| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00791/И |
| Дугаар | 00653 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 00653
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00653 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 13-24 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Халх овогт Бямбын ...ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.... нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бямбын ... миний бие 1965 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн. Баян-Өлгий аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд 1973 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 8 дугаар ангиа төгссөн. Ингээд 1981 оны 6 сарын 20-ний өдрөөс илтгээлтийн эзэн болж Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хужирт бригадад эцэг Бямба, эх Цэсэн нарын хамт нэгдлийн мал маллаж, саалчинаар ажиллаж эхэлсэн. Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлийн Хужирт бригадад саальчинаар ажиллаж байх хугацаандаа буюу 1982 онд нормоо давуулан биелүүлж сайшаалын үнэмлэх, 1985 онд баярын бичиг, 1989 онд тэргүүний туршлага зэрэг шагнал авч байсан. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, аймгийн архив шатсан тул Салтанат нэгдлийн 70 дугаар дансны хуулга гарч ирэхгүй байгаа тул тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд намайг 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал Баян- Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хужирт бригадад малчин, саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Б....ийн 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хужирт бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.... нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хужирт бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1293 дугаартай албан бичиг,
Хүсэлт гаргагчид 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Салтанат нэгдлийн захиргаанаас олгосон сайшаалын үнэмлэхийн эх хувь, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Салтанат нэгдлийн захиргаанаас олгосон талархалын эх хувь, 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрчилгээний эх хувь, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн эх хувь,
Иргэн З.Хорхойн ...Миний бие 1960 оноос 1990 оныг хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хужирт бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан. Б.... нь 1981 оноос 1989 онуудад Хужирт бригадад аав ээжийн хамт илгээлтийн эзнээр гарч мал маллаж саальчин хийж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн Б.Түмэнбаярын ...Миний бие Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хужирт бригадад саальчнаар ажиллаж байсан. Б.... нь 1981 оноос 1989 онуудад Хужирт бригадад аав ээжийн хамт саальчин хийж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б....ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Халх овогт Бямбын ...ийг 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хужирт бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ