| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00792/И |
| Дугаар | 00654 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 00654
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00654 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Цагаанбулан багт оршин суух, ... дугаарын регистртэй, Бошго овогт Окоогийн А...гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.А... нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1965 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Батын Окоон ууган хүү болж төрсөн. 1981 онд 8 дугаар ангийг Мянгад суманд Готов багштай төгссөн, илгээлтийн эзнээр 16 наснаасаа эхлэн малчнаар гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар 1981 оны 06 дүгээр сарын 01-нээс ажиллаж эхэлсэн ба 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс цэргийн албанд татагдан 1988 оны 06 дугаар сарын 01 -ний өдрөөс халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж амьдарсан. Миний бие нь гэрлээгүй.Ховд аймгийн Мянгад сумын нэгдлийг 1981 оноос 1992 оныг дуустал нэгдэл тартал мал маллаж амьдарсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсаны улмаас олдохгүй, ажилд орсон гарсан тушаал байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд О.А... намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01 -ний өдрийг хүртэл малчин, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч О.А...гийн 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч О.А...гийн 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01 -ний өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 591 дугаартай албан бичиг,
Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/47 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, архивын лавлагаа хуулбар баримтууд
Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт,
Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 773 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986 онуудын мал тооллогын данс,
Хүсэлт гаргагчийн 1982 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг, 000103652 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000758 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3101 дугаартай албан бичгээр ирүүлсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Ц.Баттулгын ...Ц.Баттулга нь миний бие нь 1980 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд адуучин, малчнаар, Давшилт нэгдлийг тартал ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд тус сумын Давшилт нэгдэлд Окоо овогтой А... нь 1981 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оныг дуустал бидний хамт мал маллаж, аав, ээжийн хамт ажиллаж байсныг сайн мэдэх юм. О.А... нь багаасаа малд нүдтэй, илгээлтийн эздийн дунд нэр хүндтэй залуучуудын дунд зохиосон ажилд идэвхтэй оролцдог байсныг сайн мэдэх юм. О.А... нь 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд аав ээжийн хамт нэгдлийн үхэр, хонь, ямаа маллаж байсан малчин байсныг сайн мэднэ... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Иргэн Л.Баттөмөрийн ...Л.Баттөмөр нь миний бие нь 1980 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд адуучин, малчнаар, Давшилт нэгдлийг тартал ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд тус сумын Давшилт нэгдэлд Окоо овогтой А... нь 1981 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оныг дуустал бидний хамт мал маллаж, аав, ээжийн хамт ажиллаж байсныг сайн мэдэх юм.О.А... нь багаасаа малд нүдтэй, ээж Цэвээндулам нь группэд байдаг, айлын том хүү учир нэгдлийн үхэр саадаг, хонь, ямаа хариулдаг ажилсаг хүү байсан. О.А... нь 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд аав ээжийн хамт нэгдлийн хонь, ямаа маллаж байсан малчин байсныг сайн мэднэ... гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.А...гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бошго овогт Окоогийн А...г 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 01 -ний өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ