Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0129

 

2020 оны 02 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2020/0129 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А к ХХК 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: А к ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А к ХХК холбогдох хууль журмын дагуу эрх бүхий этгээдүүдэд хандан зохих баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжил. аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын Нүхтийн аманд 0.4 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг хуулийн дагуу олж авсан болно.

Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1055 дугаартай албан бичигт ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаал гарч газар ашиглах эрх тань дуусгавар болсон байна гэж мэдэгдсэн.

Уг албан бичигт хавсаргасан сайдын тушаалаас үзэхэд ...хууль зөрчин олгосон гэсэн үндэслэлээр бидэнд газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон гэж харагдаж байна. Гэтэл ямар хуулийг хэрхэн зөрчсөн, энэ тухай хэрхэн тогтоогдсон талаар тушаалаас тодорхой мэдэх боломжгүй байгаа тул хууль бусаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж үзэж байна.

Түүнчлэн энэ асуудлаар бидэнд өмнө нь мэдэгдээгүй, асууж тодруулан тайлбар авсан зүйл байхгүй байж, гэнэт ийм мэдэгдэл ирүүлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд А к ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.

А к ХХК нь Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,4 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0,4 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазаь газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулах нь тодорхой юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гаргах болсонтой холбогдуулан урдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны mne.mn сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ө с -ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно.

Иймд хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А к ХХК нь шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан А к ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шааардлага гаргасныг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил. аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар А к ХХК-д Богдхан уулын Нүхтийн аманд 0.4 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгожээ.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын хавсралтын 8-д А к ХХК-д газар ашиглах эрх олгосон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Маргаан бүхий А/355 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэл болгож, 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар Богдхан-Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон тул хүчингүй болгосон гэж дурьджээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь 1994 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш тухайн хуульд өөрчлөлт ороогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Дархан цаазат газрын бүсийг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж хуваасан ба 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсийн дэглэмд хуульд заасан 10 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар 11 нэр төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосны дотор 5/ хэсэгт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахаар зааснаас өөр барилга байгууламж барихыг зөвшөөрөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазаь газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулах нь тодорхой юм гэх тайлбарыг тайлбарыг ирүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь ирээдүйд юу болох талаар таамаглаж, иргэн, хуулийн этгээдийн

газар ашиглах эрхэд халдах хууль зүйн үндэслэл байж болохгүй.

Гэвч Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам, 2002 оны 117 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам-уудад Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд дүрэм, журам, хамгаалалтын горимын дагуу байгалд сөрөг нөлөөгүй аялал жуулчлал эрхлэхийг зөвшөөрч, газар ашиглах эрхийг олгохоор зохицуулж өгсөн байдаг.

Нэхэмжлэгч А к ХХК-д олгосон Богдхан уулын Нүхтийн аманд байрлах 0.4 га талбай нь Дархан цаазат газрын Хязгаарлалтын бүсэд хамаарагдаж байгаа нь хариуцагч байгууллагаас ирүүлсэн зургаар нотлогдож байна.

Шүүхээс нэхэмжлэгч А к ХХК нь маргаан бүхий газар дээр хууль, дүрэм, журамд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох зорилгоор газрын үзлэг хийхээр тус компанийн ажилтны хамт очиход өөрийн ашиглах эрх бүхий газар руу очиж чадахгүй, Нүхт цогцолбор гэсэн хаалт бүхий хашаа руу нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд нэхэмжлэгч компани тухайн газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болохоо мэдүүлсэн.

Мөн шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын байранд хийсэн баримт бичгийн үзлэгээр нэхэмжлэгч А к ХХК-ийн газар ашиглах эрхийн хувийн хэрэгтэй танилцсан бөгөөд хувийн хэрэгт нэхэмжлэгчээс хүргүүлсэн газар ашиглахыг хүссэн өргөдөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 502 тоот албан бичгээр Баягаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн санал зэрэг 3 хуудас баримт авагдсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодорхой шалтгааны улмаас Газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, гэрээ байхгүй учир газрын төлбөрийг төлөөгүй гэж мэдүүлсэн болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж хариуцагчийн газар ашиглуулах эрх олгох эрх үүргийг тодорхойлсон.

Энэ хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд нэхэмжлэгч А к ХХК-д газар ашиглах эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх, газар ашиглах эрхээ хуульд заасан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлсэн эсэх, хэрэгжүүлэх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр дахин шинээр акт гаргах нь зүйтэй байна.

Өөрөө хэлбэл, нэхэмжлэгчийн ашиглах эрх олгогдсон газар нь уулын амны мухарт байршдаг ба тухайн газар руу нэвтрэхийн тулд бусдын ашиглах эрхтэй газраар дайран өнгөрч байгаа эсэх, маргаан бүхий газраа ашиглах хууль эрх зүйн боломж бүрдсэн эсэх, мөн газар ашиглах эрхийг анх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана гэх заалтыг хангасан эсэх, Газар ашиглах гэрээ байгууллагдах боломжтой эсэх зэргийг тогтоосны үндсэн дээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын хавсралтын 8-д зааснаар А к ХХК-д газар ашиглах эрх олгосон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон заалтыг 4 /дөрвөн/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын хавсралтын А к ХХК-д холбогдох хэсгийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА