| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00578/И |
| Дугаар | 00537 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00537
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00537 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Жимобайл ХХК /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ...тоотод оршин суух, Хадныхан овогт Сэр-Одын М... /.../-т холбогдох,
үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 40,350 төгрөг, алданги 20,200 төгрөг, нийт 60,550 /жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00578/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М... нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай компанитай 3122773 тоот “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98010710 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2019 оны 8, 9 дүгээр сарын ярианы төлбөр 40,350 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу 181+ хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20,200 төгрөг нийт 60,550 төгрөгийн төлбөрийг С.М...ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жимобайл ХХК-ний нэхэмжлэлтэй иргэн Сэр-Од овогтой М...д холбогдох иргэний хэрэгт С.М... нь нэхэмжлэгчийн шаардлага болох 60,550 төгрөгөөс үндсэн төлбөр 40,350 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал алданги 20,200 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь С.М... холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 40,350 төгрөг, алданги 20,200 төгрөг, нийт 60,550 /жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь хариуцагч С.М... нь нэхэмжлэлийн шаардлагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 40,350 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярсайхан нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/4795 дугаартай албан бичгээр Г.Сундуйжавт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжавт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 2 дугаар тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.М...д холбогдох, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 40,350 төгрөг, алданги 20,200 төгрөг, нийт 60,550 /жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь хариуцагч С.М... нь нэхэмжлэлийн шаардлагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 40,350 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ