| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00786/И |
| Дугаар | 00649 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 00649
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00649 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Чацаргант багт оршин суух, ... дугаарын регистртэй, Газарч овогт Сүхээгийн Б...гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Б...
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Б... нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 10 дугаар сарын 12- ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1972 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд орсон. 8 жилийн сургуульд сураад байж байтал миний аавын бие муудаад байхаар нь сургуулиас гарч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад эцэг, эхийн хамт буюу 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мал малласан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлийн Чацаргант бригадад 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мал малласан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл тарснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт мал маллаж амьдарч байна. 1991 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Даваасүрэнтэй гэр бүл болсон. Би 8 жил, 10 жилийн сургууль төгсөөгүй, ямар нэгэн тэмс дээд сургуульд яваагүй. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний анх нэгдэлд ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүйн улмаас би тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд С.Б... намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Б...гийн 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Б... нь 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 68 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант бригадын 1979 оноос 1981 он, 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газраас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/30 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000197 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчид Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанаас олгосон сайшаалын үнэмлэхийн эх хувь,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 8319 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Б.Мөнхөөгийн ...С.Б... нь 1964 онд төрсөн. Аав ээжийн хамт мал маллаж байгаад 1991 онд гэр бүл болж одоог хүртэл тус багт малчнаар ажиллаж байна... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Иргэн Н.Хөхийн ... С.Б... нь аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 онд цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1991 онд гэр бүл болсон... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Б...гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Газарч овогт Сүхээгийн Б...г 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ