Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00648

 

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00648

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, 09-12 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Санги овогт Пөөтөөгийн Ц...гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Ц...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Ц... нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт Төөтөөгийн 3 дах охин болж төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 1973 онд элсэн орж суралцаад 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар ангиа төгссөн. 1984 оноос 1985 онд Увс аймгийн БТМС-ийн дундын үйлдвэрт ажилласан. 2012 онд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 9-12 тоотод шилжин ирж суурьшсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд П.Ц... намайг Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1984 оноос 1985 онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Ц... нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оноос 1991 оныг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хүсэлт гаргагч П.Ц...гийн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оноос 1991 оныг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Ц... нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оноос 1991 оныг хүртэл барилгачнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1674 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн архивын лавлагаа,

Иргэн Ц.Цэцэгмаагийн ...Миний бие П.Ц...тэй 1988 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Ц...гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Санги овогт Пөөтөөгийн Ц...г Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оноос 1991 оныг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ