| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 2319000000306 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: А.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.А нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 80 айлын автомашины зогсоол дээрээс хохирогч Н.Бийн өмчлөл, эзэмшлийн эд зүйлс болох "Самсунг А53" маркийн гар утас, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан, мөн түүний виза картаас 7 удаагийн гүйлгээгээр 30.000 төгрөгийн зарлага хийж бусдад нийт 656.300 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч А.-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу дээр маргахгүй, миний буруу. Гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн. Хаан банкны картаар би гүйлгээ хийсэн. Иргэний үнэмлэх, Хаан банкны картны үнийг төлөөгүй. Хохирогчтой уулзаагүй. Харамсаж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр баг, Офицерын 1-80 айлын гадна автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн Самсунг А53 маркийн гар утас, иргэний үнэмлэх, Хаан банкны виза картаа гээсэн. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний Хаан банкны данснаас учир битүүлэг аргаар мөнгө шилжигдэж гарсан байсан...Миний гар утас түгжээтэй байсан. Миний хаан банкны виза картын нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй. Миний хаан банкны виза карт чиптэй болохоор пос машин дээр уншуулахад нууц уг шаарддаггүй гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,
-Яллагдагч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сайншанд сумын 6 дугаар баг Офицерын 1-80 айл руу орох замын уулзвар дээрээс хар өнгийн кейстэй дотроо иргэний үнэмлэх, хаан банкны виза карттай Самсунг маркийн гар утас олсон... Би тухайн өдөр олсон гар утасны дотор байсан Хаан банкны виза картаар Оюу гэх хүнсний дэлгүүрт үйлчлүүлсэн. Тухайн хаан банкны карт нь чиптэй байсан болохоор нууц уг шаардлагагүй байсан гэсэн мэдүүлэг /хх 11-12, 30 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 17-19, 39-41 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-27, 30 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 80 айлын автомашины зогсоол дээрээс хохирогч Н.Бийн өмчлөл, эзэмшлийн эд зүйлс болох "Самсунг А53" маркийн гар утас, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан, мөн түүний виза картаас 7 удаагийн гүйлгээгээр 30,000 төгрөгийн зарлага хийж бусдад нийт 656,300 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгийг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ийн өгсөн “...Гэм буруу дээр маргахгүй, миний буруу. Гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Бийн “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сайншанд сумын 1 дүгээр баг, Офицерын 1-80 айлын гадна автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн Самсунг А53 маркийн гар утас, иргэний үнэмлэх, Хаан банкны виза картаа гээсэн. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний Хаан банкны данснаас учир битүүлэг аргаар мөнгө шилжигдэж гарсан байсан” гэсэн мэдүүлэг, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.А-ийн гээгдэл эд хөрөнгө завшсан үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч А.Б "Самсунг А53" маркийн гар утас, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан, мөн түүний виза картаас 7 удаагийн гүйлгээгээр 30.000 төгрөгийн зарлага хийж бусдад нийт 656.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн болон хохирол төлбөргүй зэрэг байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.Бийн эд хөрөнгөд 656.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх ба харин иргэний үнэмлэх, виза картны үнэ 76.300 төгрөгийг төлөөгүй байна.
Гэвч хохирогчоос үлдэх хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА