Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0386

 

                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0012 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ций давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал   

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Ж” ХХК  

Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Гуравдагч этгээд: "Х" ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Хариуцагч Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 127/2023/0002/З                                           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0012 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 60 дугаар зүйлийн 60.1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /2023 оны 01 дүгээр сарын 20-ны нэмэлт өөрчлөлтийн өмнөх агуулга/-ийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан илүү төлсөн газрын төлбөр болох 320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д 320,000 (гурван зуун хорин мянга) төгрөг олгохыг Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Шүүхээс маргаан бүхий даалгаврыг ямар үндэслэлээр илт хууль бус биш болох тухайд дүгнэлт хийгээгүй. Гэтэл тус маргаан бүхий акт нь утга агуулгын илэрхий алдаатай, түүнийг гүйцэтгэх этгээд тодорхой бус, тухайн захиргааны байгууллагын өөрийн чиг үүрэгт үл хамаарах, захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйн зэрэгцээ бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулдаг.

2.2. Шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 60.1.2, 3.1.5, 57.3-т тус тус зааснаар хариуцагчаас газрыг чөлөөлөх захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүсээд буй иргэний эрх зүйн харилцааг маргаан бүхий захиргааны актаар зохицуулах боломжтой гэх шийдэлдээ үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байдаг.

2.3. Анхан шатны шүүхийн хууль зүйн үндэслэл нь энэхүү хэрэгт хамааралгүй байна. Хуулийн 60.1.2 дахь заалт нь засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олж авсан этгээдүүдийн хооронд үүссэн маргаан байхаар байна. Гэтэл энэхүү маргааны хувьд нэг тал нь 2 га газарт газар эзэмших, ашиглах эрх олж аваагүй этгээд буюу засаг дарга анхнаасаа энэхүү 2 га газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулаагүй, газрын эрх зүйн харилцаа үүсээгүй. Нөгөө талдаа тэрхүү газар дээр тусгай зөвшөөрөл авсан компани бөгөөд тусгай зөвшөөрөл, түүний хэмжээ, хил заагийг сумын засаг дарга олгодоггүй, үүнийг ашигт малтмалын газраас олгодог билээ. "Х" ХХК нь газар ашиглах захирамж, гэрээ, гэрчилгээ огт байхгүй, сумын засаг даргаас газар ашиглах захирамж огт гаргаагүй. Засаг дарга “Х” трейд ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй ийм эрх хэмжээ ч байхгүй, дээр нь газар ашиглах захирамж гаргаагүй байж "Х" ХХК-ийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ газар чөлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалах нь хууль зөрчсөн, түүний эрх хэмжээний асуудал биш. Харин засаг дарга ямар үед эрх хэмжээгээ хэрэгжүүлж болох байсан бэ гэвэл өмнө дурдсанчлан 2010-2016 онд буюу тухайн газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулаагүй байх үед хэрэгжүүлэх байсан. "Х" ХХК-ийн эрх ашгийн төлөө бус нийтийн эрх ашгийн төлөө.

2.4. Гэвч илүү газар ашигласан асуудлыг "Х" ХХК-ийн маш олон удаагийн үндэслэлгүй гүтгэлэг, шахалт шаардлагаар төрөөс зөрчил гэж үзэж арга хэмжээ авчихсан. Үүнд 5 сая төгрөгөөр торгосон, үйлдвэрийг лацдаж битүүмжлэн үйл ажиллагааг зогсоох хэлбэрээр. Дээр нь газрыг чөлөөлөх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл нэг зөрчилд төрөөс 3 төрлийн захиргааны арга хэмжээ авсан. Эргэлзээтэй нь 2020 онд гаргасан зөрчилд ийнхүү 3 арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа, эрх зүйн боломж, түүнчлэн тухайн газар нь хувийн хуулийн этгээдийн нэр дээр байхад төрөөс ингэж оролцох эрх зүйн боломж байсан уу гэх мэт асуудлууд гарч ирдэг.

2.5. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд, шүүхээс сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй гэж үндэслэлтэй дүгнэсэн хэдий ч маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэжээ. Маргаан бүхий актыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг, гаргасны дараах мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүйгээс маргаан бүхий акт нь формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй хүчингүй захиргааны акт болохоор байна.

2.6. Сонсох ажиллагаа, мэдэгдэх явуулаагүй тухайд, хэрвээ сонсох ажиллагаа явуулсан бол манай өмчлөлийн эд хөрөнгө бүхий газрыг 6 жилийн дараа давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл авсан болох, иргэний эрх зүйн харилцаа болох, тус эд хөрөнгүүдийг улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн болох, тус илүү гарсан тодорхой хэмжээний талбайг ашиглахаар холбогдох шатны захиргааны байгууллагад тухай бүр нь хүсэлт гаргасан ч өмнөх эрх бүхий этгээдүүд нь хиргисүүртэй, соёлын өв бүхий газар учир татгалзаж байсан зэрэг мэдээллийг авч манай компанийн эрх ашиг хөндөгдсөн маргаан бүхий захиргааны акт гарахааргүй байсан. Гэрч Т.З-ын мэдүүлэгт “Уурхайн бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагаа эрхлэхэд илүү талбай ашиглахыг зөвшөөрнө...” гэжээ. Дээр дурдсанчлан бид бүхэн мэдэлгүй талбайн хэмжээг хэтрүүлсэн байх тул нэмж олгоно хэмээн 2012 онд хандаж байсан. Үүнээс 6 жилийн дараа бусдад тус эд хөрөнгүүдийг дайруулан хайгуулын тусгай зөвшөөрөл өгөөд 11 жилийн дараа хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээд нь анхны “М-” ХХК-тай тохиролцон хязгаарлагдмал эрхтэйгээр эзэмшиж байсан газрыг чөлөөл гэж байгааг тодорхой тайлбарласнаар захиргааны акт гарахгүй байх байсан. Шүүхээс "Ж" ХХК-д мэдэгдээгүй болохыг тогтоосон. Бид сүүлд дам байдлаар ийм захирамж гарсныг мэдсэн, мэдсэн даруй холбогдох газар гомдлоо гаргаж, шүүхэд хандсан.

2.7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байна. Үүнд, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, хуульд заасан дангаар шийдвэрлэх захиргааны хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн. Мөн газрын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг огт хийгээгүй. Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ” гэж зааснаас үзвэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч биш этгээд болох Хэнтий аймгийн Дархан сумын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

  ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2010 оноос хойш газрын төлбөрийг илүү авсан хууль бус үйлдлийг тогтоолгож, илүү төлсөн газрын төлбөр болох 320,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгуулах”,

Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Даваахүүгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

4. Анхан шатны шүүх “... улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар эрх хэмжээнийхээ хүрээнд албан даалгавар гаргасан байх тул тухайн актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй ... нэхэмжлэгч нь Зөрчлийн 22400001** дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдож, зохих хариуцлагаа хүлээсэн байх тул Газрын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу газрыг чөлөөлөх мэдэгдэл, шийдвэрийг сумын Засаг дарга гаргасан нь хуульд нийцсэн буюу энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ... төлбөл зохих газрын төлбөрийг илүү төлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, илүү төлсөн гэх татвартай холбоотой шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна ” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.  

5. Маргаан бүхий Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Д-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавар зэргийг үндэслэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хаягдлын овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон гэж үзэж, зохих зөвшөөрөлгүй ашигласан газрыг нэн даруй чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

5.1. Мөн дээрх тушаалын үндэслэл болж буй маргаан бүхий Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавраар Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ж” ХХК нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж, "Х" ХХК-ийн хайгуулын лицензтэй талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж, кемп, хаягдлын овоолго, пүү, харуулын байр барьсан болох нь тогтоогдсон тул тус зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулахаар тухайн газрын эзэмшигч, ашиглагчийг Газрын тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хандаж, газар чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар дурджээ. 

6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж тус тус заасан.

7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, газар дээр зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж мөн бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшиж ашигласан тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар чөлөөлөх мэдэгдэл өгч, биелүүлээгүй тохиолдолд газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргах нь түүнд хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарахаар байна.

8. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд хамаарахгүй газрыг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн, Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох байдлаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

9. Түүнчлэн хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явагдсан талаар “... захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Ж” ХХК-ийн захирал Б.Ч-ы 991929** дугаарт мэдэгдсэн. Тэрээр өөрийн биеэр ирж, захирамжийн талаар мэдсэн. ... бусдын газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан болохоо хүлээн зөвшөөрч эрх бүхий албан тушаалтны даалгавар дээр гарын үсэг зурсан. “Ж” ХХК-ийн захирал Б.Чд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар "Х" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын талбайд зохих зөвшөөрөлгүй газар ашигласан болохыг тогтоож, Б.Чыг Зөрчлийн тухай хуулиар 5,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар ашигласан газрыг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны даалгавар гарсан. Тэрээр хэргийн оролцогч болж, тодорхой эрх, үүргийг хүлээж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан оролцсон байдаг. Маргаан бүхий захирамж нь эрх бүхий албан тушаалтны даалгаврыг  биелүүлэх зорилгоор гарсан учраас бүх асуудлыг мэдэж байсан болох нь нотлогдож байна” гэж тайлбарлан маргасан байх ба нэхэмжлэгчийн хувьд нэгэнт хууль зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшил бус газрыг ашиглаж байсан болохоо мэдэж байсан, өөрөөр хэлбэл хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд хууль ёсны эрх зөрчигдсөн, сонсох ажиллагаа явуулаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

10. Нөгөөтээгүүр хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хэрхэн явуулсан, шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй зэргээс үл хамааран маргаан бүхий актын үндэслэл болох зохих зөвшөөрөлгүйгээр бусдын газрыг ашигласан нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байна.

 11. Нэгэнт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан үндэслэл бий болсон байх тул тус зөрчлийг арилгахаар шийдвэрлэсэн маргаан бүхий актууд нь хуульд нийцсэн байх ба энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг илт хууль бус болохыг тогтоохоор зохицуулжээ.

13. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт нь ердийн ухамсрын түвшинд хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай, мөн хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно. 

14. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг энэ тохиолдолд “утга агуулгын илэрхий алдаатай”, “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байх бөгөөд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Мөн “хариуцагч бус этгээдээс илүү төлсөн газрын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн" гэх гомдлын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Дархан сумын Засаг дарга нь хариуцагчаар татагдан оролцож байгаа төдийгүй суманд Засаг даргын төсөв, Засаг даргын Тамгын газрын төсөв гэж тус тусдаа төсөв байхгүй учир үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.

15. Мөн гомдолд “... өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй. Хуульд заасан дангаар  шийдвэрлэх захиргааны хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн” гэжээ.

15.1. Хэргийн материалтай  танилцах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрх бөгөөд ийнхүү эрхээ эдлээгүй нь шүүхийг буруутгах  үндэслэл болохгүй. Нөгөөтээгүүр шүүхээс өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг эдлүүлэхгүй  хязгаарласан, хэргийн материалтай танилцах боломжоор  хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

15.2. Захиргааны   хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Аль  нэг захиргааны хэргийн шүүхийн  хянан шийдвэрлэх  ажиллагаанд тухайн маргаантай хэрэг  байгаа, эсхүл  нэг  нэхэмжлэгчээс өөр  өөр хариуцагчид  гаргасан

нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ:”, 74.1.1-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан” бол гэж тус тус заасан. 

15.3. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 122/ШШ2024/0010 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2024/0457 дугаар магадлалаар хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэхүү магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

15.4. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэж ийнхүү хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ций гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

        ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

        ШҮҮГЧ                                                          Ц.ОДМАА