Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Онон,

Хохирогч: ***, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305033422152 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоолын хойд талын сааданд хохирогч ***тай маргалдаж, улмаар түүний баруун шилбэ хэсэгт хутгаар зүсэж, түүний биед баруун шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...8 дугаар сарын 05-ны өдөр “Алтаннамар” үзэсгэлэн худалдаа болоод арав гаруй хонож байсан. Би хөлөө гэмтээгээд 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлаа хийж чадаагүй. Өдөрт 300.000 төгрөгийн ашиг олдог байсан. Ажиллаж чадаагүй хугацааны орлогод 9.000.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед 8 сард оёдол тавиад шархаа өөрөөрөө эдгээсэн. Надад эхлээд 800.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 200.000 төгрөг шилжүүлсэн. Одоо хөлний үзүүр хэсэг мэдээгүй байгаа тул эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед би Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр шорлог зараад зогсож байтал надаас хүн тарвас асуухаар нь тэнд ногоо зардаг ***с тарвасны үнэ асуух гээд очиход *** ойролцоо ногоо зарж байсан. Тэгтэл *** ганц юм ууя гээд Нагва бид хоёр түүнийг дэмжээд 1000 машины зогсоолын замын ард талд байрлах дэлгүүр ороод нэг шил архи аваад бид ойролцоо байх ногоон байгууламж руу орсон. Тэгээд авсан юм аа бид гурав хувааж уучхаад *** дахиад нэг шил архи авч уусан. Тэрийг нь ууж байгаад би муудаад тасарчихсан байсан. Нэг сэрэхэд ямар ч байсан би ***тэй хөзөр тоглож байсан. Тэгтэл нэг мэдэхэд *** босоод гүйж байсан, харин *** гартаа хутга барьчихсан миний хөлийг зүсчихсэн байсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед нилээн согтолттой байсан ба хутгаар зүсүүлсэний дараа ухаан бүрэн орсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон гэмтлийг *** миний баруун хөлийн шилбэнд хутгаар 1 удаа зүсэж учруулсан. *** нь надад хохиролд 1.100.000 төгрөг төлсөн байгаа. Одоо нэмж хөлөө зүсүүлсэн өдрөөс хойш одоог хүртэлх нийт олох байсан орлого, түрээсийн төблөр зэргийг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-н 23-24/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр ***, *** хоёр бага зэрэг архи уучихсан байдалтай над дээр ирсэн. Тэгээд над дээр ирээд ганц юм аваад өгчих гээд *** асуухаар нь би зөвшөөрөөд ойролцоо байх хүнсний дэлгүүрээс нэг шил архи аваад замын ард талын ногоон байгууламжид ороод хувааж ууж эхэлсэн. Авсан юм уу ууж дуусахад *** дахиад нэг шил юм аваад ирсэн. Тэрийг нь ууж байтал *** нилээд согтоод утсаараа хүн амьтан дуудаад согтуураад байхаар нь би сэргэг гэж бодоод түүний нүүрэн дээр нь ус асгасан. Тэгтэл *** над руу уурлахаар нь би уучлалт гуйгаад тэгээд зүгээр сууцгаасан. Тэгтэл би ууж сууж байгаад муудцан байсан ба нэг хартал нэг орилох шиг болохоор нь хартал *** газарт хэвтчихсэн *** дээрээс нь тонгойчихсон муудалцаж байх шиг байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэж асуухад *** энэ муу новш чинь хөл зүсээд хаячихлаа шүү дээ гэхэд *** битгий худлаа яриад бай чи гэж хэлэхэд *** хөлийнхөө шилбэ хэсгийг харуулсан. Тэгтэл нээрээ хөл нь зүсэгдчихсэн байсан. Тэнд бид гурваас өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Шинжээчийн 10877 тоот дүгнэлтэд: “...***ын биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/,

Яллагдагчаар ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хохирогч ***ыг айлгая гэж бодоод цүнхнээсээ хутга гаргаж түүний хөлийг зүссэн. Би ***ын баруун хөлийн урд талын шилбэ хэсэгт 1 удаа зүссэн. Тухайн үед *** богино шорт өмссөн байсан. Би ***ын биед учирсан гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 95-96/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-10/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 12-16/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-65, 74-81/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоолын хойд талын сааданд хохирогч ***тай маргалдаж, улмаар түүний баруун шилбэ хэсэгт хутгаар зүсэж, түүний биед баруун шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч И.Сэрээнагва нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж улмаар түүний хөлийг хутгаар зүсэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын хөлийг хутгаар зүссэн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүгдэгчээс ажилгүй байсан үеийн цалин нийт 9.000.000 төгрөг нэхэмжилсэн ба дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Хохирогч нь өдөрт 300.000 төгрөг олдог 30 хоногт нийт 9.000.000 төгрөгийн орлого олох байсан талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй ба зөвхөн түүний мэдүүлэгт үндэслэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Харин хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

Хохирогч нь ажилгүй байсан үеийн олох ёстой орлогын талаарх нотлох баримтаар бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хохирогч *** нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалаас тухайн гэмт хэргийн улмаас 243.000 төгрөгийн үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогчийн эмчилгээ, боолт хийлгэх зэрэгт эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гарсан баримтаар тогтоогдож байгаа 243.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 4.400.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 243.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР