| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Цэрэндулам,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2219002230309 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Б.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2019 онд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хуралдааны даргаар ажиллаж байх хугацаандаа Дорноговь аймгийн Иххэт сумын Цагаан элгэх гэх газар жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т ХХК"-ийн менежер Ш.Б, уурхайн дарга Ц.Г нараас "Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даргиатын булаг тусгай хамгаалалттай газрыг хашаажуулах төсвийг шийдвэрлээд өгвөл Т ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийхийг Иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлж өгье" гэж зохиомол байдлыг зориудаар бий бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 9.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2019 онд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хуралдааны даргаар ажиллаж байх хугацаандаа Дорноговь аймгийн Иххэт сумын Цагаан элгэх гэх газар жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т ХХК"-ийн менежер Ш.Б, уурхайн дарга Ц.Г нараас "Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даргиатын булаг тусгай хамгаалалттай газрыг хашаажуулах төсвийг шийдвэрлээд өгвөл Т ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийхийг Иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлж өгье" гэж зохиомол байдлыг зориудаар бий бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хуурч 9.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нын "... Миний бие 2023 онд Т ХХК-ийг үүсгэн байгуулж байсан. Манай Тевшин ХХК нь Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт хайлуур жоншны ашиглалтын А лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг байсан. 2019 онд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд иргэдийн хурлын санал авах болсон юм. Гэтэл тэр үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан Э нь "надад 9 сая төгрөг өгчих ве, би булаг шандаа янзалчихаад танайхын саналаа өгөхдөө татгалзах зүйл байхгүй гэж өгье" гэсэн. Тэгээд би 9 сая төгрөг өгсөн байдаг. Э даргыг булаг шандаа янзалсан болов уу гэхэд янзлаагүй байсан. Тэрийг нь улсын төсвөөр засч янзалсан байсан. Тэр мөнгийг хувьдаа ашигласныг сүүлд олж мэдсэн. Би 9 сая төгрөгийг тухайн үед уурхайн даргаар ажиллаж байсан Ш.Б, Гантулга нараар дамжуулж Э даргад бэлнээр өгч байсан. Миний 9 төгрөг буцааж төлөгдөөгүй байгаа, миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /6хх 188 ху/, гэрч Ш.Бын "...Хурал дууссанаас хойш хэд хоногийн дараа ...Ц.Гантулга бид хоёр Б.Этай суман дээр уулзахад Б.Э "Даргиатын булгийг хашаажуулах, баг дээр худаг гаргах, багийн төв рүү цахилгаан татах" зэрэг асуудлыг шийдвэрлээд өг, Даргиатын булгийг хашаажуулахад 9.000.000 төгрөг болно. Тэрийг нь өгчих гэсэн. Б.Эын хүсэлтийг тухайн үед БНХАУ-ын талаас уурхайн даргаар ажиллаж байсан Хуанг Сонг Зи-д танилцуулахад орон нутгийн иргэдийн асуудлыг шийдье, нутгийн иргэдтэй тааламжгүй харилцаатай байж болохгүй ээ, тийм учраас наад асуудлаа шийд гэсэн. Тэгээд Хуанг Сонг Зи- гээс өөрөөс нь бэлнээр 9.000.000 төгрөг аваад Ц.Гантулга бид хоёр Б.Эын гэрт очиж уулзаад, танай баг дээрх асуудлуудыг шийдэх ажил дээр компанийн зүгээс дэмжинэ, эхний ээлжинд Даргиатын булгийн хашаажуулах 9.000.000 төгрөгийг егье гээд Б.Эт өөрт нь бэлнээр өгсөн..." гэсэн мэдүүлэг /1хх 155-157, 5хх 168 ху/, гэрч Г.Намуунзулын "...Тус сумын 2 дугаар багийн Даргиатын булгийн эхийг хашаажуулах, хамгаалалтад авах шаардлагатай гэсэн чиглэл ирсэн тул Тухайн булгийг хашаажуулахаар гэрээ байгуулсан юм. Тийм учраас Иххэт сумын Гурван мандал-Эрээн нөхөрлөл нь ан, агнуур, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул тухайн нөхөрлөлтэй гэрээ хийж Даргиатын булгийн эхийг хашаажуулах, хамгаалалтад авч хашаажуулах гэрээг хийсэн юм. Тухайн гэрээнд 3 сая төгрөг нь аймгийн Байгаль орчны газраас тухайн мөнгийг шийддэг тул уг нөхөрлөлд гэрээ хийж хашаажуулах гэрээ хийж өгсөн. Манай сумын Байгаль орчны байцаагч Г нь 2 дугаар багийн Даргиатын булгийн эхийг хашаажуулах, хамгаалалтад авсан байсныг өөрөө үзэж танилцан надад хэлэхдээ боломжийн хашаажуулсан талаар хэлж байсан ба тухайн гэрээний дагуу тайлангаа зурагжуулж аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн талаараа хэлсэн. Би Эыг Иххэт сумын 2 дугаар багийн Борлог гэх газарт байдаг эвдэрсэн худгийг сэргээн засварласан талаар огт мэдэхгүй. Тэр талаар огт гэрээ хийгээгүй. Миний зүгээс Гурван мандал-Эрээн нөхөрлөлөөр 2 дугаар багийн Даргиатын булгийн эхийг хашаажуулж, хамгаалалтад авсан нь нутгийн иргэд нутгийнхаа хүмүүсээр энэ ажлуудаа хийлгэж болдоггүй юм уу гэсэн саналын дагуу тухайн нөхөрлөлд ажил өгсөн..." гэсэн мэдүүлэг /5хх 142-143 ху/, гэрч М.Гын “... Э миний компьютер рүү ороод багийн нийтийн хурлын даргын тогтоол, тэмдэглэл үйлдсэн. Хэвлэж гаргаад тэмдэглэл үйлдсэн Б.Батцэцэг гэж хуучин хурлын нарийн бичиг байсан хүний өмнөөс би Батцэцэг гээд биччихсэн. Нэг хувийг нь “Т” ХХК-д хот руу яван хүнд дугтуйнд хийж өгөөд явуулсан. Нэг хувийг нь багийн нийтийн хурлын дарга өөрөө авсан” гэсэн мэдүүлэг /1хх 125-126 ху/, гэрч Б.Б-ийн “... Би тийм хурлын тэмдэглэл үйлдээгүй. Би тэр үед малчин байсан. Би өөрийн гарын үсгээ бүтэн нэрээр нь бичмэлээр бичиж, сүүлийн Г үсгийг дармалаар бичдэг” гэсэн мэдүүлэг /1хх 131-132 ху/, гэрч Ш.Б, гэрч Б.Э нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг /1хх 162-164 ху/, хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 3 ху/, хохирлын үнэлгээ /5хх 149-152 ху/, Булгийн эхийг хашиж, хамгаалах ажлын 2019 оны 10 дугаар сарын 09- ний өдрийн гэрээ /2хх 12-14 ху/, Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын "Булгийн эхийг тохижуулах тухай" 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/89 дугаартай захирамж /2хх 15 ху/, "Даргиатын булаг"-ийн эхийг хаших, хамгаалах тохижуулах ажлын төслийн хуулбар /2хх 26-32 ху/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 144-147 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 91 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Эын “...Гэм буруугаа ойлгож байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Хохирлоо төлсөн. Гаргах санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Эын албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Б.Эт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч "Т ХХК"-д 9.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дөтөд Боржигон овогт Батсүхийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Эыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА