| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00581/И |
| Дугаар | 00535 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00535
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00535 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-30 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 38 айлын орон сууцны .. тоотод оршин суух, Боржигон овогт Батсүхийн Ц... /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Хан орд 12 айлын орон сууцны .. тоотод оршин суух, Буурлууд овогт Цэвээний Б... /.../-д холбогдох,
гэм хорын хохирол 168,200 /нэг зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00581/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, иргэдийн төлөөлөгч Д.Алтанхуяг, нэхэмжлэгч Б.Ц..., хариуцагч Ц.Б... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Ц.Бархишиг нь Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Лаборатори 1 дүгээр сургуулийн хажууд байсан миний эзэмшлийн Приус маркийн автомашиныг мөргөсөн байсан. Ц.Б... нь засварын газар ажиллуулдаг байсан учраас миний машиныг хонуулж янзалж өгнө гэхээр нь явсан. Гэтэл Ц.Б... нь Ховд аймгийн Булган суманд явж байна гэж хэлээд хохирлоо барагдуулахгүй байсан. Хариуцагчийн араас байнга хохирлоо нэхэж залгах нь төвөгтэй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан.... Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу Вендо үнэлгээний газраар автомашинд учирсан гэмтлийг үнэлүүлэхэд гарсан хохирол 150,200 төгрөг, Вендо үнэлгээний газрын үнэлгээний хөлс 18,000 төгрөг, нийт 168,000 төгрөг нэхэмжилж байгаа....Миний автомашины арын гуперний баруун хэсэгт зурагдсан. Мөн арын гуперний 2 тал ангайсан. Гуперний ар тал зурагдаад арзайсан байдалтай болсон....Хариуцагч утсаа авахгүй байсан учраас манай нөхөр өөрөө өнгөлгөө хийсэн боловч сайн арилаагүй. Засуулаагүй байгаа. Арын гуперний ангайсан хэсгийг скочоор тогтоосон байгаа.
...2020 оны 3 дугаар сарын 20-дын үед байх одоо өдрийн мартсан байна Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах Лобартори нэгдүгээр сургуулийн зогсоолд байсан миний автомашиныг Ц.Б... зогсоолоос гарах гэж байхдаа мөргөсөн....Вендо үнэлгээний газар оруулж үнэлүүлээд, өргөдлөө бичээд аваад ир гэж хэлсэн. Тухайн асуудал цагдаагийн байгууллагад 2 сар гаруй болсон. Мөн цагдаагийн байгууллагаас хариуцагчийг утсаа авахгүй байна гэж хэлсэн. Дараа утас нь холбогдоод ярихад 100,000 төгрөг өгнө, өөрөөр тохиролцохгүй гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд иргэний шүүхэд ханд гэж хэлсэн....Осол болох үед 06-08 УБМ улсын дугаартай байж байгаад шилжүүлгээ хийлгээд одоо 86-54 ХОҮ улсын дугаартай болсон байгаа....гэв.
Хариуцагч Ц.Б... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 11 цагийн орчимд Б.Ц...гийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн ар талын гуперийг мөргөсөн. Гэтэл тээврийн хэрэгсэлд нь хагарсан болон ямар нэгэн гэмтэл гараагүй. Автомашины даатгалыг дуудах талаар хэлэхэд Б.Ц... нөхрөө дуудаад ирсэн. Миний зүгээс хохирлыг ямар байдлаар барагдуулах талаар асуухад 100,000 төгрөгийн санал гаргасан боловч тохиролцоогүй. Би өөрөө найзынхаа засварын газар туслаад ажиллаж байсан учраас автомашиныг нь янзлаад өгөхөөр тохиролцсон. Тухайн өдрөө буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш нь Б.Ц...тэй уулзаад автомашиныг нь будаг хийх учраас хонуулаад гарах талаар хэлсэн. Дахиад 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б.Ц...гийн нөхөртэй уулзахад автомашинаа янзлуулахаа болилоо, 2020 оны 4 дүгээр сарын эхээр Улаанбаатар явахаар боллоо, надад 120,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би ямар байдлаар 120,000 төгрөгийн хохирол гарсан талаар асуухад Хас банкны хажуу талд байдаг газраас асуухад 120,000 төгрөг болдог гэж хэлсэн.
Тухайн автомашин мөргүүлсэн буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр засварын газрын хүн 80,000 төгрөгөөр янзална гэж хэлж байсан. Б.Ц...гийн нөхөрт би 100,000 төгрөг өгөх талаар хэлэхэд зөвшөөрөөд 2020 оны 4 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу явах учраас мөнгөө авчихмаар байна гэхээр нь одоохондоо боломжгүй байна. 2020 оны 4 дүгээр сарын эхээр буюу Улаанбаатар хот руу явахаас нь өмнө өгөхөөр болсон. Эдгээр хүмүүс над руу байнга залгасан гэж хэлээд байгаа боловч 2 удаа л залгасан боловч утсаа авч чадаагүй нь үнэн. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу 5 дахь өдөр Б.Ц... над руу залгаад машин мөргөчихлөө нөгөө мөнгөө авмаар байна гэж хэлээд залгахаар нь өнөөдөр 5 дахь өдөр болчихсон байгаа учраас 1 дэх өдөр банкнаас мөнгө аваад өгье гэж хэлээд утсаар тохиролцсон. Би 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мөнгөө бэлдчихээд Б.Ц...гийн нөхөр рүү өөрөө залгаад мөнгөө өгөөд иргэнийхээ үнэмлэх авмаар байна гэж хэлэхэд тохиролцохгүй гэдэг асуудлыг хэлсэн. Гэтэл дараа нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тухайн үед цагдаа, даатгалаа дууд гэж хэлэхэд тохиролцохоор болоод салцгаасан. Хохирол гаргасан компанийг ямар байдлаар үнэлгээ гаргасныг мэдэхгүй байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
....Гуперт хагарсан, эмхэрсэн, гэмтсэн зүйл байхгүй. Түгжээ нь мултарсан байсан учраас чихээд явуулсан. Миний автомашины гуперийн будаг нэхэмжлэгчийн автомашины гуперт наалдаад зураас болсон байсан....2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах Лабортори нэгдүгээр сургуулийн гаднах зогсоолоос би автомашинтайгаа хөдлөх гэж байгаад нэхэмжлэгчийн автомашиныг шүргэсэн. Тухайн үед миний автомашины будаг нэхэмжлэгчийн автомашины арын гуперт наалдаад зураас болчихсон байсан юм....Миний автомашин нь Верна аксент маркийн 54-53 ХОҮ улсын дугаартай автомашин....Над руу цагдаагийн байгууллагаас нэг л удаа ярьсан. Би гомдлын талаар тайлбарлаж хэлсэн. Миний зүгээс 100,000 төгрөг өгөх боломжтой гэдгээ хэлсэн....гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт байгаа нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц... нь Ц.Б...т холбогдуулан гэм хорын хохирол 168,200 /нэг зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц... нь ...Миний автомашины арын гуперний баруун хэсэгт зурагдсан. Мөн арын гуперний 2 тал ангайсан. Гуперний ар тал зурагдаад арзайсан байдалтай болсон....ВЕНДО үнэлгээний газраар автомашинд учирсан гэмтлийг үнэлүүлэхэд гарсан хохирол 150,200 төгрөг, ВЕНДО үнэлгээний газрын үнэлгээний хөлс 18,000 төгрөг, нийт 168,000 төгрөг нэхэмжилж байгаа.... гэж, хариуцагч Ц.Б... нь ....Гуперт хагарсан, эмхэрсэн, гэмтсэн зүйл байхгүй. Түгжээ нь мултарсан байсан учраас чихээд явуулсан. Миний автомашины гуперийн будаг нэхэмжлэгчийн автомашины гуперт наалдаад зураас болсон байсан....Нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.... гэж тус тус мэтгэлцлээ.
2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутагт байрлах Лабортори нэгдүгээр сургуулийн гаднах автомашины зогсоолд хариуцагч Ц.Б... нь Верна аксент маркийн 54-53 ХОҮ улсын дугаартай автомашиныг жолоодож хөдөлгөөнийг эхлэх үедээ нэхэмжлэгч Б.Ц...гийн эзэмшлийн Приус-20 маркийн, 06-08 УБМ улсын дугаартай одоогийн 86-54 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шүргэж арын гуперний баруун хэсэгт зурагдсан, арын гуперний 2 тал ангайсан зэргийг гэмтээж, нэхэмжлэгч Б.Ц...д эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талууд зам тээврийн осол гарсан талаар маргаагүй болно.
Мөн осол бол үед нэхэмжлэгч нь 06-08 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан байх бөгөөд ослын дараа нэхэмжлэгч нь автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэг хийлгэсэн гэж тайлбарлав.
Хариуцагч нь автомашины эзэмшлийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Ц... нь өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлыг хариуцагч Ц.Б...ээс шаардах эрхтэй байна.
Б.Ц... нь өөрийн автомашинд учирсан хохирлоо ВЕНДО ХХК-ийн гаргасан автомашин техникийн үнэлгээний тайланд тусгагдсан үнийн дүнгээр нэхэмжилж байх бөгөөд тэрээр өөрийн автомашинд учирсан гэмтлийг засуулаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Б.Ц... нь ВЕНДО ХХК-д үнэлгээний хөлс 18,000 төгрөг төлсөн болох нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 30360 дугаартай ВЕНДО ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх-ийн 4 дүгээр тал/ тогтоогдож байх тул хариуцагчаас 18,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь автомашинаа засуулсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Б...ээс 100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б...ээс 100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц...д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Б...ээс 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,200 /жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,696 /таван мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б...ээс улсын тэмдэгтийн хураамж 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц...д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ