Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 00638

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00638

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, .. айлын орон сууц 49 тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Б овогт Даваадоржийн Нын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даваадорж овогтой Н миний бие 1969 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдсэн эмнэлэгт Даваадоржийн 2 дахь охин болж төрсөн. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17 дугаар дунд сургуульд 1977 онд элсэн суралцаж Ховд аймгийн 2-р арван жилийн дунд сургуулийг 1987 онд төгссөн. Улмаар Улаанбаатар хотын СЭЗТ-д 1987 оноос 1989 онд Нягтлан бодогч-Эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. 1989 оноос 1990 онд Буянт сумын ТАА-д нягтлан бодогчоор ажилласан. 1991 оноос ЭМГ-т нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Халдвартын төвд нягтлан бодогчоор ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт тушаал бичигдээгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Н намайг 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Халдвартын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Нын 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Халдвартын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Н нь 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Халдвартын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1678 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай сарын цалин тогтоох, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0658857 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 09-12 дугаар сар, 1991 оны 1-8 дугаар сар, 1994 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600001411 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Сангийн яамны харъяа Улаанбаатар хот дахь хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт санхүү эдийн засгийн техникумын 11147 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн 333940 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь

Гэрч Г.Оюунцэцэгийн ...Би 1989 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт их эмчээр тасралтгүй ажиллаж байна. Манай нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасаг нь 1992 онд Халдвартын төв болж тусдаа гарсан. Тухайн үед Д.Н нь манай Халдвартын төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1992 оноос 1995 оныг хүртэл ажиллаж байсан. Д.Н нь нягтлан бодогчоос өөр ажил хийж байгаагүй. Манай Халдвартын төвийн даргаар Жамсран, боловсон хүчин Наадгай, менежер Тошилхүү зэрэг хүмүүс ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Нын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Барнууд овогт Даваадоржийн Ныг 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Халдвартын төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ