Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00651

 

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00651

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Баянхошуу багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ээмдээ овогт Д...гийн Нямгэрэлийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Нямгэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ээмдээ овогт Д...гийн Нямгэрэл миний бие нь 1963 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эхийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн ба ар гэрийн гачигдлаар цэргийн алба хаалгүй тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан ба тус нэгдэл тарж нэгдлийн суурь дээр байгуулагдсан ХК-д ч мөн малчнаар ажиллаж байгаад компани тарахад миний бие хувиараа мал маллан амьдарч эхэлсэн. Одоо ч нутагтаа мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандаж байна. Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан ба хүсэлтийнхээ шаардлагыг 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо. Учир нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.3-д даатгуулагч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт-оор малчнаар ажиллаж байсан байдлыг тодорхойлно гэж заасны дагуу 1991-1994 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлыг багийн Засаг дарга тогтоох ба 1990 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох эрх байхгүй учраас шүүхээр 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд ... регистрийн дугаартай, Ээмдээ овогт Д...гийн Нямгэрэл намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Нямгэрэл нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Нямгэрэлийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Нямгэрэл нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1386 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг буюу 2 дугаар бригадын 1983 оноос 1986 онуудын мал тооллогын баримт, 1991 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1990 оноос 2000 оныг хүртлэх ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, 1980 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг,

Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Ганжаргалын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт,

Хүсэлт гаргагчид 1984 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс олгосон гэрчилгээний эх хувь, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичгийн эх хувь,

Иргэн М.Нямаагийн ...Иргэн Магсаржав овогтой Нямаа миний бие нь 1959 онд төрсөн, 1978 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан.Одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, Миний бие нь ажиллаж байх хугацаандаа Д... овогтой Нямгэрэлтэй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд компани болон тартал аав, ээжийн хамт тухайлбал 1981-1992 оныг дуустал ажиллаж байсныг сайн мэдэх юм.Бид айл хөрш явсан, ээжийг нь болон эгч дүү нарыг нь сайн мэдэх юм. Д.Нямгэрэл нь хар багаасаа ээждээ тусалж, нэгдлийн малыг маллаж, хонь, ямаа маллан төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж манай багийн тэргүүний малчин байсныг сайн мэднэ... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Гэрч Л.Баттөмөрийн ...Иргэн Лхасүрэн овогтой Баттөмөр миний бие нь 1956 онд төрсөн, 1978 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан.Одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа Д... овогтой Нямгэрэлтэй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд компани болон тартал аав, ээжийн хамт тухайлбал 1981-1992 оныг дуустал ажиллаж байсныг сайн мэдэх юм.Д.Нямгэрэлийг ээжтэйгээ амьдарч мал маллаж байсныг сайн мэдэхээс гадна ээжтэйгээ энэ айлыг авч явахын сацуу мал маллаж дүү нараа тэжээн амьдарч байсан. Д.Нямгэрэл нь хар багаасаа ээждээ тусалж, нэгдлийн малыг маллаж, хонь, ямаа маллан төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж байсан ба ээжийгээ асрахаас гадна хөгжпийн бэрхшээлтэй ээж, дүү нараа асарч байсныг ч сайн мэднэ... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Нямгэрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ээмдээ овогт Д...гийн Нямгэрэлийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ