Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж,

Гомдол гаргагч: С э С В Э ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х , хариуцагч улсын байцаагч Ц.И , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч С э С В Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч шүүхэд гаргасан гомдолдоо: ...Манай компанийн С Олон Улсын сүлжээ дэлгүүр нь Жижиглэнгийн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага МNS 5021-1:2019 стандартын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт заасан ая тухтай дэлгүүрийн ангилалд багтан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Ая тухтай дэлгүүр нь өдөр тутмын эрэлттэй хүнсний болон ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах, стандартын шаардлагад нийцсэн түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй. Түргэн хоолны үйлчилгээний хэсэгт зориулалтын гал тогоо бүхий газар үйлдвэрлэсэн болон бэлэн хоол, ундаа нарийн боовыг зориулалтын хөргөх тоног төхөөрөмжид хадгалан худалдаалдаг.

Сүхбаатар дүүргийн . дүгээр хороо, Сөүлийн гудамж, .-. байр, С плаза байрны 1 дүгээр давхарт байрлах манай компанийн салбар дэлгүүрт Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын Улсын байцаагч Ц.И нь шалгалт хийж, хот дог нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын 156 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмж-г зөрчиж бүтээгдэхүүнд дээж авдаггүй, дээжний хөргөгч, дээжийн бүртгэл хөтөлдөггүй гэх зөрчлийн гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн 1909001689 дугаар хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зүйлийн 5.2 хэсэгт үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй гэж 2019 оны 11 дүгээр сарын 15 ны өдөр 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан ль үндэслэлгүй гэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулсан улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь тухай үйлдэл, эс үйлдэхгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байгаа эсэх-ийг тогтоосон байна гэснийг зөрчсөн.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын 156 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмжийн 4 дүгээр хэсэгт Үйлдвэрлэлийн технологи, үе шат гэх хэсгийн Түүхий эд, материалын цувралаас батлагдсан зааврын дагуу дээж авах ба, авагдсан дээж нь тухайн цувралыг төлөөлнө. Дээж авсан сав бүрийг кодлож, дээж авсан тухай протоколд дээжийн код, савлагдсан материалын нэр, цувралын дугаар, дээж авсан хүний албан тушаал, гарын үсэг, дээж авсан он, сар, өдөр, цаг, нөхцөл зэргийг тодорхой тусгасан байна гэснийг зөрчиж манай компанийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй гэж улсын байцаагч дүгнэсэн. Мөн улсын байцаагч нь Мэргэжлийн Хяналтын Газрын даргын А/179 тушаалаар батлагдсан Хоол үйлдвэр үйлчилгээний газар мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн 8.3 заалт болох Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчинд +4C хэмд 48" цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэв. С ая тухтай дэлгүүр нь хүнсний үйлдвэрлэл явуулдаггүй зөвхөн үйлдвэрлэгчээс бүрэн боловсруулалт хийсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, шинжилгээтэй бүтээгдэхүүнийг худалдаалдаг онцлогтойгоор хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газраас ялгаатай юм.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт МNS 6777:2019 стандартын 3.2 дахь хэсэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрхлэх стандартын шаардлагыг хангасан ажлын байранд, батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн хүнийн нөөцтэйгээр бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдлын шаардлага хангах хоол, ундааг үйлдвэрлэн үйлчлэх, худалдаалах, захиалгын болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг газар-ыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар /цаашид хоолны газар гэж нэрлэх/ гэж тодорхойлсон. Энэ стандартаар тодорхойлсон нэршил нь манай дэлгүүрийн үйл ажиллагаанд хамааралгүй юм.

Жижиглэнгийн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын 4 дүгээр зүйлийн 4.30 дахь хэсэгт ая тухтай дэлгүүрийн түргэн хоолны үйлчилгээний хэсгийг хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг тодорхой температурт барих, хадгалах, ердийн болон автомат ажиллагаатай төхөөрөмж, ширээ сандлаар тоноглосон Wi-Fi орчин бүхий хэсэг гэж тодорхойлсон тул манай дэлгүүрийн энэ хэсэгт бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг халаан худалдаалсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй. Иймд улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0066957 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...иргэн Б.Ц /-аас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдол ньСүхбаатар дүүргийн . дүгээр хороо, . дүгээр сургуулийн чанх урд С -ээс хотдог авч идэхэд дотор муухайрч гүйлгэж байна. Хоол хүнснийг шалгуулах хүсэлтэй байна гэх асуудалд С э С В Э ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгээр 1909001689 дугаартай зөрчлийн хэрэг нээн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Тус компанийн  ая тухтай дэлгүүр нь Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага МNS 5021-1:2019 стандартын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтад тодорхойлсон ая тухтай дэлгүүр ангилалд хамаарах бөгөөд тус тодорхойлолтод өдөр тутмын эрэлттэй хүнсний болон ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах, энэ стандартын 4.30-т заасан шаардлагыг хангасан түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй дэлгүүр. Тайлбар: Түргэн хоолны үйлчилгээний хэсгийн талбайн хэмжээ нь худалдааны танхимын талбайн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт МNS 6777:2019 стандартын 3.10 дахь заалтад Түргэн хоолны газар-ыг хагас боловсруулсан бэлдцээр хязгаарлагдмал нэр төрлийн халуун хоол, ундааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг хоолны газар гэж тодорхойлсон байдаг бөгөөд тус салбар дэлгүүрийн түргэн хоолны хэсэг нь дээрх стандартаар хоолны газар мөн юм.

Шалгалтаар тус салбар дэлгүүр нь хотдог нэрийн хоол боловсруулан худалдах үйл ажиллагаа явуулахдаа дээж авдаггүй, дээж авах хөргүүргүй, дээжийн тэмдэглэл хөтөлдөггүй нь Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал МNS САС RCP 39:2011 стандартын 7.11 3 дахь заалт /Нэг ээлжинд бэлтгэсэн бүх төрлийн хоол хүнснээс (цуврал бүрээс) багадаа 150г дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжлэн 4С-ийн температурт хадгалах бөгөөд бэлтгэсэн хоол хүнсийг бүгдийг хэрэглэж дууссанаас хойш гурваас доошгүй хоног хадгална.../-ыг, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага МNS 4946:2019 стандартын 13 дугаар зүйлийн А хавсралтын Хоолны газарт тавих шаардлагын 4 дэх хэсгийн 4.4 дэх заалт /дээжийн хөргөгч, хоолны дээжийн бүртгэлтэй байх/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн 8.3 дахь заалт /Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 4С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ/-ын шаардлагыг хангахгүй байсан.

Тухайн дэлгүүрийн Хот дог нэрийн хоолны орц болох зайдас, талх, кетчуп, гич, салат нь тус тусдаа савлагаатайгаар тус салбар дэлгүүрт ирдэг бөгөөд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс нь зайдсыг зайдас шарагчид тодорхой температурт шарж, талхны завсар хавчуулан дээрээс нь кетчуп, гич, салатаар амтлан шарах шүүгээнд тодорхой хугацаанд халааж хэрэглэгчдэд өгдөг. Эдгээр процессын үе шатанд дулааны боловсруулалт буюу зайдас шарагчид шарах, бичил долгионоор шарах үйл явц орж байгаа нь хоол үйлдвэрлэлийн нэг үе шатанд тооцогдох бөгөөд хоол үйлдвэрлэлийн процессын үр дүнд Хот дог нэрийн хоол бий болж байгаа юм.

Иймд Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйл /Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг/-ийн 10.1.2 заалт /энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх/, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага МNS 5021-1:2019 стандартын 5.5.1 дэх заалт /Хүнсний бараа худалдах технологи ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөнө/, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага МNS 4946:2019 стандартын 10.2 дахь заалт /Эрүүл ахуйн зохистой дадлын зөвлөмж, дүрэм, заавар, хөдөлмөрийн аюулгүй байдлын зохих норм дүрэм, зааврыг мөрдөж ажиллана/-ын дагуу эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн байдаг.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгээр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг барагдуулж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч С э С В Э ХХК нь тус шүүхэд хандан Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болуулах шаардлага бүхий гомдлыг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И ад холбогдуулан гаргасныг шүүх гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэн Б.Ц аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012... дугаарын утсанд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад ирүүлсэн Сүхбаатар дүүргийн . дүгээр хороо, . дүгээр сургуулийн чанх урд С -ээс хотдог авч идэхэд дотор муухайрч гүйлгэж байна. Хоол хүнснийг шалгуулах хүсэлтэй байна гэх гомдлыг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И нь хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн гэж зохицуулсны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ. гэж зааснаар зөрчлийн хэрэг нээн тогтоол үйлдсэнийг хяналтын прокурор танилцан зөрчлийн хэргийн 1909001689 дугаарыг олгосон нь хуулийн заалтад нийцсэн байна.

Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор улсын байцаагч Ц.И нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С э С В Э ХХК-ийн Чанарын албаны дарга Н.Д , тус байгууллагын хуулийн мэргэжилтэн Б.Н нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн . дүгээр хороо, Сөүлийн гудамж, .-. байр, С плаза байрны 1 дүгээр давхарт байрлах С салбар-12-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус ая тухтай дэлгүүр нь хотдог буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдах үйл ажиллагаа явуулахдаа дээж авдаггүй, дээж авах хөргүүргүй, дээжийн тэмдэглэл хөтөлдөггүй зэрэг нөхцөл илэрч хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүргээ биелүүлдэггүй болохыг гэрэл зургаар баримтжуулан 362 дугаар тэмдэглэл үйлдэж С э С В Э ХХК-ийн Чанарын албаны дарга Н.Д , тус байгууллагын хуулийн мэргэжилтэн Б.Н нараар гарын үсэг зуруулсан байх тул гомдол гаргагчийн төлөөлөгч дээрх дүгнэлтүүдтэй танилцаж, мэдсэн болох нь тогтоогдож байна.

Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр С э С В Э ХХК-ийн Чанарын албаны дарга Н.Д г С э С В Э ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу 1909001689 дугаар тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоос мэдүүлэг авахад ..Манай хотдог хоол боловсруулалтад ордог бүтээгдэхүүн биш, тэнд зөвхөн угсрах халаах, савлах үйлчилгээ хийгддэг... бүрэн хоол боловсруулалт 10 салбар дэлгүүрт хоолны дээж тогтмол авдаг...Бид нар хоол үйлдвэрлэл явуулаагүй учираас энэ зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна... гэж мэдүүлжээ.

Мөн эрх бүхий албан тушаалтан Ц.И нь Сүхбаатар дүүргийн . дүгээр хороо, Сөүлийн гудамж, .-. байр, С плаза байрны 1 дүгээр давхарт байрлах С салбар-12-т туслах менежерийн ажил эрхэлдэг Д.Э аас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад ...намайг дээж ав гэж цаанаасаа хэлдэггүй учираас дээж авдаггүй.. гэж мэдүүлсэн байна.

Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргагчид үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн шийтгэлийг 0066957 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулж, С э С В Э ХХК-д холбогдох 1909001689 дугаартай зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар прокурорт хүргүүлэн хянуулжээ.

Харин гомдол гаргагч С э С В Э ХХК-ийн зүгээс Манай компанийн С Олон Улсын сүлжээ дэлгүүр нь Жижиглэнгийн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага МNS 5021-1:2019 стандартын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт заасан ая тухтай дэлгүүрийн ангилалд багтан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Ая тухтай дэлгүүр нь өдөр тутмын эрэлттэй хүнсний болон ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах, стандартын шаардлагад нийцсэн түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй. Түргэн хоолны үйлчилгээний хэсэгт зориулалтын гал тогоо бүхий газар үйлдвэрлэсэн болон бэлэн хоол, ундаа нарийн боовыг зориулалтын хөргөх тоног төхөөрөмжид хадгалан худалдаалдаг. Мөн С ая тухтай дэлгүүр нь хүнсний үйлдвэрлэл явуулдаггүй зөвхөн үйлдвэрлэгчээс бүрэн боловсруулалт хийсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, шинжилгээтэй бүтээгдэхүүнийг худалдаалдаг онцлогтойгоор хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газраас ялгаатай бөгөөд бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг халаан худалдаалсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй хэмээн тайлбарлан маргаж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт МNS 6777:2019 стандартын 3.2 дахь хэсэгт хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх газрыг Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх стандартын шаардлагыг хангасан ажлын байранд, батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн хүний нөөцтэйгөөр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах хоол, ундааг үйлдвэрлэн үйлчлэх, худалдаалах, захиалгын болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг газар хэмээн тодорхойлсон байх тул С э С В Э ХХК-ийн С ая тухтай дэлгүүрүүд нь хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх газарт хамаарахгүй байна.

Харин Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт МNS 6777:2019 стандартын 3.10 дахь заалтад Түргэн хоолны газар-ыг хагас боловсруулсан бэлдцээр хязгаарлагдмал нэр төрлийн халуун хоол, ундааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг хоолны газар гэж тодорхойлсон байдаг бөгөөд тус салбар дэлгүүрийн түргэн хоолны хэсэг нь дээрх стандартаар хоолны газар мөн юм.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримт болох шалгалтаар илэрсэн нөхцөл, холбогдогчийн мэдүүлэг зэргээс үзвэл тус ая тухтай дэлгүүрүүдэд хотдог нэрийн хоолны орц болох зайдас, талх, кетчуп, гич, салат нь тус тусдаа савлагаатайгаар ирдэг бөгөөд хэрэглэгчдийн захиалгын дагуу зайдсыг зайдас шарагчид тодорхой температурт шарж, талхны завсар хавчуулан дээрээс нь кетчуп, гич, салатаар амтлан шарах шүүгээнд тодорхой хугацаанд халааж хэрэглэгчдэд өгдөг байх ба тус үйл явцаас дүгнэвэл тухайн ая тухтай дэлгүүрийн хотдог боловсруулах хэсэг нь хагас боловсруулсан бэлдцээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг түргэн хоолны газар болох нь тогтоогдож байна.

Мөн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн 1.4-д Хоолны газар нь (ресторан, кафе, баар, гуанз, түргэн болон явуулын үйлчилгээтэй, эмнэлэг, сувилал, сургууль, ясли, цэцэрлэг оюутан сурагчдын дотуур байр, цэргийн болон хорих ангийн дэргэдэх) Монгол Улсын холбогдох хууль, стандарт, энэхүү үлгэрчилсэн дүрмийг мөрдөж ажиллана. гэж тодорхойлсноор ая тухтай дэлгүүрийн түргэн хоолны үйлчилгээний хэсэг нь тухайн дүрэмд хоолны газар хэмээн тайлбарлагдах ба холбогдох хууль, стандарт, тухайн үлгэрчилсэн дүрмийг мөрдөх үүрэгтэй ажээ.

Иймд тус дүрмийн 8.3 дахь заалтад Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 4С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал МNS САС RCP 39:2011 стандартын 7.11 3 дахь заалтад Нэг ээлжинд бэлтгэсэн бүх төрлийн хоол хүнснээс (цуврал бүрээс) багадаа 150г дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжлэн 4С-ийн температурт хадгалах бөгөөд бэлтгэсэн хоол хүнсийг бүгдийг хэрэглэж дууссанаас хойш гурваас доошгүй хоног хадгална. гэж зааснаар гомдол гаргагч нь нэг ээлжинд бэлтгэсэн бүх төрлийн хоол хүнснээс багадаа 150г дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжлэн 4С-ийн температурт 48 цаг хадгалах үүрэгтэй байна.

Үүнтэй холбогдуулан, хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлэхийг шаардсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И ад холбогдуулан С э С В Э ХХК-иас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА