Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 154

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Э.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

хохирогч Ц.Нямдаваа,

шүүгдэгч Э.Должинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Э.Должинсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000249 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 38 настай. эмэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн менежер мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, хонхорын 2-р гудамж 62 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шараадай овогт Эрдэнийн Должинсүрэн, регистрийн дугаар ПЖ77122201,

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Э.Должинсүрэн нь 2016 оны 08 сарын 23-ны өглөө 07-08 цагийн үед Баянхонгор сумын Өлзийт сумын 6-р багийн нутагт өөрийн эзэмшлийн 84-47 УНВ улсын дугаартай тоёота пассо маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Галбаясгалан, А.Ананд-Очир нарын биед хөнгөн, Г.Маралмаа, Ц.Нямдаваа нарын биед хүнд гэмтэл тус тус учруулж, зорчигч Б.Сарантуяагийн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                  /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч Д.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Б.Сарантуяа нь миний 3 дахь хүүхэд юм. Талийгаач нь Нямдаваа гэж залуутай үерхэж дундаас нь Азбаяр гэдэг хүү төрсөн. Азбаяр нь одоо 8 сартай хүүхэд байгаа. Азбаяр нь одоо манайд эхнэр бид 2 өсгөж байгаа. Талийгаач охин минь найз залуу болох Нямдаваа, хүү Азбаярын хамтаар Улаанбаатар хотруу явна гээд тэр үед Должинсүрэн нь Улаанбаатар хот явах болж хамт машинд нь дайгдаж 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг “Зэрэг гол” гэх газраас Улаанбаатар хотруу явсан. Би тэр өдөр нь охинтойгоо ярихад өглөөний 07 цагийн үед байх одоо гараад явж байна гэсэн. Өдөр бас нэг залгаж ярихад Говь-Алтай аймгийн төвд ирж байна гэсэн тэгэхэд 14 цаг болж байсан байх. Үүнээс хойш дахин холбогдоогүй юм. Тэгтэл Баянхонгор аймгийн төвөөс гарч яваад осолдсон байсан. Миний хувьд ослын талаар нь мэдэхгүй байна. Энэ ослын улмаас миний охин Сарантуяа нас барсан, найз залуу нь болох Нямдаваа нь гэмтэл авч Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Хүү болох 8 сартай Азбаярын хувьд биеийн байдал зүгээр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй хэвийн өсөж бойжиж байгаа. Миний хувьд энэ хэрэгт талийгаач охиныхоо болон хүү Азбаярыг нь төлөөж хохирогчоор оролцож байна. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/

Хохирогч Д.Галбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие нь Улаанбаатар хотод сургуульдаа явах болоод 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг “Зэрэг гол” гэх газарт ирж Должинсүрэн эгчийн машинд дайгдаж Улаанбаатар хотруу явсан. Бид нар машиндаа жолоочоос гадна 3 том хүн 3 жижиг хүүхэд гээд долуулаа өглөө 07 цаг өнгөрч байхад гарсан. Говь-Алтай аймгийн төвд нэг хоол идээд зогсож цааш явсаар нэг өдөр, нэг шөнө бүтэн яваад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед Баянхонгор аймгийн төвд орж ирсэн. Ингэж явахдаа жолоочийн хажуу талын урд суудал дээр Должинсүрэн эгчийн 2 хүүхэд суусан том охин нь жоохон дүүгээ тэврээд суусан арын суудалд буюу жолоочийн ард талд хаалга талдаа би суусан миний хажуу талд буюу зүүн гар талд Нямдаваа, түүний зүүн талд талийгаач хүүхэдтэйгээ суусан явсан. Ингээд Баянхонгор аймгийн төвд машиндаа шатахуун аваад хоолны газар, дэлгүүр орох гэсэн чинь бүгд хаалттай байхаар нь шууд явах болоод аймгийн төвөөс гарсан. Замдаа хөдөөний айлаас сүү авая тэгэхдээ жоохон унтаж амаръя гэж ярьж байсан. Учир нь талийгаачийн 7 сартай хүүхэд хоол нэхээд уйлаад байсан. Миний хувьд Баянхонгор аймгийн төвөөс гардаг Түйн голын гүүр хүртэл сэрүүн байж байгаад унтаад өгсөн. Намайг унтахаас өмнө жолооч Должинсүрэнгээс бусад бүх хүмүүс унтсан байдалтай явж байсан. Тэгээд намайг унтаж байхад гэнэт машин дайвалзах шиг болоод сэрэхэд машин замын далан руу унасан. Жолооч Должинсүрэн эгч бид 2 машиндаа үлдсэн бусад хүмүүс болон хүүхдүүд бүгд машинаас шидэгдээд гарсан байдалтай байсан. Би машинаас буугаад харахад машины багажны хойд хаалга онгойсон машины цонхнууд хагарсан, машины 4 дугуй дээшээ харсан байдалтай, машины цонхны шилээр хүмүүс гадагшаа шидэгдсэн шинжтэй гадаа талийгаач Сарантуяа, Нямдаваа, Должинсүрэн эгчийн 2 хүүхэд газарт хэвтэж байсан. Должинсүрэн эгч талийгаачийн 7 сартай хүүхдийг тэвэрсэн зогсож байсан. Тэгээд цагдаа эмнэлэг болсон би тэр үед юу болоод байгааг сайн ойлгоогүй айсан сандарсан байдалтай байсан. Би эмнэлэгт ирж үзүүлсэн чинь миний зүүн гарын бугуй хэсгээр цуурсан байна гэж байсан. Ингээд би Улаанбаатар хотруу яваад Улаанбаатар нэртэй сувилалд 7 хоног хэвтэж сувьлуулсан. Энэ хугацаанд 10 хоног гартаа шохойтой явсан. Миний биеийн байдал зүгээр болсон ямар нэгэн зовиур одоо байхгүй. Жолооч Э.Должинсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 24 цагийн хугацаанд унтаж амраагүй ганцаараа машинаа барьж явсан бөгөөд хэн нэгэнд жолоо шилжүүлээгүй ганцаараа барьж явсан юм. Энэ хугацаанд машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй саадгүй явж байсан. Баянхонгор аймгийн төвөөс гараад хөдөө айлаас сүү аваад зогсож унтаж амарна гэж байсан боловч осолд орсон. Миний биеийн байдал зүгээр эдгэрсэн. Надад гомдол санал гэх зүйл алга эмчилгээний зардлыг Должинсүрэн эгч бүгдийг хариуцаж төлсөн. Одоо надад Должинсүрэн эгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Миний бие бүрэн эдгэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/

Хохирогч Ц.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 08 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт машинтай явж байгаад осолд орсон. Би энэ машинд Ховд аймгийн Зэрэг сумын нутгаас Улаанбаатар хот орохор суусан. Осол болох үед би унтаж явсан бөгөөд нэг мэдэхэд л Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би 8-9 хоног ухаангүй байсан юм шиг байсан... Уг автомашинд жолооч эмэгтэй нь 2 хүүхэдтэйгээ, би эхнэр, хүүхэдтэйгээ, бас нэг залуу нийт долуулаа явсан. Би гэмтлийн эмнэлэгт 18 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний тархи гавлын яс голоороо цуурсан, зүүн гар 2 хугарсан, нуруу, хөл, чих, толгой хагарч оёдлууд тавиулсан. Одоо биеийн байдал муу, эмчилгээ хийгдэж байна. Энэ ослын улмаас манай эхнэр хэргийн газар дээр нас барсан. Харин хүүхэд гайгүй юм шиг байна. Би гомдолтой байна. Эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 60-66/

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:

Би энхэр хүүхэдтэйгээ хөдөө хамаатнуудаараа оччихоод Зэрэг голоос машинд суугаад наашаа явсан юм. Дарви суманд ирж хүүгээ хуурайлчихаад Говь-Алтай аймаг руу хөдөлсөн. Говь-Алтай аймгаас Баянхонгор руу хөдлөхөд би унтчихсан байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Миний хувьд гомдол санал гээд байх зүйл байхгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учраас эмчилгээний зардлаа гаргуулна гэх мэдүүлэг.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Г.Маралмаа, А.Ананд-Очир нар нь миний төрсөн охин Э.Должинсүрэнгийн хүүхдүүд байгаа юм. А.Ананд-Очирын бие нь бол зүгээр байгаа. Охин Г.Маралмаа нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Одоо гадуур эмчилгээ хийлгэж байгаа биеийн байдал нь сайжирсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/

Шүүгдэгч Э.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

2 хүүхдийнхээ хамтаар Ховд аймгийн Манхан суманд аав ээжийндээ амраад 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг “Зэрэг гол” гэх газраас өөрийнхөө 84-47 УНВ улсын дугаартай тоёота пассо маркийн суудлын машинтай том охин Маралмаа /12 настай / бага хүү Ананд-очир /1 настай/, талийгаач Сарантуяа, түүний найз залуу Нямдаваа, 7 сартай хүү Азбаяр, мөн оюутан Галбаясгалан гэсэн хүмүүстэй Улаанбаатар хот руу явсан. Бид нар 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цаг өнгөрч байхад гараад Ховд аймгийн Зэрэг, Дарив гэсэн суманд зогсож талийгаачийн хүүхэд Азбаярт сүү халааж өгсөн. Ингээд Говь-Алтай аймгийн төвд 17-18 цагийн үед ирээд хоол идээд Баянхонгор аймгийн зүгт 19 цагийн үед гараад Баянхонгор аймгийн төвд 2016 оны 8 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед орж ирсэн. Тэгэхэд машинд явсан хүмүүс бүгд унтаж байсан. Би шатахуун аваад дэлгүүр орох гэсэн боловч бүгд хаалттай байсан. Тэгээд хөдөөний айлаас нялх хүүхдэд сүү авах санаатай Баянхонгор аймгийн төвөөс гарч явсан. Миний хувьд ингэж машин барьж явахдаа ганцаараа барьж явсан бөгөөд унтаж амраагүй байсан. Тэгээд хөдөө гараад айлаас хүүхдэд сүү аваад амрая гэж бодоод явж байгаад нэг мэдсэн чинь замын эргэлт гараад ирсэн. Цочоод дарсан боловч машин цааш замын далан руу унаад 2, 3 удаа өнхөрч 4 дугуй нь дээш хараад зогссон. Миний хувьд осол болсны дараа бүсээ тайлаад жолоочийн эсрэг талын цонхоор гарсан. Машинд Галбаясгалан, талийгаачийн хүү Азбаяр бид 3 үлдсэн байсан. Машинаас эхлээд Галбаясгалан гарч би араас нь гарсан. Гараад машинд үлдсэн байсан Азбаярыг авсан. Гадаа манай охин, хүү 2, мөн талийгаач Сарантуяа, Нямдаваа нар газарт хэвтсэн, машины цонхоор шидэгдсэн байдалтай байсан. Ингээд би эмнэлэг болон цагдаа дуудсан юм... Ховд аймгийн Манхан сумын нутаг Зэрэг гол гэх газраас 2016 оны 8 дугаар сарын 22-ны өглөөний 07 цагт гараад Баянхонгор аймгийн төвд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед ирэх хүртэл 24 цагийн хугацаанд унтаж амраагүй ганцаараа машинаа барьж явсан бөгөөд хэн нэгэнд жолоо шилжүүлээгүй. Энэ хугацаанд машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй саадгүй явж байсан. Ховд аймгийн Манхан сумын нутаг Зэрэг голоос осол болсон газар хүртэл би 800 орчим км газрыг явсан. Ингэж явахад шороо болон засмал замаар холимог явдаг юм. Миний хувьд засмал зам дээр дээд хурд 80 км / цаг, шороон зам дээр дээд хурд 40 км цагийн хурдтай явж байсан. Миний хувьд 24 цаг нойргүй жолоо бариад тэр үед үүргэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд шулуун явж байгаад үүргэлэх үед замын эргэлт болоод цочиж машинаа дарсан боловч унасан. Миний хувьд том охин Маралмаа /12 настай / бага хүү Ананд-очир /1 настай/ нарын хамт амьдардаг. Энэ ослын улмаас том охин Маралмаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа харин бага хүү Ананд-Очирын хувьд ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Миний хувьд ийм осол болсонд харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 182-184/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 70 дугаартай: 1.Талийгаач Б.Сарантуяагийн цогцост гавлын суурь ясны хугарал, дагз ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн чихэнд урагдал, баруун бугалга, тохой, ташаа, хүйс, шилбэ, зүүн шанаа, бугалга, тохойд зулгаралт, зүүн шилбэнд шарх гэмтлүүд үүссэн байна. 2.Үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Талийгаач Б.Сарантуяагийн биед үүссэн дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач Б.Сарантуяа нь гавлын суурь ясны хугарал, дагз ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай гаралтай амьсгал зүрх зогсож нас барсан байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-90/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 475 дугаартай: 1. Ананд- Очирын биед нүүр, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 477 дугаартай: 1. Маралмаагийн биед гавлын баруун талын суурь яс, баруун нүдний ухархайн дээд хана, дух ясны хугарал, духны хэсэг дэх хатуу халсан дээрх цус хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хоншоор яс, хатуу тагнай, хоёр нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, толгойн орой хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрлээс хамаарна  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 106-107/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 479 дугаартай: 1.Галбаясгалангийн биед зүүн шуу ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112-113/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 17-ны өдрийн 480 дугаартай: 1.Нямдаваагийн биед гавлын орой ясны шугаман хугарал, тархины дагзны хэсэг дэх хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, зулайн хэсгийн хуйх болон нүүрний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрлээс хамаарна  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 136-137/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагчийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн №21 тоот 1.Жолооч Э.Должинсүрэн, зорчигч Д.Галбаясгалан нарын өгсөн мэдүүлгээс харахад жолооч Э.Должинсүрэн нь 24 цагийн турш тасралтгүй авто машин жолоодож явсан нь харагдаж байна. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А. Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”  2.Уг зам тээврийн осол гарахад цаг агаарын болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Осол болох үеийн Тоёота пассо маркийн 84-47 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4.Жолооч Э.Должинсүрэн нь 273135 дугаарын В ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 162-163/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-20/,

Цогцосоны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/,

Цогцосонд задлан шинжилгээ хйисэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 23-30/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-39/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 40/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 41-44/

Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 09 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /хх-ийн 171-172/,

Э.Должинсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 189/

Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 190/,

Хохирогч нарын баримт бичгийн хуулбар /хх-ийн 200-206/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 207/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Монос косметик  ХХК-ийн тодорхойлолт, хохирогч Д.Галбаясгалан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг нарын тус шүүхэд гаргасан өргөдөл, хүсэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, хохирогч нарын компьютерттомографийн болон рентген зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас Э.Должинсүрэнгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Э.Должинсүрэн нь 2016 оны 08 сарын 23-ны өглөө 07-08 цагийн үед Баянхонгор сумын Өлзийт сумын 6-р багийн нутагт өөрийн эзэмшлийн 84-47 УНВ улсын дугаартай тоёота пассо маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж Д.Галбаясгалан, А.Ананд-Очир нарын биед хөнгөн, Г.Маралмаа, Ц.Нямдаваа нарын биед хүнд гэмтэл тус тус учруулж, Б.Сарантуяагийн амь насыг нь хохироосон болох нь дээр дурдсан хохирогч нарын болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Э.Должинсүрэнг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан болно.

Шүүгдэгч Э.Должинсүрэн нь 2015 оны 08 сарын 27-ны өдөр А.Ананд-Очирыг төрүүлсэн, тэрээр 3 хүртэлх насны хүүхэдтэй эх учир хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Должинсүрэн нь хохирогч Ц.Нямдаваа, Д.Галбаясгалан, Д.Батсүх, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг нарын хохиролын улмаас учирсан зардлыг бүрэн төлсөн.

Хохирогч Д.Галбаясгалан, Д.Батсүх, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг нар нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн, хохирогч Ц.Нямдаваа нь “одоогоор нэхэмжлэх хохирол байхгүй, цаашид гарах зардалаа нэхэмжлэнэ” гэсэн тул Э.Должинсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Должинсүрэнгийн №273135 дугаарын В ангилалын жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн газарт шилжүүлж, 8447 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, хохирогч Г.Маралмаагийн компьютерттомографийн 5 ширхэг зураг, хохирогч Ц.Нямдаваагийн  компьютерттомографийн 7 ширхэг, рентген 2 ширхэг зурагыг буцаан олгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Э.Должинсүрэнгийн өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.   

Хохирогч Ц.Нямдаваа, Д.Галбаясгалан, Д.Батсүх, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг нар нь уг гэмт хэрэгтэй холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                    

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шараадай овогт Эрдэнийн Должинсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас А.Ананд-Очир, Д.Галбаясгалан нарын бие махбодид хөнгөн гэмтэл, Г.Маралмаа, Ц.Нямдаваа нарын бие махбодид хүнд гэмтэл учруулан, Б.Сарантуяагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Должинсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Должинсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Должинсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Должинсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Э.Должинсүрэнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгаж, ялтан хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Э.Должинсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь цаашид гарах хохиролын зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Должинсүрэнгийн №273135 дугаарын В ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 8447 УНВ улсын дугаартай Тоёота пассо маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг, хохирогч Г.Маралмаагийн компьютерттомографийн 5 ширхэг зурагыг, хохирогч Ц.Нямдаваагийн  компьютерттомографийн 7 ширхэг, рентген 2 ширхэг зурагыг тус тус буцаан олгосугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Должинсүрэнгийн өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 09 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Должинсүрэнд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Должинсүрэнд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ