| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00790/И |
| Дугаар | 00652 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 00652
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00652 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, .. байр, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Бээлийнхэн овогт Цэдэндоржийн Б...гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б... нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бээлийнхэн овогт Цэдэндоржийн Б... нь 1991 оны 06 дугаар сард Завхан аймгийн Худалдааны техникумыг худалдааны эдийн засаг мэргэжлээр төгсч, Худалдаа, нийтийн хоолны трестэд /тухайн үеийн нэршлээр/ томилогдсон. Тухайн байгууллагад эдийн засагч нягтлан бодогчийн орон тоо байхгүй тул тус трестийн харьяа төв дэлгүүрийн бэлэн хувцасны тасагт 1991 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд худалдагч кассчинаар ажилласан. Би 2008 онд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажилд орохдоо тус газрын хүний нөөцийн ажилтанд хөдөлмөрийн дэвтрээ өгсөн. Ховд аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцийн ажилтан нь миний хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн тул намайг Худалдаа, нийтийн хоолны трестийн харьяа төв дэлгүүрийн бэлэн хувцасны тасагт 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл худалдагч кассчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ
Хүсэлт гаргагч Ц.Б... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.Б...гийн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа, нийтийн хоолны трестийн харьяа төв дэлгүүрийн бэлэн хувцасны тасагт худалдагч, кассчинаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Б... нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа, нийтийн хоолны трестийн харьяа төв дэлгүүрийн бэлэн хувцасны тасагт худалдагч, кассчинаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 454 дугаартай албан бичиг,
Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Худалдаа, нийтийн хоолны трестийн харьяа төв дэлгүүрийн бэлэн хувцасны тасагт худалдагч, кассчинаар ажиллаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зургууд, Ц.Б...гийн эдийн засагч мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ш.Гэрэлмаагийн ...Ц.Б... бид хоёр Жаргалант сумын 10 жилийн дунд сургуулийг 1989 онд төгссөн. Ц.Б... нь орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг, би 1 дүгээр 10 жилийн дунл сургуулийг тус тус төгссөн. Бид хоёр сургуулиа төгсөөд Завхан аймгийн ТМС-д элсэн орсон. Ц.Б... нь нягтлан бодогчийн ангид суралцаж 1991 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн бөс бараа бэлэн хувцасны дэлгүүрт буюу одоогийн давхар дэлгүүрт худалдагч, кассчнаар ажилд орж байсан. Тэндээ 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн нягтлан бодогчоор ажиллахаар явсан... гэх мэдүүлэг
Гэрч П.Соёлмаагийн ...Би 1988 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн хүнсний дэлгүүрт буюу одоогийн давхар дэлгүүрийн доод талд байрладаг байсан дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Ц.Б... 1991 онд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн бөс бараа бэлэн хувцасны дэлгүүрт буюу одоогийн давхар дэлгүүрт худалдагч, кассчнаар ажилд орж байсан. Тэндээ 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Тухайн үед Ц.Б... нь тухайн үедээ байгууллагуудын дунд зохион байгуулагдсан цэрэгжилтийн сургалтанд оролцож байсан бөгөөд би тэр сургалтын үзэж байсан. Бид хамтдаа Ховд аймгийн худалдаа бэлтгэлийн трестед ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Б...гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бээлийнхэн овогт Цэдэндоржийн Б...г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн Худалдаа, нийтийн хоолны трестийн харьяа төв дэлгүүрийн бэлэн хувцасны тасагт худалдагч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ