Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Б.Дашням,

         хохирогч С.О,

         шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2319000000314 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.М

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ханги хилийн боомт дээр С.Отай "запрошик дайрсан гэж гүтгэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг газарт унаган гарын шуу хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Миний үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан. 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос хойш уулзаагүй. Сэтгэл санааны хохирол гэж ойлгохгүй байна. Эмчилгээний зардал 480.000 төгрөг төлсөн. Хохирол төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ арай өндөр байна. Би бас зээл төлдөг, ажилгүй сар боллоо. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг техникээ зөв газар байрлуулсан бол юу гэж ийм зүйл болох вэ дээ. Хийсэн хэргээ ойлгож, ухаарч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч С.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон асуудлын талаар урьд нь мэдүүлсэн. Эмчилгээнд 480.000 төгрөг өгсөн. Одоо сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Миний бие компанидаа ажиллаж цалин авч зээлээ төлж амьдарч байсан. Иймд 1 сар хагасын цалин нэхэмжилж байна. Би сард 4.000.000 төгрөгийн цалинтай. Нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч С.Оы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Мөнх Шижир Алт ХХК-ийн 38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл запрошикны шланк дээгүүр дайраад өнгөрсөн. Тэгэхээр нь би ардаас нь Мөнх Шижир Алт ХХК-ий 38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод шланк дээгүүр тээврийн хэрэгслээрээ дайраад тоолуур гацсан талаар хэлэх үед нөгөө Мөнх Шижир Алт ХХК-ийн 38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч би огт юм дайраагүй гэсэн. Тэгээд нөгөө жолоочийн хамт дайрсан газраа үзье гээд нөгөө жолоочийг дагуулаад запрошикны хажууд зогсоод шланкаа харуулах гээд зогсож байх үед Мөнх Шижир Алт ХХК-ийн өөр нэг тээврийн хэрэгсэлтэй жолоод хажууд зогсож байгаад нөгөө 3847 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг чи энэ шланкийг дайрна гэж юу байсан юм гэж хэлсэн чинь нөгөө 38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шууд уурлаад намайг гүжирдсэн гээд шууд намайг араас хавсарч унагаагаад миний нүүр лүү өшиглөхөөр нь гараараа хамгаалах үед миний зүүн талын гарын шуу хэсгийг хугалчих шиг болсон. ...Эмчилгээний зардал болон нэг сар ажил хийгээгүй тэрний хохирлыг гаргуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх 6-8, 50 ху/,

          -Гэрч Я.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... нөгөө жолооч ард алхаж явж байгаад харагдахгүй болохоор буцаад запрошикны хажууд очоод харах үед манай дүү болох Оыг газар унагаасан байдалтай өшиглөж байхаар нь би газраас чулуу авч нөгөө “Мөнх Шижир Алт” ХХК-ий 38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч руу айлгах санаатай далайж холдуулсан гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

         -Яллагдагч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: гаалийн ачилт, буулгалтын талбайд очиж зогсох үед түлшний запрошиктой 2 залуу ирээд түлш өгч байх үед түлшний машины шланк дээр гарч чирээд запрошик эвдэлсэн гээд байсан. Тэгэхээр нь би очиж үзье гээд өөрийн жолоодож байсан Норд бенз маркийн 38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээс буугаад харах үед запрошиктой туранхай залуу шаланкаа чирээд хүрээд ирэхээр нь би энд ийм түлшний машин харагдаагүй, би юм дайраагүй гээд нөгөө туранхай залуутай маргалдсан. Тэгээд миний уур хүрээд нөгөө туранхай залууг хавсарч унагаад унасан хойно нь өшиглөх үед гараараа хамгаалсан. Тэгээд зогсож байх үед нөгөө намхан залуу нь над руу газраас чулуу аваад цохих гээд байхаар нь барьж аваад чулууг нь газар хаяулаад нөгөө шланк байсан гэх газар руу нөгөө залууг заамдаад чирсэн чинь нөгөө шланк дээр миний дугуйны мөр харагдахгүй байхаар нь орхиод кемп рүүгээ хоол идэхээр орхиод явсан гэсэн мэдүүлэг /хх 11-12, 47 ху/

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/528 дугаартай дүгнэлтэнд: 

 1.С.Оы биед зүүн шуу ясны цууралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 33 ху/,

          -Амбулаториор үйлчлүүлэгсдийн карт /хх 17-31 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-41, 47 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.М нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ханги хилийн боомт дээр С.Отай “запрошик дайрсан гэж гүтгэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг газарт унаган гарын шуу хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Мы...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Миний үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Оы ...38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шууд уурлаад намайг гүжирдсэн гээд шууд намайг араас хавсарч унагаагаад миний нүүр лүү өшиглөхөөр нь гараараа хамгаалах үед миний зүүн талын гарын шуу хэсгийг хугалчих шиг болсонгэсэн, гэрч Я.Мөнхбаянгийн “...нөгөө жолооч ард алхаж явж байгаад харагдахгүй болохоор буцаад запрошикны хажууд очоод харах үед манай дүү болох Оыг газар унагаасан байдалтай өшиглөж байхаар нь би газраас чулуу авч нөгөө Мөнх Шижир Алт ХХК-ийн 38-47 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч руу айлгах санаатай далайж холдуулсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шуу ясны цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 02/528 дугаартай дүгнэлт, амбулаториор үйлчлүүлэгсдийн карт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

        Шүүгдэгч Б.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

          Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Иймд шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

         Гэмт хэргийн улмаас хохирогч С.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос сэтгэл санааны хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 480.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч нь сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Маас 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Од олгож, харин ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд нотлох баримт дутуу байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүхэд хандах эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Маас сэтгэцэд учирсан хохирол 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, С.Од /РД:МЗ97061511/ олгосугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА