Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эод холбогдох эрүүгийн 2319000000293 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Л.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Офицерын 80 айлын гадна хохирогч Г.Отай “архи авч өгсөнгүй” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар шилээр зүсэж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, эрүү хамарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Эрдэнэтуяагийнд очоод, гарч яваад орой буцаж очсон. Тэгээд 80 айлын гадаа архинаас болж маргалдсан. Тэгээд архины шилээр хацрыг нь зүссэн. Миний буруу. Хэргийн хувьд маргахгүй. Хохиролд эхлээд 700.000 төгрөг өгсөн. Өнөөдөр 800.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Эрдэнэбаярт 0.75 литрийн Хараа архи авч өгөөд Гантулга, Эрдэнэбаяр, тэр гэрийн эзэн байх Соронзонболд гэсэн байх тухайн хүмүүстэй уусан. Түүний дараа би гар утаснаасаа мөнгө шилжүүлж чаддаггүй учраас АТМ-аас 80.000 төгрөг аваад тухайн айлд буцаж ирэхэд Гантулга, Соронзонболд нар унтаж байсан. Гэрийн эзэн гэх Эрдэнэтуяа нь ирсэн байсан. Би АТМ-аас авсан мөнгөө Эрдэнэбаярт өгөөд байж байтал гаднаас Бооёо хочтой Э ганцаараа орж ирээд намайг нэг юм авчих гэхээр нь би чадахгүй гэсэн. Тэгээд жаахан маргалдахад Эрдэнэтуяа бид нарыг гэрээс гар гэж хөөгөөд бид нар гарсан. Харин Эрдэнэбаяр надаас мөнгөө авсан байсан учир тэндээс гараад яваад өгсөн. Тэгээд би Бооёо хочтой Этой хоёулаа үлдээд маргалдаж байхад Э архины шил хагалаад миний зүүн хацрыг зүсэхэд их цус гарсан. ...эмчилгээний төлбөр 1.500.000 төгрөг болсон. Тэрийг төлбөл ямар нэгэн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 5-8 ху/,

          -Гэрч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай аав над руу залгаад “би хацартаа урчихлаа хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хайрхан захын урд талын ундааны цехийн урд талын хашаанд байх Төмбөө гэх айлаас очиж авсан. Тэгээд цус их алдсан байхаар нь түргэн дуудсан. ...Эмчилгээ хийлгэхэд зүүн шанааны дээд хэсгээс хоолойны дээд хэсэг хүртэл нэлээн гүн зүсэлттэй, дотор талдаа 11 оёдолтой, дунд нь 4 оёдолтой, гадна талдаа 14 оёдолтой, нийт 30 оёдол хийлгэсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

          -Гэрч Ш.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...О ах манайд орж ирэхдээ толгойны зүүн хэсэгтээ цус болчихсон орж ирсэн. Тэгэхэд нь би толгой нь хагарчихсан байна гэж харсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

          -Яллагдагч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Оыг нэг юм аваач гэхэд О авахгүй гээд бид 2 маргалдаад би архины шил газраас аваад Оын зүүн талаас цохиход шил нь хагараад хацрыг нь зүссэн гэсэн мэдүүлэг /хх 16-17, 38-39 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/510 дугаартай дүгнэлтэнд: 

 1.Г.Оын биед зүүн шанаа, эрүү хамарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 22 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 23 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 42-59 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30-32, 38-39 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Л.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Офицерын 80 айлын гадна хохирогч Г.Отай “архи авч өгсөнгүй” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар шилээр зүсэж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, эрүү хамарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Л.Эын “...80 айлын гадаа архинаас болж маргалдсан. Тэгээд архины шилээр хацрыг нь зүссэн. Миний буруу. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажмллагааны явцад өгсөн хохирогч Г.Оын “...Бооёо хочтой Этой хоёулаа үлдээд маргалдаж байхад Э архины шил хагалаад миний зүүн хацрыг зүсэхэд их цус гарсан” гэсэн, гэрч О.Очгэрэлийн “...манай аав над руу залгаад би хацартаа урчихлаа хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хайрхан захын урд талын ундааны цехийн урд талын хашаанд байх Төмбөө гэх айлаас очиж авсан. Тэгээд цус их алдсан байхаар нь түргэн дуудсан... Эмчилгээ хийлгэхэд зүүн шанааны дээд хэсгээс хоолойны дээд хэсэг хүртэл нэлээн гүн зүсэлттэй, дотор талдаа 11 оёдолтой, дунд нь 4 оёдолтой, гадна талдаа 14 оёдолтой, нийт 30 оёдол хийлгэсэн байсан” гэсэн, гэрч Ш.Эрдэнэтуяагийн “...О ах манайд орж ирэхдээ толгойны зүүн хэсэгтээ цус болчихсон орж ирсэн. Тэгэхэд нь би толгой нь хагарчихсан байна гэж харсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн шанаа, эрүү хамарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/510 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

         Шүүгдэгч Л.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

         Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Шүүгдэгч Л.Эод ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

        Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос 1.500.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА