гээд байгаа граж дээр нь очиход тэр зодсон гээд байгаа 2 хүн нь гражаа дотроосоо цоожилчхоод гарч ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гадаа зодоон болсон юм шиг байна лээ. Намайг гараад харахад ********** нь амнаас нь цус гарсан, үүдэн шүд нь уначихсан байсан. ******** нь гадаа зогсож байсан. Өөрөө зодуулсан гэсэн боловч ил харагдах зүйлгүй байсан...Би гражд байсан болохоор гадаа зодоон болсон гэдгийг нь мэдээгүй. Гараад ирсэн чинь ********** амнаас цус гарсан байдалтай, шүд нь хугарчихсан байсан. Яг хэн тийм болгосныг хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би гражийн жижиг хаалгыг онгойлгох гээд өшиглөсөн чинь 2 танихгүй залуу ирээд нүүр, нүдгүй зодоод унасан. Тэгээд ********** найз "та хэд болиоч" гээд иртэл ********** хэн цохисныг мэдэхгүй байна. *********** гэнэт доошоо амаа бариад, цусаа гоожуулаад суусан.....********* салгах гэж ирээд цохиулсан. Хэн нь яг хаашаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Уртааг харсан чинь үүдэн шүд нь уначихсан, шүдээ алган дээрээ тавьчихсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *********** 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтэд:
1. ********** биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, гурван шүдний хугарал зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байболомжтой.
3.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5.6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй (хх-ийн 54-55-р хуудас),
Хохирогч ********** “...*********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 158-159-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч ********** нь хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч ********** нь “...******** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 158-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ********** нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* *********** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2439000000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР