| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2020/0021/Э |
| Дугаар | 460 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 460
2020 4 14 2020/ДШМ/460
П.М, Н.Э, Д.А,
С.Э, С.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч, хохирогч П.М, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч, хохирогч Н.Э, шүүгдэгч Д.А, С.Э, тэдний өмгөөлөгч Ц.Батбаяр,
шүүгдэгч, хохирогч С.Э,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Н.Э, шүүгдэгч Д.А, С.Э нарын өмгөөлөгч Ц.Батбаярын давж заалдах гомдлоор П.М, Н.Э, Д.А, С.Э, С.Э нарт холбогдох эрүүгийн 19050011100936 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;
П.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа, иргэн Н.Этай маргалдаж, чулуу шидэж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
С.Э нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа, иргэн Н.Этай маргалдаж нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Д.А, С.Э нар бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа иргэн С.Этэй маргалдаж, түүний толгойн тус газар нь цохих, хавсарч унагаах зэргээр зүүн чихний зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Н.Э нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа иргэн П.Мтай маргалдаж, эрүүл мэндэд нь уруулын няцарсан шарх, дээд эрүүний баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.А, С.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэрт хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.А, С.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр, шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 (хоёр мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр, шүүгдэгч Д.А, С.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч С.Э нь 8 /найм/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.А, С.Э, Н.Э нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эгээс 1.631.526 /нэг сая, зургаан зуун гучин нэгэн мянга таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Н.Эад олгуулж, хохирогч нь хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг гэм буруутай этгээдүүдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.М, Д.А, С.Э, Н.Э нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
шүүгдэгч, хохирогч Н.Э, шүүгдэгч Д.А, С.Э нарын өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч, хохирогч Н.Э болон шүүгдэгч Д.А, С.Э нарт торгуулийн ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нөхцөл, тухайн хэрэгт оролцсон оролцоог харгалзан үзэлгүй өндөр торгууль оногдуулсан гэж үзэж байх тул тэдэнд оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан доод хэмжээгээр бууруулж өгнө үү. ...” гэв.
шүүгдэгч, хохирогч П.Мын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдол юуг үндэслэж торгох ялыг хуульд заасан хэмжээгээр бууруулж өгөхийг хүссэн нь ойлгомжгүй байна. Хуульд нийцүүлсэн байхаас гадна уг асуудалд шинээр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн учир хөөн хэлэлцэх хугацааны асуудал мөрдөн шалгах ажиллагаанд байх хэрэгт хэрэглэгдэхгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлээрээ болон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим ёсоор шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тэдгээрийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх тул ямар нэг байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлж хэргийг буцаах үндэслэлгүй. Түүнчлэн, миний үйлчлүүлэгч П.Мын хувьд түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
шүүгдэгч, хохирогч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
шүүгдэгч, хохирогч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
шүүгдэгч, хохирогч П.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А, С.Э нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж ял шийтгэгдсэн. Уг ял нь тохирсон. Шүүгдэгч, хохирогч Н.Эын хувьд уг гэмт хэрэгт оролцсон оролцоонд нь түүнд оногдуулсан торгох ял тохирсон. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
П.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа, иргэн Н.Этай маргалдаж, чулуу шидэж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Эын “...Тэгээд хоёр тийшээ салаад явсан чинь ... араас чулуу шидэж бид нар зугтаасан. Тэгтэл чихний ард толгойн тус газар чулуу онож сонин болоод унасан. …П.М намайг заамдаж авсан. Тэр үед боль гэж хэлээгүй. Миний хоолойг боогоод байхаар нь би гарыг нь тавиулж байгаад холдооч гээд эргээд харахдаа мөргөсөн. Мөргөчихөөд байж байхад араас том хэмжээтэй чулуу шидээд байсан. Зугтаагаад замын зүүн талд би чулуунд оногдсон. ...намайг мөргөсний дараа доошоо тонгойж байгаад газраас чулуу аваад шидсэн. ...” /1 хх 34-36, 2 хх 66, 115/,
шинжээч О.Болороогийн “...Н.Эын биед учирсан чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь нүүрэнд цохих үед үүсэхгүй. Зүүн чамархай орчимд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ... ” /1 хх 55/,
гэрч Г.Буяндалайгийн “...П.М том чулуу барьсан зогсож байсан ...Хохирогч Н.Э хэлтсийн гадаа машинаас буугаад бөөлжсөн ер нь биеэ авч явах чадваргүй, тогтож чадахгүй нилээн согтуу байсан. ..." /1 хх 92/,
гэрч Б.Жансмаагийн “...Манай хүү Н.Э хүнд зодуулаад эмнэлэгт хэвтэж байхад 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш 20 цагийн үед зодсон гэх хоёр залуу найз нь гэх нэг залуугийн хамт гурвуулаа ирж уулзсан. Тэгэхэд тэр хоёр залуу бид хоёрын буруу, уучлаарай эгчээ, хүнээ эмчлүүлээд гайгүй болгохыг бодъё боломжоороо эмчилгээний мөнгө өгч байна гэж хэлсэн. ... дараа нь миний гарт мөнгө өгсөн залуутай хамт явсан залуу нь миний буруу, би цохьсон буруугаа хүлээж байна, уучлаарай гэж хэлж байсан. ...” гэсэн /2 хх 68/,
гэрч Б.Батжаргалын “...3 сарын үед байсан. Найз П.М намайг ирээд аваадхаач хүнтэй уулзая гэсэн. Тэгээд би машинтайгаа хорооллын Энхбаярын замаас П.М Ш.Б нарыг аваад хороолол руу нэг эмнэлэгт хүнтэй уулзахаар явсан. ... нэг эмнэлгийн гадаа эмэгтэй хүнтэй уулзаад мөнгө өгсөн. Тэр гурав урд юм яриад яваад байсан. Тэгээд АТМ-ээс П.М мөнгө аваад тэр эмэгтэйд өгч гарын үсэг зуруулсан. П.М, Ш.Б нар зодооны хэрэгт орооцолдсон тэгээд эмнэлэгт хэвтэж байгаа хүний ээжид нь мөнгө өгч байгаа гэж хэлсэн. ... ” /2 хх 70/,
шүүгдэгч Д.Аын “...П.М чулуу авч шидэж эхэлсэн. Тэгээд бөөнөөрөө тарж гүйсэн. ...Нилээн хэдэн чулуу шидсэн. С.Э бид хоёр цагдаагийн газар луу араас нь такси бариад явахад зам дээр бүхэл бүхэл том чулуу 4-5 ширхэг байсан. Шидсэн гээд байгаа зүйл нь замын хагархай брожур байсан. ...С.Эоос сонссон. П.М чулуу шидээд Н.Эыг оночихлоо гэж хэлсэн. ...” /1 хх 224, 2 хх 117/,
шүүгдэгч С.Эын “...П.М нэг алхамын зайнаас чулуу шидэж Н.Эын толгойн тус газар оноход Н.Э сонин болсноо босоод замын зүүн тал руу явсан, ...Би Н.Эыг өргөөд босгож байтал П.М явган хүний замын брожур шидэхэд миний шанаа хэсгийн хажуугаар зөрөөд Н.Эыг оносон. ...” /1 хх 224, 2 хх 118/,
шүүгдэгч П.Мийн “...Нүүрээ дараад гүйж байхад газарт чулуу байхаар нь авсан. ...Чулуу барьсан байхад над руу хүн ойртож чадахгүй юм байна гэсэн бодол надад төрсөн. Би дахин чулуу нэг чулуу хайж олж авсан. ...хохирогч Н.Эаас уучлалт гуйж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /2 хх 111-128/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Эын биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чамархай ясны хугарал нь зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураатай хамт үүсэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хоншоорны урд болон арын хананы хугарал нь зүүн зовхины цус хуралттай хамт үүсэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” /1 хх 48/ гэсэн дүгнэлт,
С.Э нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа, иргэн Н.Этай маргалдаж нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Эын “...Тэгтэл хамт явсан үл таних залуу нь намайг тэврээд тавихгүй болохоор нь эргэж хараад уруул хэсэгт мөргөсөн... чихний ард толгойн тус газар чулуу онож сонин болоод унасан үүнээс хойш хаагуур явснаа санахгүй байна. ... Хамар юунаас болж хугарсныг мэдэхгүй байна. Над руу Ш.Б дайраад өшиглөөд байсан. ...” /1 хх 34, 2 хх 116/,
гэрч Г.Буяндалайгийн “...замын голд хохирогч Н.Эын дээр Ш.Б гарсан нүүрэн тус газар зодож байсан. ...хохирогч Н.Эын нүүр нь шалбарсан хамарнаас нь цус гарсан ер нь бусдад зодуулсан байдалтай байсан. ..." /1 хх 92/,
шүүгдэгч С.Эын “...хохирогч Н.Эын ...дараа нь С.Э дээр нь гарсан цохисон. Тэгэхэд нүүрэнд учирсан гэмтлийг учруулсан. Тухайн үед Н.Эын нүүрэн тус газар өөр хүн цохиогүй. ...” /1 хх 224/,
шинжээч О.Болороогийн “...Н.Эын биед учирсан чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь нүүрэнд цохих үед үүсэхгүй. Зүүн чамархай орчимд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ... ” /1 хх 55/,
шүүгдэгч С.Эгийн “...Н.Эын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /2 хх 114, 125, 128/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Эын биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хоншоорын хөндийн урд, арын хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...зүүн хоншоорны урд болон арын хананы хугарал нь зүүн зовхины цус хуралттай хамт үүсэх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” /1 хх 48/ гэсэн дүгнэлт,
Д.А, С.Э нар бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа иргэн С.Этэй маргалдаж, түүний толгойн тус газар нь цохих, хавсарч унагаах зэргээр эрүүл мэндэд нь зүүн чихний зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч С.Эгийн “...Маргааш нь П.Маас сонссон. П.М хүмүүстэй маргалдаж зодолдсон эсэхийг санахгүй байна. Миний баруун гар хөндүүр, зүүн талын чих нуруу зулгарсан байсан. Үүнийг надтай маргалдсан залуу цохисон байх. ...” /1 хх 41/,
шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...С.Эгийн биед учирсан гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарна. ...” /1 хх 63/,
шүүгдэгч Д.Аын “...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Ш.Бг нэг удаа хавсарч унагаасан. ...Миний зүгээр хийсэн хэргээ зөвшөөрч байна. ...” /2 хх 43, 128/
шүүгдэгч С.Эын “...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...гэм буруугаа хүлээж байна. ...” /2 хх 50, 128/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Эгийн биед зүүн чих, нуруу, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 хх 57/ гэсэн дүгнэлт,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...С.Э толгойн тус газар нэг удаа цохьсон ... Д.А хажуунаас нь заамдаж аваад 3 удаа хавсарч унагаахад Н.Э, П.М хоёр бие биенээ ойртуулахгүй хорьж байгаад С.Эг салгаад зам руу гарна. ...” /1 хх 14, 2 хх 63/,
Н.Э нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жи баарны гадаа иргэн П.Мтай маргалдаж эрүүл мэндэд нь уруулын няцарсан шарх, дээд эрүүний баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч П.Мын “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ... Энэ үед би хохирогч Н.Эаас уучлалт гуйгаад найзыгаа аваад явъя гээд дайраад байхаар нь хоёр гараараа тулаад зогсож байсан чинь цамцны захаар боогоод уруулан тус газар мөргөсөн. Би амаа дараад тонгойх хооронд толгой цохьсон. ...” /1 хх 45/,
шүүгдэгч Н.Эын “...П.М нь араас тэврээд татахаар нь эргэж хараад түүнийг мөргөсөн. ...Би П.Мыг мөргөж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...миний хоолойг боогоод байхаар нь би гарыг нь тавиулж байгаад холдооч гээд эргэж харахдаа мөргөсөн. ...П.Мыг мөргөсөн үйлдэл маань буруутай байна. ...” /1 хх 204, 2 хх 115, 117/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...П.Мын биед уруулын няцарсан шарх, дээд эрүүний баруун хажуугийн 1-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”/1 хх 66/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
Шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэрт хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.А, С.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч нарт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл, тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрт тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон байхаас гадна Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч, хохирогч Н.Э, шүүгдэгч Д.А, С.Э нарын өмгөөлөгч Ц.Батбаяр “...торгох ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцсэн үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүхээс дээрх хуульд заасан ялын төрлөөс хөнгөн ял болох торгох
ялыг сонгож, хуульд зааснаас доогуур хэмжээгээр буюу шүүгдэгч Н.Эыг 600, шүүгдэгч Д.А, С.Э нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээтэй торгох ял шийтгэл оногдуулсныг ялын төрөл, хэмжээ тэдэнд хүндэдсэн гэж үзэхгүй тул тэдний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Н.Э, шүүгдэгч Д.А, С.Э нарын өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Н.Э, шүүгдэгч Д.А, С.Э нарын өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ