Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 162

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Улсын яллагч Э.Гантулга,  

Шүүгдэгч А.Хүнбиш, У.Лхагвадорж, тэдний өмгөөлөгч Л.Золжаргал,

Шүүгдэгч Э.Очирсум, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар А.Хүнбиш, У.Лхагвадорж, Э.Очирсум нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000174  тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эх, 2 ахын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 16-12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ВН94072311 тоот регистрийн дугаартай, Хорчин овогт Адъяадуламын Хүнбиш,

Монгол улсын иргэн, 1992 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эх, дүүгийн хамт Баянхонгор аймгийн 9 дүгээр баг 13-01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Уранцэцэгийн Лхагвадорж,

Монгол улсын иргэн, 1992 оны 05 сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдим йн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-10-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 сарын 23-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийх ялаар шийтгүүлж байсан, ВЖ92051618 тоот регистрийн дугаартай, Өөлд овогт Энэбишийн Очирсум,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч А.Хүнбиш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Лхагвадорж, Э.Очирсум нартай бүлэглэн ялтай байхдаа 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Жинчин худалдааны төв” -ийн өмнө болон Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг “Гүнж” дэлгүүрийн ойролцоо хохирогч С.Уламбаярыг “таксины мөнгө дутуу өгөх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч У.Лхагвадорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Хүнбиш, Э.Очирсум нартай бүлэглэн 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Жинчин худалдааны төв” -ийн өмнө болон Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг “Гүнж” дэлгүүрийн ойролцоо хохирогч С.Уламбаярыг “таксины мөнгө дутуу өгөх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Э.Очирсум нь 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 22-31 БНХ улсын дугаартай автомашинаар таксинд явах үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Жинчин худалдааны төв” -ийн өмнө болон Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг “Гүнж” дэлгүүрийн ойролцоо шүүгдэгч А.Хүнбиш, У.Лхагвадорж нар нь бүлэглэн хохирогч С.Уламбаярыг “таксины мөнгө дутуу өгөх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан үйлдэлд очих газарт нь хүргэж өгөх болон хохирогч зугтаахад араас нь хөөн барьж авч, зугтаах үйлдлийг нь таслан зогсоож, танхайрах гэмт хэргийг үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн зэргээр А.Хүнбиш, У.Лхагвадорж нартай хамтран оролцож бүлэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч С.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 сарын 19-ний шөнө 00 цагаас хойш 1 дүгээр сургуулийн баруун талын төв зам дээрээс такси бариад Хөх толгойд ээжийндээ очихоор явсан юм. Тэгтэл төв зам дээр ирээд гар өргөтөл цагаан өнгийн Приүс маркийн машин зогссон, би арын хаалгаар орж суутал машин дотор 4 хүн байсан бөгөөд арын суудалд нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн суусан жолоочийн баруун талын суудалд нэг эрэгтэй хүн суучихсан байсан. Тэгээд машин хөдлөөд зам өгсөөд явсан гэтэл миний хажууд сууж байсан залуу 2000 төгрөгөөр хүргэж өгнө гэсэн тэгэхээр нь би 1000 төгрөгөөр хүргээд өгчих гэж гуйсан чинь жолоочийн хажуу талд сууж байсан залуу “бид нар чиний дүү нар биш чи 1000 төгрөгийн таксиндаа суухгүй юу” гэж хэлэхээр нь за тэгвэл ах нь буучихъя гэсэн. Тэгээд Жинчин дэлгүүрийн харалдаа машин зогсоод буух гэтэл 1000 төгрөгийн таксиндаа суугаарай гэж хэлээд миний хажууд сууж байсан залуу гараараа миний нүүрлүү 1 удаа цохьсон. Тэгээд бид хоёр барилцаад авсан чинь жолоочийн хажуу талд сууж байсан залуу машинаас буугаад хойд талын хаалгаар орж ирээд намайг бариад авсан бөгөөд тэр 2 хоёр талаас чирээд машинаас гаргаад тэр хоёр нүүрлүү цохьж зодсон. Би замын хашлага дээр суугаад ахын дүү нараа та нар одоо болно ахыгаа орхичих гэж хэлсэн тэгтэл тэр хоёр “чи яасан овоо юм наадахыг чинь ийш нь гаргаад алчихъя гэж нэг нь хэлсэн тэгээд тэр хоёр намайг барьж аваад машинруугаа чирсэн. Би хайснаас зуурсан байсан тул дийлээгүй. Тэгтэл тэр 3 залуу нийлж чирээд машинд суулгаад 2 залуу нь миний хоёр талд суусан. Тэр үед эмэгтэй нь жолоочийн хажуу талд суусан байсан. Тэгээд машин хөдлөөд Баянхонгор зочид буудлын араар баруун тийш эргээд Хонгор хотхоны хажуугаар доошоо уруудаад явсан. Энэ үед би бууя гэж гуйсан чинь тийм зүйл байхгүй гээд хоёр талаас тэр хоёр толгой хамарлуу цохиод хамраас цус гарсан, хувцас хунар нил цус болсон юм. Тэгээд модны үйлдвэрийн цаад талын гэр хорооллын үзүүрлүү гараад хээр очиж зогсон тэнд буулгаад намайг тэр хоёр залуу зодсон. Энэ үед би босоод зугтаасан чинь араас жолооч залуу нэг өндөр залуутайгаа гүйцэж барьж аваад өндөр залуу нь намайг гараараа толгойруу 2-3 удаад цохиж зодсон. Тэгтэл тэнд үлдсэн байсан залуу эмэгтэйгийн хамт машинаа унаад хүрээд ирсэн. Тэгэхэд жолооч яагаад машин унаад байгаа юм гэж түүнийг загнаж байсан. Тэр хооронд би дахин босоод зугтаагаад танихгүй айлын хашаа даваад орсон. Ямар нэгэн айлд ороогүй, тэд нарыг хартал намайг хайгаад яваад байсан би тэгээд цагдаагийн газарлуу утсаар яриад мэдээлэл өгсөн. Тэгээд би эмнэлэгрүү шууд явж гэмтлийн эмч Эрчулуун эмчид үзүүлж бичиг аваад гэртээ харьсан. Гэрт эхнэр хүүхдүүд байсан. Жолооч эрүүл байсан нөгөө хоёр залуу архи уусан байдалтай согтуу байсан. Би архи уусан байсан нь үнэн, дунд зэрэг согтолттой биеэ аваад явах чадвартай байсан.. Би жолоочийг цохиж зодсон зүйл байхгүй харин цонхоор нь юм хэлсэн.

Би машинд суухдаа хөх толгойд хүргүүлнэ гэж суусан. Модны үйлдвэр хүргүүлнэ гэж суугаагүй. Жолооч Очирсум нь намайг цохиж зодоогүй боловч тухайн үед ганцаараа эрүүл, машинаа жолоодож явсан. Очирсум нь биднийг цагдаа дээр хүргэж өгөх юм уу эсхүл намайг бууя гэж хэлэхэд “Хонгор” хотхоны тэнд буулгах ёстой байсан хэдий ч тэгэлгүй цааш өөрөө машинаа барьж авч яваад намайг зодсон гэх газарт хүргэж аваачсан. Очирсум нь эхлээд Жинчингийн хажууд А.Хүнбиш, У.Лхагвадорж нар намайг зодох үед боль боль гэж хэлж байсан байх. Харин өөрөө салгах гээд нөгөө хоёрыгоо дийлэхгүй байсан үйлдэл гаргаагүй. Очирсумыг цагдаа явъя гэж хэлэхийг би сонсоогүй. Тухайн үед өмсөж явсан хувцсаа хаячихсан. Эдгээр хувцсын нэхэмжлэхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-34-38, 172-174, 232-233/

Гэрч Н.Эрчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ Би тухайн уед жижүур эмчээр ажиллаж байхад 2016 оны 05 сарын 19-ний шөнө 02 цаг 40 минутанд энэ С.Уламбаяр гэх энэ хүн манай тасагт ирээд хүнд зодуулчихлаа гэсэн үзэхэд баруун нүд хамар хавдсан уруул мөн хавдсан дотор талдаа бага зэрэг язарсан, хамар дээрээ зулгарсан шалбархайтай байсан, тархинд хүнд гэмтэл байхгүй, тархины доргилттой байсан бөгөөд бага зэргийн согтолттой байсан уушги амьсгал зүрх судасны талаас өөрчлөлтгүй, дөрвөн мөчинд саа саажилгүй байсан. Үзсэн талаараа тодорхойлолт бичиж өгөөд дахин үзүүлээрэй гэсэн чинь ирээгүй, тухайн үед эмчилгээ хийгээгүй эм авч уугаарай гэж зөвлөгөө өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-39-40, 234-235-р хуудас/

Гэрч Г.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 05 сарын 19-ний өдөр ахмадын ордонд бүжгэнд орчихоод явж байхад Онцгой байдлын тэндээс саарал өнгийн такси ирэхээр нь ороод суутал урд талд 2 эрэгтэй, хойд талын суудалд 1 эрэгтэй хүн байсан. Би тэр хүмүүсийг огт танихгүй. Тэгээд явж байгаад 1 дүгээр сургуулийн хажуу талын зам дээр нэг хүн гар өргөхөд машин зогсоод шөнө болсон тул 2000 төгрөгөөр хүргэнэ гэхэд нөгөө хүн нь 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд машинд суугаад явж байхад Жинжин дэлгүүрийн тэнд арын суудал дээр сууж явсан залуу нь сүүлд машинд суусан залуугийн толгой руу нь гараараа цохисон. Тэгээд машинд байсан хүмүүс буугаад хоорондоо зодоо хийгээд байсан би хэн нь хэнийгээ цохиж байгааг хараагүй. Би машинаас буугаад урд талын суудалд нь суусан. Тэр хүмүүс цагдаа орох уу, яах уу гэж байгаад аймгийн төв клонк Гүнж дэлгүүрийн тэнд нарийн гудмаар гараад цагаан худгийн хажууд зогсоод зодолдоод байсан. Гадаа харанхуй байсан машин байсан хүмүүс бүгдээрээ гараад зодолдоод байсан. Тэгээд би машинаас буугаад гэртээ алхаж очсон.." гэх мэдүүлэг /хх-ийн 175-177-р хуудас/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 259 дугаартай: “С.Уламбаярын биед тархины доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, урууланд шарх гэмтлүүд үүссэн байна. Үүссэн гэмтэл нь тухайн хүч үйлчлэх үед үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-51-52-р хуудас/

Шүүгдэгч Э.Очирсумын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 05 сарын 19-ний орой 22 цагийн үед А.Хүнбиш, У.Лхагвадорж нар миний утас руу залгаад хаана байна гэхээр нь таксинд явж байна гэхэд хамт явъя гэхээр нь ахмадын ордны ар талын замаас тэр 2-ыг очиж аваад таксинд явж байгаад Онцгой байдлын газрын тэндээс А.Хүнбиш таньдаг гээд нэг эмэггэйг машинд суулгаад арын суудалд У.Лхагвадорж, нөгөө эмэгтэй 2 суугаад явж байтал Гоёл дэлгүүрийн орчмоос нэг залуу гар өргөхөөр нь зогсож тэр ахын суулгаад явсан. Тэр суусан ах 1000 төгрөгөөр 10 мянгат хүргээд өг гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлсэн, тэгтэл Лхагвадорж нь 12 цаг өнгөрсөн байна 12 цагаас хойш хүргүүлэхэд 2000 төгрөг байдаг юм гэхэд тэр ах 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд ширүүн дуугарсан би чимээгүй явж байхад Лхагвадорж тэр 2 машин дотор маргалдаад хоорондоо зодоо хийхээр би Жинчин дэлгүүрийн харалдаа машинаа зогсоосон. Тэгээд тэр ах буугаад Лхагвадоржийг өшиглөсөн чинь хөл нь хүрээгүй. Тэгээд намайг машинаа хөдөлгөөд явахад тэр ах жолооч талын хаалгаар намайг заамдаж аваад машинаа зогсоо гэхэд нь зогсоход гараараа миний толгойруу хоёр удаа цохисон. Тэгэхэд машинаас А.Хүнбиш буугаад Лхагвадорж, Хүнбиш 2 тэр ахтай зодолдоод байхаар нь би машинаас бууж салгаад цагдаа явъя гэхэд тэр 3 машинд суусан. Би Уламбаярт нэг ч удаа гар хүрээгүй, харин тэд нарыг салгаж болиулах гэж оролдож байсан. Тэд нар зодоо хийгээд байхаар нь би цагдаа дээр очъё гээд Уламбаяр тэд нарыг машиндаа суулгаад цагдаагийн газар луу театерын урдуур эргэх гэхэд араас тэр 3 модны үйлдвэр очъё гэхээр нь зах руу явдаг замаар явж байхад 3-р сургуулийн хажууд цагдаагийн машин байхаар нь очих уу гэхэд шууд яв гэхээр нь Гүнж дэлгүүрийн орчим байдаг нарийн гудамжны тэнд очиж зогссон. С.Уламбаяр модны үйлдвэр хүргээд өг гэж хэлсэн. Бид нар Уламбаярыг алчихъя гээд явсан зүйл байхгүй. Бид нар явж байгаад Гүнж дэлгүүрийн цаад талын нарийн гудамж гараад зогссон. Тэгээд машинаас буугаад Лхагвадорж Уламбаяр 2 зодоо хийж байгаад Уламбаяр нь цаашаа гүйхээр нь би очоод та буруу яваад байна гэж хэлсэн... Тээврийн товчоо очиж зогссон асуудал байхгүй. Лхагвадорж, Хүнбиш нар зарим зүйлийг худлаа яриад байна. Уламбаяр яваад өгсөн тэгээд бид нар машинтай хөдлөөд эрчим хүчний хойд зам дээр явж байтал цагдаад баригдсан юм. Модны үйлдвэрийн гэр хорооллын цаад талд хээр очсон зүйл байхгүй. Би болсон явдлыг үнэн зөвөөр ярьж байна. Машинд хамт явсан эмэгтэйг би огт танихгүй..” гэх мэдүүлэг. /хх-82-85, 88, 179-181, 237-238-р хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

Би 2016 оны 5 дугаар сарын 19-ний орой таксинд явж байсан юм. А.Хүнбиш, У.Лхагвадорж хоёр надруу утсаар яриад хүрээд ир хамт явъя гэсэн. Би Э.Очирсум, У.Лхагва-Очир хоёрыг машиндаа суулгаж, төв зам дахь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн урдуур уруудаад явж байхад А.Хүнбиш манай эмэгтэй найз явж байна суулгачихъя гэсэн. Машинаа зогсоогоод суулгах гэхэд цагдаагийн машин ирж бичиг баримт шалгасан. Бичиг баримтаа шалгуулчихаад А.Хүнбишийн эмэгтэй найзыг суулгаад бид нар хөдөлсөн. Гоёл дэлгүүрийн хажуугаас нэг хүн гараа өргөөд байхаар нь очиход арван мянгат хүргүүлэх гэсэн юм 1000 төгрөгөөр хүргээд өгөөч гэхээр нь тэгээ, тэг ахаа гээд суулгасан. Суулгаад явж байтал У.Лхагвадорж 24 цагаас хойш 2000 төгрөгөөр хүргэнэ гээд маргалдаад, бие биенийгээ цохиод зодолдоод байхаар нь би зогссон.  Зогсоход С.Уламбаяр гуай У.Лхагвадоржийн толгой руу нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. С.Уламбаяр гуай машинаас буугаад У.Лхагвадоржийг өшиглөсөн чинь  хөл нь хүрээгүй. Би машинаа урагш нь хөдөлгөхөд машинаа зогсоо гээд цонхоор намайг заамдаж аваад толгойруу 2-3 удаа цохисон. Би буух гэтэл хаалга дарчихаад буулгахгүй байсан. А.Хүнбиш машины урд талын суудлаас буусан, араас У.Лхагва-Очир бууж С.Уламбаяр гуайтай зодоон хийсэн. Би буугаад больцгоо та нар ингэж болохгүй цагдаа дээр очъё гээд цагдаа руу явсан. Тэгье тэгье гээд А.Хүнбишийн найз хүүхэн нь өмнө сууж, А.Хүнбиш, У.Лхагва-Очир,  С.Уламбаяр 3 ард суусан. Баянхонгор зочид буудлын хажуугаар дохио өгөөд эргэх гэхэд цагдаа руу очоод яах юм чигээрээ явчих гэсэн. Тэгэхээр нь Хонгор хотхоны хажуугаар гараад Диназовартай паркаар эргээд Эрдэнэмандал ахлах сургуулийн урд талын засмал замаар уруудаад явж байхад замын цагдаа машин шалгаад зогсож байсан. Би цагдаа байна зогсох уу гэхэд араас нэг нь яах юм Модны үйлдвэр рүү яв гэсэн. Явж байгаад 9 дүгээр багийн Гүнж дэлгүүрийн тэнд зогс гэсэн. Зогстол С.Уламбаяр, У.Лхагвадорж хоёр буугаад зодоон хийж эхэлсэн. Тэгж байгаад С.Уламбаяр гуай хөдөө эзгүй газар чиглээд гүйчихээр нь та буруу газар руу явчихлаа ахаа гээд барьж авсан чинь У.Лхагвадоржтой дахиад зодоон хийсэн би дахиж салгахад С.Уламбаяр гуай босоод төв рүү гүйсэн. Хаашаа явчихсан бэ гэхэд У.Лхагвадорж гудам уруудаад гүйчихлээ гэсэн. Бид нар машиндаа суугаад явж байтал хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж, хүмүүсээ буулгалгүй цагдаа дээр яваад оч гэсэн. Цагдаа дээр очиход намайг драйгераар үлээлгэчихээд, бичиг баримтаа аваад яв, хамт яваа хоёр хүн чинь согтуу байна эрүүлжүүлнэ гэж хэлсэн. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Хүнбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 сарын 19- ний өдөр У.Лхагвадорж, Э.Очирсум бид 3 таксинд явж байгаад Холбоо урд талаас миний таньдаг охин Алтанцэцэгийг машин суулгаад төв замаар уруудаж яваад захын наад талын тойргоор эргээд төв замаар өгсөж явахад Гоёл дэлгүүрийн орчмоос С.Уламбаяр нь гар өргөж суусан юм. Машины урд талын суудал дээр жолоочийн хажууд суучихсан явж байсан, Очирсум жолоо барьж явсан. Уламбаяр машинд суугаад явж байгаад 500 төгрөгөөр хүргээд өг гэхэд нь Лхагвадорж нь 00 цаг өнгөрсөн байна 2000 төгрөгөөр хүргэж өгдөг юм гэхэд Уламбаяр нь 500 төгрөгөөр хүргээд өг гээд Лхагвадоржийг цохиод авсан... Машинаас буугаад Лхагвадорж Уламбаяр 2-ыг барилцаж авсан байхад би очоод Уламбаярын нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэр үед Очирсум нь больцгоо гэхэд нь бид нар машинд суугаад Модны үйлдвэрийн цаад талын гэр хорооллын гудамжны үзүүрт очиж зогсоход тэнд Уламбаяр, Лхагвадорж 2 буугаад Лхагвадорж нь Уламбаярыг хэд хэдэн удаа цохиод авахад Уламбаяр зугтаагаад явсан. Жолооч Очирм сум Уламбаярын араас гүйгээд бариад авахад араас нь Лхагвадорж очсон. Би араас нь Очирсумын машиныг нь унаад очсон. Тэр үед Алтанцэцэг машин дотор сууж байсан...

Тухайн өдөр Очирсум нь архи уугаагүй. Лхагвадорж бид 2 архи уусан байсан боловч болж байгаа үйл явдлыг мэдэхээр ухаантай байсан. Жинчин дэлгүүрийн гадаа би Уламбаярыг Лхагвадоржтой хамт 2 удаа өшиглөсөн бөгөөд Уламбаяр нь машинд өөрөө суусан. Очирсум нь цагдаа орох уу гэхэд нь Модны үйлдвэр лүү явчих гэж би хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-91-98, 183-184-р хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 5 дугаар сарын 19-ний орой У.Лхагвадорж бид хоёр 2, 3 пиво уучихаад орой 20 цагийн үед Э.Очирсум руу ярьсан. Төвд таксинд явж байна гэхээр нь хамт явъя гээд Ахмадын ордны ард талын дэлгүүр дээр дуудсан. Төв замаар явж байхад миний таньдаг Алтанцэцэг гэдэг бүсгүй явж байсан, суулгаад Эрчим хүчний ойролцоох гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан чинь Гоёл дэлгүүрийн хажууд нэг хүн гараа өргөөд зогсож байсан. Бид хэд очиж машиндаа суулгаад хөдлөхөд У.Лхагвадоржтой 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд том том дугараад маргалдаад байсан. Эргээд харахад У.Лхагвадорж доошоо тонгойчихсон С.Уламбаяр цохиод байсан. Машин зогсоход хоёулаа буугаад зодолдсон. Тэгээд С.Уламбаяр Э.Очирсумыг машинаа зогсоо гээд цонхоор нь гараа оруулж ирээд хоёр удаа цохиод авахаар нь би буугаад С.Уламбаярыг 2 цохисон нь үнэн. Тухайн үед Э.Очирсум цагдаа оръё гэж явж байгаад болиод С.Уламбаяр Хонгор хотхоны хажууд бууя гэж байсан. Модны үйлдвэрт миний багын найз Ерөөлтийнх байдаг юм, хот явах гэж байгаа гэхээр нь ерөөсөө тэднийд очъё ингээд яваад байвал зодоон цохион болж цагдаад хүргэгдэх юм байна гэж бодсон. Ерөөлтийнх рүү явж байхад Гүнж дэлгүүрийн ойролцоо С.Уламбаяр, У.Лхагвадорж хоёр зогсчих гээд тэнд зогсоод зодолдсон. С.Уламбаяр нэг газар руу гүйсэн чинь Э.Очирсум буруу явчихлаа гээд араас нь гүйж барьж авсан. Тэгээд бид нар тэндээс хөдөлсөн. Явж байхад цагдаагийн машин зогсоосон. Түр саатуулах байранд У.Лхагвадорж, бид хоёрыг байлгаж байгаад шууд байцаасан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч У.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад Хүнбиш надруу залгаад Очирсум бид гурав таксинд явъя гээд аймгийн төвөөр таксинд явсан. Тэгтэл Холбооны урд талаас Хүнбиш таньдаг гээд нэг танихгүй эмэгтэйг авсан. Машиныг Очирсум жолоодож явсан. Би арын суудалд тэр хүүхэнтэй суусан байсан. Тэгээд төв зам өгсөөд ХААН банкны харалдаа зам дээр хар куртиктэй өндөр хүн гар өргөхөөр нь түүнийг авсан. Тэр ах согтуу байсан ба орж ирээд 1000 төгрөгөөр Хөх толгой хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 00 цаг өнгөрсөн байна ахаа 2000 төгрөгөөр хүргэдэг юм гэж хэлсэн. 1000 төгрөг барьчхаад 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд байхаар нь өөр таксинд суучих гэж хэлээд тэр ахтай би маргасан. Би тэр ахыг буучих гээд мөрөн дээрээс нь нэг удаа татсан чинь тэр ах намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нүүрлүү нь 2 удаа цохисон тэгтэл тэр ах машинаас буусан энэ үед машин хөдлөх гэтэл жолоочийн цонх онгорхой байсан чинь цонхоор жолоочийг гараараа 2 удаа цохисон юм. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр ахыг барьж аваад нүүрлүү нь 2 удаа цохьсон тэгтэл Хүнбиш машинаас бууж ирээд тэр ахыг барьж аваад 2-3 удаа гараараа цохьсон юм. Тэгтэл тэр ах Модны үйлдвэр хүргээд өгчих айлд очно гэж хэлээгүй. Тэгээд бид нар машиндаа суугаад Тээврийн товчоо өнгөрөөд зогссон. Тэнд тэр ах буугаад наашаа гүйсэн араас нь жолооч бид хоёр гүйгээд түүнийг барьж аваад би 2 удаа цохисон, жолооч цохиогүй араас Хүнбиш ирээд түүнийг барьж авч хоёр удаа цохьсон. Тэгээд жолооч Очирсум салгасан чинь тэр ах зугтаагаад явсан. Энэ үед тэр эмэгтэй машинд байсан. Хүнбиш бид 2 тэр ахыг зодсон нь үнэн. Хамар амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-100-107, 186-р хуудас/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-22/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол. /хх-ийн 23/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-32/

-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тодорхойлолт /хх-ийн 70-71/

-шүүгдэгч Э.Очирсумын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 117-118/

-Баацагаан сумын 2-р багийн Засаг даргын Э.Очирсумын тодорхойлолт /хх-ийн 119/

-шүүгдэгч Э.Очирсумын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-121/

-шүүгдэгч Э.Очирсумын жолоочийн үнэмлэх, 2231 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн  121-122/

- Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын А.Хүнбишийн тодорхойлолт /хх-ийн 127/

-шүүгдэгч А.Хүнбишийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 128/

- шүүгдэгч А.Хүнбишийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-130/

- Баянхонгор сумын 9-р багийн Засаг даргын У.Лхагвадоржийн тодорхойлолт /хх-ийн 139/

-шүүгдэгч У.Лхагвадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 140/

-шүүгдэгч У.Лхагвадоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141-142/

-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 169-171/

-хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 228-231/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч У.Лхагвадоржийн эмчлүүлэгчийн картны хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Э.Очирсум нь эрүүл үедээ, шүүгдэгч А.Хүнбиш, У.Лхагвадорж нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр Жинчин худалдааны төвийн урд талд,  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэн хохирогч С.Уламбаярын биемахбодид тархины доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, урууланд шарх болох хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хувийн сэдэлтээр буюу хувийн таарамжгүй харьцаанаас үүсэх ба гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нар нь бие биеэ таньдаггүй, тухайн үед тэдгээрийн хоорондын ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй, шүүгдэгч нар нь шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг зодож гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Хүнбиш, У.Лхагвадорж, Э.Очирсум нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч У.Лхагвадорж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Э.Очирсум нь өмнө ял шийтгүүлж байсан хэдий боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан байх учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой.

Шүүгдэгч А.Хүнбиш нь урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-т “Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно:”, 78 дугаар зүйлийн 78.2.2-т “хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заасан ба шүүгдэгч А.Хүнбиш нь 2016 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч У.Лхагвадорж, Э.Очирсум нарыг анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч У.Лхагвадоржийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 хоног, шүүгдэгч А.Хүнбишийн цагдан хоригдсон 15 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шүүх шүүгдэгч У.Лхагвадорж, Э.Очирсум нарт оногдуулсан хорих ялыг тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч тус бүрийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын байдал, хохирогч С.Уламбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан биечлэн эдлүүлэхгүй, тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч С.Уламбаярын толгойн хоёр ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээв.

Уг хэрэгт шүүгдэгч Э.Очирсумын эзэмшлийн 2231БНХ улсын дугаартай автомашин, шүүгдэгч У.Лхагвадоржийн 5 ханатай гэр, шүүгдэгч А.Хүнбишийн 4 ханатай гэр зэргийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгов.   

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                         

                                                                                                           ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хорчин овогт Адъяадуламын Хүнбиш, Тайж овогт Уранцэцэгийн Лхагвадорж, Өөлд овогт Энэбишийн Очирсум нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Очирсумыг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хүнбишийг хоёр жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лхагвадоржийг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хүнбишд оногдуулсан хоёр жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч У.Лхагвадорж, Э.Очирсум нарт оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лхагвадоржийн цагдан хоригдсон хорин хоёр хоногийг, шүүгдэгч А.Хүнбишийн цагдан хоригдсон арван тав хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лхагвадорж, Э.Очирсум нарт оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан У.Лхагвадорж, Э.Очирсум нарт хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан У.Лхагвадорж, Э.Очирсум нарт сануулсугай.

7. Шүүгдэгч А.Хүнбиш, У.Лхагвадорж, Э.Очирсум нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Уламбаяр нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Э.Очирсум нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч С.Уламбаярын толгойн хоёр ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Очирсумын эзэмшлийн 2231БНХ улсын дугаартай автомашин, шүүгдэгч У.Лхагвадоржийн 5 ханатай гэр, шүүгдэгч А.Хүнбишийн 4 ханатай гэр зэргийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Лхагвадорж, Э.Очирсум нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Хүнбишид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэж, шүүгдэгч А.Хүнбишийн эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лхагвадоржийг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ