| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 158/2025/0020/З |
| Дугаар | 221/МА2026/0405 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0405
Ш.Нын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 158/ШШ2026/0016 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.Н
Хариуцагч: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: Ж.Г
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б, Т.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А
Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Ц, Х.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 158/2025/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 158/ШШ2026/0016 дугаар шийдвэрээр “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35, VII/37 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Нын ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийсэн хэр нь шийдлийн хувьд зарим нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.2. Маргаж буй VII/35, VII/37 дугаартай тогтоолууд нь нэгэнт хууль, дэг зөрчиж гарсан бол Ш.Нын Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргын бүрэн эрх сэргэх эсэхээс үл шалтгаалан эдгээр тогтоолууд хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Гэтэл 2025/ШЦТ/22*дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т Ш.Нын үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож харин тогтоох хэсгийн 6-д М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Үүнээс үзэхэд 2025/ШЦТ/22*дугаартай шийтгэх тогтоол бол М.М гэх хүнд холбогдох шийтгэх тогтоол болохоос Ш.Н-д холбогдох шийтгэх тогтоол биш түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар зохицуулсан.
2.3. Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан үеийн цалин хөлсийг тооцохдоо анхан шатны шүүх 2025.04.24-ний өдрөөс шийтгэх тогтоол гарсан өдөр болох 2025.12.08 хүртэл тооцсон нь үндэслэлгүй. Миний хувьд ажилд эгүүлэн тогтоон, ажлаа хүлээн авсан өдөр хүртэлх хугацаагаар цалин хөлсөө нөхөж олгуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Дээрх үндэслэлүүдээр миний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Ш.Наас “...Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаар Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тухай, мөн өдрийн VII/37 дугаар “Жаранживаагийн Г-ыг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Ш.Ныг Хөдөлмөрийн хуулийн дагуу Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг буруутай этгээдээс гаргуулан, нөхөж олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Анхан шатны шүүх “... маргаан бүхий захиргааны актууд болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35, VII/37 дугаартай тогтоолууд нь хууль зөрчсөн захиргааны актууд болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон ч дээрх нөхцөл байдлын улмаас тухайн тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх сэргэхгүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/08 дугаартай захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус VII дугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагт хуралдуулахаар товлон зарлаж, 1/ “Амар тайван Булган хөтөлбөр батлах тухай” 2/ “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 3/ “Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай”, 4/ “Б” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай” 5/ “Б” ОНӨХХК-ийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний санал” 6/ “Сум, сургуулийн түүхт ой, тэмдэглэлт өдрийн тов тогтоох тухай”, 7/ “Сүм хийдийн зөвшөөрөл олгох тухай”, 8/ “Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, 9/ Засгийн газрын хуралдаанд танилцуулах бодлогын баримт бичигт санал оруулах тухай” зэрэг хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг баталж, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/10 дугаар захирамжаар тус хуралдааныг Орхон сумын төлөөлөгч, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ч.О-р удирдуулахаар шийдвэрлэсэн байна.
5.1. Тус хуралдааны явцад Хурлын төлөөлөгч Б.Б-с иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг хэлэлцүүлж, хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт тухайн асуудлыг оруулах саналыг гаргаснаар Төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсэнээр хуралдаанаар хэлэлцэж, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/34 дүгээр тогтоолоор тооллогын комиссыг байгуулж, мөн өдрийн огноотой тооллогын комиссын 3 дугаар тогтоолоор санал хураалтад 19 төлөөлөгч оролцож санал өгснөөс “итгэл үзүүлнэ” гэж 15.8 хувь буюу 3 саналын хуудас, “итгэл эс үзүүлнэ” гэж 84.2 хувь буюу 16 саналын хуудас гаргасныг VII дугаар хуралдаанд уламжлахаар шийдвэрлэжээ.
5.2. Улмаар маргаан бүхий “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тухай” VII/35 дугаар, “Ж.Г-г Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгох тухай” VII/37 дугаар тогтоолуудыг гаргасан байна.
6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”, 51.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална”, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын 4.1-д “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна:” гээд 4.1.6-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах гэж тус тус заасан.
6.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь зохицуулалт нь хэлэлцэх асуудлыг Хурлын төлөөлөгч нарт урьдчилан мэдэгдэж, хэлэлцэх зүйл тодорхой байхыг шаардсан буюу өөрөөр хэлбэл, урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар асуудал дэвшүүлэхгүй, ийм зүйлийг хуралдаанд оруулж хэлэлцэхгүй гэсэн агуулгатай.
6.2. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн батлан гаргаж, мөрдөж байгаа Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэг-ийн 12.2-т заасан хугацаанд, холбогдох материал, гарах шийдвэрийн төслийн хамт, 14.2-т заасан өргөн мэдүүлсэн байх тусгай шаардлагыг хангаагүй саналыг Дэгийн 6.7-д заасан горимын саналтай дүйцүүлэн ээлжит бус VII хуралдаанд хүлээн авч, шууд хэлэлцэх асуудалд нэмэлтээр оруулан, нэгдүгээрт хэлэлцэж маргаан бүхий VII/35 дугаартай тогтоолыг гаргасан нь Дэгийн 3 дугаар зүйлд заасан зарчим болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.
6.3. Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:”, 41.1.3-д “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэж заасан нөхцөл байдал бүрдсэн боловч нэхэмжлэгч Ш.Наас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудтай холбогдуулан шүүхэд маргаж байх явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/22*дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон буюу маргаан бүхий VII/35 дугаар тогтоолыг гаргасан тухайн цаг хугацаанд уг шийтгэх тогтоол гараагүй байсан.
6.4. Гэхдээ энэ тохиолдолд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй ч VII/35 дугаар тогтоол нь хууль бус болох нь тогтоогдож байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар уг тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6.5. Учир нь маргаан бүхий VII/35 дугаар тогтоол гарах үед нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол гаргаагүй байсан, мөн нэхэмжлэгч шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар маргаж байгаа учраас энэ хэсгээр нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байна гэж шүүх дүгнэлээ.
6.6. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн хохирол арилгахыг шаардах эрх нь зөвхөн захиргааны хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх боломжтой байхад анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус ажиллагааг тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
6.7. Гэвч давж заалдах шатны шүүх маргаан бүхий VII/35 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийг хүртэлх хугацааны “хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тус хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
6.8. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудал нь нийт төлөөлөгчдийн олонхын саналын үндсэн дээр сонгогдох (томилогдох), чөлөөлөгдөх, огцруулах зарчмын үндсэн дээр шийдвэрлэгддэг төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч байна.
6.9. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасны дагуу нэр бүхий төлөөлөгчдөөс хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан, тухайн саналын үндэслэл, шалтгааны талаар шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөх буюу тухайн шийдвэрийн агуулгыг хянах боломжгүй, харин тухайн хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах учиртай тул энэ хүрээнд дүгнэснийг дурдах нь зүйтэй.
6.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 158/ШШ2026/0016 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Нын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/35 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн VII/37 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Ш.Наас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА