| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00788/И |
| Дугаар | 00650 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 00650
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00650 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран 5 дугаар гудамж, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ноён цорс овогт Ширчинжавын Д...ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Д... нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ширчинжав овогтой Д... миний бие 1965 оны 11-р сарын 30-ны өдөр Ховд аймагт Ширчинжавын 4 дэхь хүү болон төрсөн. 1974-1982 онд Буянт сумын бага сургуульд 8 төгссөн. 1982-1985 онд Дархан хотын Усны аж ахуйн Техник кумд элсэн суралцаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаж 1988 оны хавар цэргийн албанаас халагдаж уг сургуульдаа дахин суралцаж 1990 онд амжилттай төгссөн. 1990 онд ХААХЯ-ны тушаалаар Ховд аймгийн УАА-н конторт хувиарлагдан ирж 1990 оны 8 дугаар сарын 3 ны өдрийн УААК-ын даргын 95 тоот тушаалаар гүний өрмийн бригадад мастераар ажилд орсон бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй тул намайг 1990 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.Д... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хувийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ш.Д...ийн 1990 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн конторийн гүний өрмийн бригадад мастераар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.Д... нь 1990 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн конторийн гүний өрмийн бригадад мастераар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1680 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1990 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 351417 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Улаанбаатар хотын Ус сувгийн ашиглалтын газрын даргын 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай ажилд авах, шилжүүлэх, чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Ус сувгийн удирдах газар, Ус хангамжийн ашиглалтын албаны даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/34 дугаартай Ширчинжавын Д...ийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2318 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Б.Болдоогийн ...Би 1982 оноос 2002 оныг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт өрмийн мастераар ажиллаж байсан. Ш.Д... нь 1990 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт бригадын ажилтнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг тодорхойлолт зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Д...ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ноён цорс овогт Ширчинжавын Д...ийг 1990 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн конторийн гүний өрмийн бригадад мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ