| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00776/И |
| Дугаар | 00647 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 00647
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00647 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багт оршин суух, .. дугаарын регистртэй, Таргад овогт Гэзэгтэйн Чийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэзэгтэй овогтой Ч миний бие 1965 оны 10-р сарын 25-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд Гэзэгтэйгийн 6-р хүү болон төрсөн. Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1973 онд 1-р ангид орж ,1977 онд 4- р ангиасаа мал дээр гарсан. Аав ээжийн хамт мал маллаж байгаад 1985 онд цэрэгт татагдан 1988 онд халаглан ирж Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатар зам нэгдалд мал маллаж байгаад 1990 онд Шагдарсүрэн овогтой Чцэрэнтэй гэр бүл болж одоог хүртэл мал маллаж байна. Мал маллаж байх хугацаандаа 2014 онд сумын сайн малчин , 2020 онд аймгийн аврага тэмээчин болж байсан. Миний бие нь өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул өндөр насны тэтгэвэрт гаргаж өгнө үү. Иймд 1980 оноос 1985, 1988 оноос 1989 оныг дуустал малчинаар ажилласан байдал тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Чийн 1980 оноос 1985, 1988 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Чийн 1980 оноос 1985, 1988 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1753 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын 1980 оноос 1985 он, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 00459 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 622162 дугаартай цэргийн батлахын эх хувь, Сумын аварга тэмээчний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шилдэг тэмээчин өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мянгат малчин цол тэмдэгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн аварга тэмээчин цол тэмдэгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000180 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ш.Түвшинсайханы ...Би 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01- ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1982 оноос 1985 оныг хүртэл цэргийн алба хаасан. Г.Ч нь 1973 оноос 1977 оны хооронд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж байсан. 1977 онд 4 дүгээр ангиа төгсөөд мал дээр гарсан. Улмаар эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1985 оноос 1988 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан... гэх мэдүүлэг зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г.Чийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Таргад овогт Гэзэгтэйн Чийг 1980 оноос 1985, 1988 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ